Ард олон бидний түвшинд бүү хэл төр засгийн түвшин дэх хууль ёсноос гажууд аливаа зүйлийг шийдвэрлэх, үнэн мөнийг олох, шүүн тунгаах гарц нь хууль хяналтын байгууллага гэж үзэж, ялангуяа эрх мэдэл, албан тушаал бүхий эрхэмүүд маань голдуухан “хууль шүүхээр гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй бол гэмт хэрэгтэнд тооцож болохгүй” гэх мэтчилэн хуулийн заалт ярьж цэцэрхэцгээдэг. Гэвч ачир дээрээ бол хууль ёсноос гажуудах бүү хэл, хүний жам ёсноос хэтэрсэн булай, булхай зүйлүүд бүүр чухам нөгөө хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудын дунд амь бөхтэй оршсоор, тэр нь дарагдаж нууцлагдсаар байдаг жишээ баримт цөөнгүй бөгөөд нийгэм маань бүхэлдээ буруу зөрүү рүү хальтарч гулгасаар, өөдлөх нь бүү хэл өеөдсөөр байгаагийн голлох шалтгаан нь энэ гэхэд огтхон ч хилсдэхгүй гэж бодно. Хууль хяналтын нөхдүүдтэй холбоотой базаахгүй олон баримт жишээг тоочиж болохын нэгийг энд өгүүлье.
Хуульч мэргэжил эзэмшсэн Б.Оюунцэцэг 1998 онд Ховд аймгийн Прокурорын газарт ажиллахаар томилогджээ. Түүнийг туслах прокурорын албанд томилсон авч, прокурорын ажлаа хяналтын прокуророор эхлэе гэсэн хүсэлтийг өөрөө тавьж, удирдлагууд зөвшөөрөн, мөрдөн байцаах ажилд хяналт тавих ажил хариуцсан прокурор болсон байна. Гэвч 2001 оны 3 дугаар сард Улсын ерөнхий прокурорын тушаалаар түүнийг ажлаас нь халж, дахиж хэзээ ч мэргэжлээрээ ажиллах эрхгүй болгожээ. Улсын Ерөнхий прокурор Алтанхуяг уг тушаалыг гаргахдаа Б.Оюунцэцэг нь өөрийн хянаж байсан хэргийн материалыг алга болгосон, мөн өөр нэг хэргийн холбогдогч буюу хариуцагчийн ялыг эсэргүүцэл бичиж хүндрүүлнэ хэмээн сүрдүүлж, хахууль авсан гэх шалтгааныг үндэслэл болгосон аж.
Б.Оюунцэцэгийн ажил амьдралын түүхэнд нөхөж баршгүй толбо үлдээж, амьдралаар нь хохироосон Улсын Ерөнхий прокурор асан Алтанхуягийн 2001 оны 3 дугаар сарын 19-ны 53 дугаар тушаал нь хууль бус байснаар барахгүй зохиомол, хуйвалдааны шинжтэй гэмт үйлдэл байсныг хохирогч нотлох баримтуудаар гэрчлэн, шүүхийн байгууллагад хандаж, улмаар 4 шатны шүүхээр 19 жилийн турш заргалдсан ч хүчин мөхөсдсөн байна. Ерөнхий прокурорын 53 дугаар тушаал нь илт хууль бус тушаал байсан гэж хохирогч Б.Оюунцэцэг үзсээр байгаа бөгөөд хөдлөшгүй нотлох баримтуудыг гарган тавьжээ.
Гэтэл хуулийн байгууллагын эрх мэдэлтнүүд анхнаасаа мөрөөрөө ажлаа хийж байсан жирийн нэг албан хаагчаа, /хяналтын прокуророо/ зориудаар хуйвалдаан зохиож ажлаас нь халах ямар шаардлага байв, үнэхээр хууль бусаар халагдсан нь үнэн юм бол шат шатны шүүхийн байгууллага яагаад түүнийг үнэн зөвөөр шийдсэнгүй вэ үгэдэгт уншигчид эргэлзмээр, үл итгэмээр санагдах нь магад. Гэтэл энэ тухайд прокурор болон шүүхийн байгууллагын зарим нэр бүхий нөхдүүд өөрсдөө санаатай хийгээд хүн жигшмээр гэмт явдлын эзэд болсон нь харамсалтай.
Ямар ч асан болсон үйл явдлыг баримт түшиж үгүүлье.
