Б.Жавхлан: Ирэх онд экспорт 2.4 тэрбум доллароор, импорт 1.2 тэрбум доллароор нэмэгдэнэ

2022-09-28 Засгийн газар


Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2023 оны улсын төсвийн төслийг хэлэлцжээ. Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр “Маргааш 2023 оны төсвийн төслөө хуулийн хугацаанд багтаан УИХ-д өргөн барих шийдвэр гарлаа. Бид нэг жилийн өмнө 2022 оны төсөв ярьж байхдаа 2022 онд эдийн засаг өснө гэж их өөдрөгөөр төсөөлж байсан бол дайны нөхцөл байдлаас шалтгаалж дэлхийн олон улс эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулсан. Бид урд хөршийн эдийн засгийг маш сайн ажиглах ёстой. Гэвч БНХАУ-ын эдийн засаг төсөөлж байснаасаа удаашралтай байхаар өөрчлөгджээ. Эдийн засгийн хүнд нөхцөл байдал, тодорхойгүй олон зүйл ирэх онд үргэлжлэхээр байна. Манай улстай ижил төстэй хөгжиж буй орнууд дараах макро бодлогыг жигд барьж байгаа. Мөнгөний бодлого хатуурч байна. Валютын ханш бол хоёр, гурав дахь асуудал. Улс орнууд эдийн засгийн аюулгүй байдлын гол суурь болдог валютын нөөцөө хамгаалах бодлого барьж байна. Үүнтэй уялдуулж төсвийн хумих бодлого барина. Улс бүр үрэлгэн зардлаа танах, хөрөнгө оруулалтаа зогсоох арга хэмжээ авч байна. Эдийн засгийн өсөлтийг царцаавал дараагийн өсөлтийг авч ирэх өртөг өндөр болдог. ГШХӨ, болон мега төслүүдийг царцаж болохгүй. Бүх бололцоогоороо дэмжиж ажиллана. Бидний хамгийн эмзэг асуудал бол төлбөрийн тэнцлийн богино хугацааны шокноос улбаатай Монгол Улсын валютын нөөцийн хомсдол. Үүнийг богино хугацаанд засах бодлого барина. Хэрэв бид богино хугацаанд төлбөрийн тэнцэлээ сайжруулах арга хэмжээ авахгүй бол ирэх жил энэ шок улам гүнзгийрч маш хүнд байдал үүснэ. Тиймээс өргөн барих төсөвт том тохиргоо, засвар хийсэн.

Төрийн хэмнэлтийн хууль тавдугаар сард батлагдсан. Энэ хуулийн хүрээнд төсвөө батлуулж, төсвийн хүрээнд гүйцэтгэлээ хийх анхны бүтэн жил нь 2023 он. Хууль батлагдсанаас хойш энэ жилийн батлагдсан төсвөөс даруй 198 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдсэн. 2023 оны өргөн барьж байгаа төсвөөс нэг их наяд төгрөгийн төрийн хэмнэлт хийх боломжтой. Бид эдийн засгийн өсөлтөө хангах, баялаг бүтээгчид, бодит эдийн засгаа дэмжих татвар, төсвийн бодлого хэрэгжүүлнэ.

ХАА-н чиглэлийн боловсруулах үйлдвэрүүд дээр 2027 он хүртэл гаалийн татвараас бүрэн чөлөөлөх зохицуулалт нэмж оруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдлээ.

Нээлттэй компани болох, хөрөнгийн зах зээл дээр IPO гаргасан компаниудад хувьцааны ноогдол ашгийн татварыг таван хувь болгон бууруулж байна. Ийм санал өмнө нь гарч байсан. Уул уурхайн салбараас бусад салбарт энэ зохицуулалт үйлчилнэ.

Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжиж 10, 20 хувь байдаг татварыг тэглэнэ.
IT компаниудын гадаад руу шилжүүлж байгаа гүйлгээний суутгал 20 хувь байдгийг таван хувь болгоно. Энэ нь урд хөршид үйлчилдэг маш сайн татвар. Цахим зах зээлийн хөгжилд гаднын томоохон технологуудыг нутагшуулахад том дэмжлэг болно.

