У.Хүрэлсүх: ОХУ-аас Хятад руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулахыг дэмжинэ

2022-09-16 Гадаад харилцаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх пүрэв гаригт ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ” Цар тахлын улмаас түр завсарласан төрийн тэргүүн нарын өнөөдрийн уулзалт үр дүнтэй болж, манай гурван улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шинэ түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна.

Манай улс цаашид ШХАБ-ын гишүүн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр логистик, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбар, хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, түгээлтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байна. Мөн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн хамтарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх эрмэлзэлтэй.

Мөнхийн хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм.

Манай улс хөрш орнуудтайгаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд харилцан ашигтай улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэхийн зэрэгцээ бүс нутгийнхаа тогтвортой хөгжилд чиглэсэн хамтарсан хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол, Орос, Хятад гурван талт хамтын ажиллагаа өргөжиж байна. Царт тахлын хүнд нөхцөлд ч ажлын хэсгүүдийн хамтарсан хуралдааныг хийж гурван улсын дээд түвшний сайд, Гадаад хэргийн сайд нарын харилцан айлчлал амжилттай болж, яриа хэлэлцээний давтамжаа хадгалсаар ирлээ.

Олон улсын тогтворгүй байдал, тахлын дэгдэлт намжаагүй байгаа энэ үед худалдаа, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бодит үр дүнд хүргэх нь нэн чухал юм.

Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр манай гурван улсын стратегийн түншлэлийн харилцаа бэхжиж, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэж Монгол Улс үзэж байна.

Энэ удаагийн хурлаар Монгол Улс дараах чухал асуудлаар байр сууриа илэрхийлж, зохих үр дүнг хүлээж байна.

Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн онцлогтой тул тээвэр, худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх гол транзит зангилаа болох зорилт тавин ажиллаж байна.

Дээрх зорилтын хүрээнд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн ТЭЗҮ боловсруулах ажлыг эрчимжүүлж, төмөр замыг шинэчлэх ажлыг эрчимжүүлж, эдийн засгийн үр ашигтай төслийг хамтран хэрэгжүүлж эхлэхийг дахин санал болгож байна. Үүнд Монгол Улсын зүүн хэсгээр дайран өнгөрч, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, БНХАУ-ын зүүн хойд бүсийг холбосон зүүн төмөр зам мөн Оросын Холбооны Улсын Тува улсаас Монголын баруун хэсгээр дамжин Хятадын хойд аймгууд руу нэвтрэх баруун төмөр замын коридор байгуулах, түүнчлэн гурван улсыг холбосон өндөр хурдны авто зам барих боломжтой.

Мөн төв төмөр замын шинэчлэлд Сайншанд, Зүүнбаян, Ханги, Мандал, Бугат, Улаанцавын чиглэлд Монгол, Хятадын хил дамнасан төмөр замыг тусгах саналтай байна.

2019 онд гурван улсын төрийн тэргүүн нарын тав дахь уулзалтын үеэр, эрхэм Ерөнхийлөгч В.Путин та Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр замын шинэ шугам барих асуудлыг хөндсөн. Монгол Улс Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам тавих асуудлыг бас нэгэн чухал дэд бүтцийн ажил болгож байна. Энэ хэсэгт төмөр зам барьснаар ачааны урсгалыг дахин хуваарилах боломжтой болж, Монгол-Хятадын хил дээрх уулзварын ачааллыг бууруулна.

Энэхүү төмөр зам нь манай улс хоорондын худалдааны эргэлтийг эрс нэмэгдүүлж, төмөр замын дагуух ачаа тээврийн даацыг нэмэгдүүлнэ. Үүнд Хятадын тал ч онцгой анхаарал хандуулж өгөхийг хүсэж байна. Манай улсыг холбосон хамгийн ачаалалтай, эдийн засгийн ач холбогдол бүхий тээврийн авто замын сүлжээг дагасан хурдны зам барих ажлыг та бүхэн дэмжиж, шууд оролцоно гэдэгт итгэлтэй байна. Монголын талын шийдвэрээр энэ төсөл төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр хэрэгжиж байна.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээврийн тээврийг хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн идэвхтэй ажиллаж, манай улс хоорондын хил дамнасан автотээврийг хөгжүүлэхэд бодит амжилт, үр дүнд хүрэхийг уриалж байна.

Хоёрдугаарт, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах хийн хоолой тавихад Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч, шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. ОХУ-аас Хятад руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулахыг дэмжихийн зэрэгцээ энэ асуудлыг техник, эдийн засгийн үндэслэл талаас нь судлахыг санал болгож байна.

Манай гурван улсыг холбосон хийн хоолой барих төслийг идэвхжүүлж, хэрэгжүүлэхэд манай талуудын хяналт тавьж буй байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал байна. Төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт Монголын тал итгэлтэй байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр 1955 онд Монгол, Орос, Хятад гурван улсыг төмөр замаар холбосны дараа манай улс хоорондын хоёр дахь мега төсөл болох юм.

Гуравдугаарт, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд Монгол Улс ихээхэн хохирол амсаж буй орны нэг. Манай улсад өрнөж буй цөлжилт, шороон шуурганы үйл явц нь байгаль орчин, нийгэм эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж байна.

Үүнтэй холбогдуулан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улс “Тэрбум мод ургуулах үндэсний хөдөлгөөн”-ийг санаачлан зохион байгуулж, эх орныхоо ойг тарих, ургуулах, хамгаалах зорилготой.

Энэ талаар та бүхэнтэй өмнө нь ярилцсаны дагуу манай хөрш зэргэлдээ орнуудын байгаль орчны бодлого, үйл ажиллагаатай уялдуулан Монгол Улсад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж байна.

Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын оролцоотойгоор Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж эхэлсэн. Мөн ОХУ-тай Эгийн усан цахилгаан станц барихад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлье.

Дөрөвдүгээрт, гурван талт хамтын ажиллагааны хүрээнд төмөр зам, байгалийн хийн хоолой барих зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод гурван улсын хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төв байгуулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулья..

Гурван талт хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураг, Монгол-Орос-БНХАУ-ын эдийн засгийн коридор бий болгох хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс гурван талт хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, бодит үр дүнд хүрэхийн төлөө байна.

Гурван талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн зэрэгцээ шинжлэх ухаан, соёл, боловсрол, хүмүүнлэгийн үйл ажиллагаа, аялал жуулчлал, гамшгийн хор уршгийг арилгах зэрэг бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зохих анхаарал хандуулах ёстой гэж би үзэж байна. Монгол Улс цаашид иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд мөнхийн хөршүүдтэйгээ нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, цаашдын хөгжлийн чиг хандлага, гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэх болно” гэлээ.

 

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.