Ховд аймгийн Булган суманд иргэн Т.Дамдинсүрэн иргэн Молдвайгийн автомашиныг засалцаад, нэг шил архи хувааж уугаад гэрт нь унтсан шөнөө орондоо нас барсан асуудлыг ар гэрийнх нь нэхэмжлэлээр Булган сумын цагдаагийн хэсэг хэрэг үүсгэн шалгажээ. Улмаар 2000 оны 10 дугаар сарын үед уг хэргийн материал хяналтын прокурор Б.Оюунцэцэгт хянагдахаар ирсэн байна. Б.Оюунцэцэгийн өөрийнх нь мэдүүлснээр, тэрчлэн тухайн үед нэг өрөөнд хамт ажиллаж байсан З.Ширнэнгийн гэрчилснээр түүнийг байхгүй үед нь /ажлаар явсан/ орлогч прокурор Бат-Очирын “хянаж шийдэе” гэсэн цохолттой хэргийн материал оруулж ирээд “Оюунцэцэгийг ирэхээр нь өгөөрэй” хэмээн З.Ширнэнд хэлж, ширээн дээр нь орхижээ. Нэгэнт удирдах албан тушаалтан цохолт хийж, хянахыг даалгасан байсан учраас Б.Оюунцэцэг хэргийг хянаад, өрөгдөл гаргагчид өгөх хариу бичиг, мөн хэрэг хүргүүлэх албан тоотыг үйлдэн тэдгээрийн хамт уг хэргийн материалыг Булган сумын Цагдаагийн хэсэг рүү явуулахыг даалгаж, нарийн бичгийн дарга Б.Цэцэгмаад гардуулж өгсөн байна. Түүнээс хойш 10-аад хоногийн дараа Б.Оюунцэцэг орлогч прокурор Бат-Очирт асуудал танилцуулахаар өрөөнд нь ортол уг хэрэг Булган сум руу яваагүй. Бат-Очирын ширээн дээр байж байжээ. Булган суманд оччихсон байх ёстой хэргийн материал яагаад энд байж байдаг билээ гэдгийг Б.Оюунцэцэг гайхаж, дотроо “энэ хэрэг хянагдахаас өмнө орлогч прокурор Бат-Очир өөрийнх нь “бизнесийн хамсаатан” болох Д.Интербиш гэгчийн холбогдолтой хэргийг хянаж байсан Б.Оюунцэцэгт хандан, Д.Интербишийн ялыг хөнгөрүүлэхийг санал болгосонд Оюунцэцэг уг хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэж хариу өгсөн. Тэгтэл орлогч прокурор Бат-Очир ихэд бухимдаж, “үргэлж ингэж шудрага ажиллаарай авгай минь. Прокуророос зайлаарай!” хэмээн ихэд уурсан бухимдаж байсан. Түүнийхээ улмаас ямар нэг өө эрж, энэ хэргийг давхар хянаж байгаа байх нь гэж бодсон аж. Гэтэл тэр ч бага хэрэг болж хожим нь өнөөх хэргийн материалыг хяналтын прокурор Б.Оюунцэцэг алга болгосон болж гүтгэгдэв. Улсын ерөхий прокурор Б.Оюунцэцэгийг ажлаас нь халах тушаал гаргахдаа “…өөрийн хяналтанд байсан Дамдинсүрэн гэгч нас барсан хэрэг”-ийг алга болгож, үрэгдүүлсэн, түүнчлэн 1999 оны 5 дугаар сард хэргийн холбогдогч Д.Онгонбүргэд, Г.Амгаланбаатар нараас тэдгээрийн хэргийг шүүхээр таслан шийдвэрлэгдсэний дараагаар ялыг нь эсэргүүцэл бичиж хүндрүүлнэ хэмээн сүрдүүлж, 100 мянган төгрөгийг зээлж, прокурорын ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон байх тул” гэжээ.
Б.Оюунцэцэг хэргийн материалыг алга болгоогүй, Булган сум руу явуулахыг даалгаад нарийн бичигт хүлээлгэж өгсөн, дараа нь тэр материал аймгийн Прокурорын орлогч Бат-Очирын ширээн дээр байж байсан, хэргийн материалтай хамт өгсөн хэрэг хүргүүлэх тухай албан бичиг нь нарийн бичиг Б.Цэцэгмаагийн сейфнээс гарч ирсэн, бас мөн Оюунцэцэгт яллагдагчийг сүрдүүлж мөнгө зээлсэн явдал байхгүй тул ажлаас халах тушаалд үндэслэл болгосон хоёр зүйлийн тухайд шалгаж, үнэн мөнийг тогтоож өгөхийг Улсын прокурорын газраас хүсчээ. Улсын Ерөнхий прокурорын орлогч Цэрэнбалтав нь тэр үед Б.Цэцэгмаагийн сейфнээс гарч ирсэн мөнөөх албан бичиг, мөн Б.Оюунцэцэгт мөнгө зээлдүүлсэн гэж өчсөн Онгонбүргэдийн өргөдөл хоёрыг барьчихсан “таны буруутай үйлдэл үүгээр нотлогдож байна” гээд зогсож байсан гэх. Харин Ерөнхий прокурор Алтанхуягийн хувьд гомдол гаргаж очсон Б.Оюунцэцэгтэй уулзах боломжгүй гэж мэдэгдсэн, албан газрынх нь үүдэнд санаандгүй тааралдаад гомдлоо өчих гэтэл “та шүүхээс ажлаа аваарай” гэж хэлчихээд машинд суугаад явж одсон байна.
