Монгол Улс Бүгд Найрамдах Узбекистан Улстай 1992 оны 1 дүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоожээ.
Монголын тал 2018 оноос Нур-Султанаас, Узбекистаны тал Бээжингээс тус тус хавсран суудаг. Хавсран суух Элчин сайд Д.Баярхүү 2022 оны 8 дугаар сарын 25-нд Итгэмжлэх жуух бичгээ барьсан бол Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин Сайд Ф.Арзиев хараахан итгэмжлэх жуух бичгээ бариагүй байгаа аж.
Одоогоор өндөр, дээд түвшний айлчлал хийгдээгүй бөгөөд 2001 онд Ерөнхийлөгч Н.Багабанди Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчлах замдаа Ташкентад түр буудаллан, Узбекистаны Ерөнхий сайд У.Т.Султановтай, 2005 онд Астанад болсон ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2010, 2016 онд Ташкентад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Узбекистаны Ерөнхийлөгч И.Каримовтой тус тус уулзаж байв.
Түүнчлэн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй төлөөлөгчид Ташкент хотноо 2013 онд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын ээлжит хуралдаанд оролцох үеэр Узбекистан Улсын Ерөнхий сайдын орлогч Адхан Икрамов, Гадаад эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт, худалдааны сайд Элиор Ганиев нартай тус тус уулзсан юм. Гадаад харилцааны сайд Л.Болд 2013 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хуралд оролцох үеэр Узбекистаны Ерөнхий сайдын орлогч Адхам Икрамовтай уулзан, хоёр талын хамтын ажиллагааны тухай санал солилцож байлаа.
Өнгөрсөн онд хоёр улсын худалдааны эргэлт 3,829,500 ам.долларт хүрчээ. Монгол Улсаас өлөн гэдэс, давсаг, гүзээ, үхрийн хөлдүү мах, жонш экспортолдог бол Узбекистан Улсаас нефтийн бүтээгдэхүүн, азотын бордоо, жимс, хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүн, сигар, янжуур тамхи импортолдог.
Монгол Улсын иргэд 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус улсад 30 хоног, Узбекистаны иргэд энэ оны 6 дугаар сарын 3-наас манай оронд визгүй зорчиж байна. Өнгөрсөн онд Монголын 140 иргэн Узбекистанд, тус улсын 55 иргэн манай улсад зорчжээ. Монгол Улсад Укбекистаны 23 иргэн байнга оршин суудаг статистик бий.
16 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.