Гарааны компаниудыг эхний гурван жилд татвараас чөлөөлдөг байсан бол таван жил болгохоор тусгасан.
Орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татвар тогтооно. Шаталсан татварын 2018 онд өргөн бариад дэмжигдээгүй. Тэр үед хамрах хүрээ нь нэлээдгүй том байсан. Босго орлого нь 1.5 сая, гурван сая, таван сая гэсэн шатлалтай байсан. Харин одоо босго орлогыг илүү өндөр тавиад, хамрах хүрээг бага болгосон. 817 мянган ХХОАТ төлөгчдийн 0.1 хувь нь үүнд хамрагдана. 0-10 сая төгрөгийн орлоготой бол дээр 10 хувь хэвээрээ, 10-15 сая төгрөгийн орлогод 10 сая давсан хэсэг дээр 15 хувийн татвар ногдуулна. Сарын орлого нь 12 сая бол 10 сая дээр нь 10 хувийн татвар, хоёр саяд нь 15 хувийн татвар ногдуулна. Дэлхийн улс орнууд жигд ийм арга хэмжээ авч байна. Өндөр орлоготой хэсэг нь эдийн засгийн хүнд нөхцөлд ачаалал авах, бага орлоготой, инфляцад илүү нэрвэгдэж байгаа хэсэгт тусламж дэмжлэгтэй явах зарчим барьж байна.
200 мянган төрийн албан хаагч байна. Эдгээрийн цалингийн системд сүүлийн 20 орчим жиил өөрчлөлт ороогүй. Энэ систем нэлээд хуучирсан. Одоо бид 165 ялгаатай цалингийн системтэй. Үүнийг бид 20 болгож байна. Төрийн албан хаагчдын суурь цалинг тодорхой болгоно. Төвлөрийг сааруулах зорилгоор орон нутагт төрийн албан хаагч нарын цалинг 20 хувь нэмэгдүүлнэ. Цаашдаа нэмэгдүүлэх боломжийг орон нутагт өгч байгаа юм.

Уул уурхайн компаниудаас орон нутгийн ард иргэд хандив тусламж далд явж ирсэн. үүнийг ил болгоно, иргэдийн оролцоог дэмжинэ. Уул уурхайн компаниуд 2020 онд 75.5 тэрбум төгрөгийг зүргаахан аймагт өгсөн байна. Одоо үүнийг хуульчилж хандивыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлнэ. Үүнийг ИТХ удирддаг.
МСҮТ төгсөгчдөд сар бүр олгодог тэтгэмжийг цуглуулж байгаад төгсөхөд нь олгоно.

Эрчим хүний салбарын тарифт өөрчлөлт орно. Өрхийн хэрэглэгчийн түвшинд тариф өөрчлөгдөхгүй ч ААН, томоохон хэрэглэгчийн тариф өөрчлөгдөнө.

Энэ жил маш том хэмнэлт хийнэ. Шинэ хөрөнгө оруулалт хийхгүй тэсэж байгаад ихэнх ажлаа дуусгана. Шилжих хөрөнгө оруулалтаа 2.5 их наядаар тавьсан. Орон нутаг, төрийн өмчийн үйлдвэрийн газарт ч мөн адил хөрөнгө оруулалт байхгүй.

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд нь олгохоор төсөвлөсөн. Цар тахалтай байх хугацаанд хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн орлогыг дэмжсэн. Үүнийг огцом бууруулах боломжгүй. Өндөр орлоготой хэсэг хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар дунд, бага орлоготой хэсэгт хүүхдийн мөнгө тасалдахгүй байх боломжийг баталгаажуулах юм. 100 мянгаар хэвээр хадгална. 3.7 саяас дээш орлоготой өрхүүд өндөр орлоготойд тооцогдоно

Ирэх онд экспорт 2.4 тэрбум доллароор, импорт 1.2 тэрбум доллароор нэмэгдэнэ. Ирэх онд импортоо хазаарлана. Тухайлбал, 2023 онд 1.4 сая тонн зэс экспортолно. Нүүрсний экспортыг 2019 оны үетэй адил хэмжээнд аваачих боломж бүрдсэн. 36.5 сая тонн нүүрс, 6.5 мянган баррель газрын тос, 8.4 мянган тонн төмрийн хүдэр экспортолно. Зэсийн үнэ буурч байна. Гэхдээ огцом унахгүй. Нүүрсний үнэ тааламжтай, алтны үнэ тогтвортой байна.

Энэ жилийн төсвийн бодлогын нэг онцлог нь “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан шийдлүүдээ их дэмжсэн. Монгол Улс 3.5 сая хүн амтай мөртлөө нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувьд тал нь амьдардаг. Энэ нь түгжрэл, бухимдал, эдийн засгийн гацаа бий болгож байна. Үүнийг сааруулах зорилгоор татварын болон төсвийн бодлогоор дэмжлэг үзүүлнэ.

Үүнд:

-Шинэ автобусыг 2024 он хүртэл импортын татвараас чөлөөлнө. Иргэдийн хэрэглээг хязгаарлахаасаа өмнө нийтийн тээврийн асуудлуудыг шийдэж өгөх хэрэгтэй гэж үзэж байна. Унаж байгаа машинаа хотын гадна орхиод хот дотор нийтийн тээврээр ажил амьдралаа зохицуулах боломжийг олгох ёстой.
-Нийслэлд ажилчдаа нийтийн тээврээр зорчуулж, зохицуулалт хийж байгаа зардал болгон дээр татварын хөнгөлөлт үзүүлнэ.
-Нийслэлийн энэ жилийн төсөв хөрөнгө оруулалтийг Сангийн яам хянаад 339 тэрбум төгрөгийг нийслэлийн автопаркыг шинэчлэх, ажилд зарцуулахаар тусгаж байна. Автопаркын шинэчлэл худалдан авалтад 318 тэрбум, нийтийн тээврийн зогсоол өргөтгөж томруулахад 2.7 тэрбум төгрөгийн төсөв тавигдаж байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.