“Онгонбүргэдийн өргөдөл”-ийн тухайд авч үзэхэд иргэн Д.Онгонбүргэд агсан нь гэмт хэргийн улмаас шүүхээр шийтгэгдэж, 1999 оны 5 дугаар сард болсон шүүх хурлаар эрүүгийн хуулийн 123, 178 дугаар зүйл ангиар тэнсэх ял авчээ. Уг шүүх хуралд улсын яллагчаар оролцсон Б.Оюунцэцэг түүнд оноосон ял нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүх хурлыг хийлгэж байсан. Гэвч давж заалдах шатны хурлаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тэгтэл Д.Онгонбүргэд агсан нь яг нэг жилийн дараа дахиад бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн нэг сая төгрөг хулгайлан авсан хэрэг үйлдэж, хэрэг нь Б.Оюунцэцэг дээр дахин хянагдсан авч “зарим этгээдүүд” таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрийг нь өөрчлөн, батлан даалтгүйгээр саатуулах газраас гаргаж, улмаар Онгонбүргэд агсан оргон зайлсан, түүнээс хойш ломбард дээрэмдэх, хулгай хийх зэрэг гэмт хэргийг удаа дараа үйлджээ.
Ийм түүхтэй хэрэгтнээс прокурорын газарт бичиж өгсөн гэх “сүрдүүлж, өөрөөс нь 100 мянган төгрөг зээлж авсан” гэх агуулгатай өргөдлийг Улсын Ерөнхий прокурор нь Ховд аймгийн хяналтын прокурор Оюунцэцгийг ажлаас халах үндэслэл болгосон боловч Б.Оюунцэцэг энэ нь ор үндэсгүй гэж мэтгэн заргалдахын зэрэгцээ уг өргөдлийг Д.Онгонбүргэд бичээгүй, харин хэн нэг албан тушаалтан өөрт ашигтай давуу байдал бий болгохын тулд түүнийг бичсэн байх үндэслэлтэй хэмээн хардаж, уг үндэслэлээ тайлбарласан зүйлийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны нэхэмжлэлдээ оруулжээ.
Уг өргөлдөлд “прокурор Б.Оюунцэцэг дээр үгүүлсэн 1999 оны 5 сард шүүхээр таслагдсан хэргийн шийдвэрт “эсэргүүцэл бичиж хэргийн хариуцагчийн ялыг хүндрүүлж шийдүүлнэ гэж сүрдүүлсэн. хэргийн хамтран хариуцагч Т.Амгаланбаяр бид хоёроос мөнгө /100 мянган төгрөг/ төгрөг аваад шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичихээсээ буцсан” гэж бичигдсэн байсан.
Гэтэл энэ нь мөнөөх мөнгө өгсөн гэх Т.Амгаланбаярын шүүхэд өгсөн мэдүүлгээр, мөн уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал нь болж, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээн, яллагч прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн архивын лавлагаагаар үгүйсгэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл прокурор тэднээс мөнгө аваад эсэргүүцэл бичихээ больсон гэдэг нь худал бөгөөд Онгонбүргэдийн өргөдөл гэдэг нь бас зохиомол зүйл болж таарч байна.
Б.Оюунцэцэг энэ асуудлын үнэн мөнийг тогтоолгох хүсэл зоригоосоо ухралгүй шүүхэд нэхэмжлэл гаргаж, харин Иргэний хэргийн анхан шатны, мөн давж заалдах шатны шүүх, улсын дээд шүүх, тэрчлэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд бүгд Улсын Ерөнхий прокурорын талд үйлчилж, нэхэмжлэгчийн /хохирогчийн/ нэхэмжлэлийг хангахгүй гэж шийдвэрлэжээ.
Гагцхүү нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх л /шүүгч Б.Тунгалагсайхан, Н.Долгорсүрэн, Н.Хонинхүү/ эрх мэдэлтнээс айж, талд нь үйлчлэлгүйгээр шудрага шүүж, нэхэмжлэлийг хохирогчийн талд шийдэн, анхан шатны шүүхийн шүүгчийн хуудуутай шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч дахиад уг хэргийг сэргээж үнэн зөвөөр шийдүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргаж, нэхэмжлэгч түүнийг давж заалдахад ЗХДЗШШ урьдны шудрага шүүгчдээс өөр шүүгчдийг томилсноор /шүүгч О.Номуулин, С.Мөнхжаргал, Сарангэрэл нар/ эдгээр шүүгчид анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг хэвээр үлдээн, шудрага шүүгчдийн шийдвэрийг балуурдаж, шудрага ёсны тэмцэл дахиад “хад мөргөсөн” байна.
Ийнхүү 20-оод жилийн туршид олон шатны шүүхээр явж, үнэн мөний төлөө зууралдсаар байх явцад, цаг хугацааны эрхээр үнэнийг илчлэхэд чухал хэрэг болох нотлох баримтууд ч гарч ирэв. Тухайлбал 2001 онд Б.Оюунцэцэгийн алга болгосон гэх хэргийн материалыг тухайн үеийн орлогч прокурор Бат-Очир, нарийн бичиг Б.Цэцэгмаа нар нь ямар ч бүртгэлд авалгүйгээр журам зөрчиж, хяналтын прокурор руу оруулсан нь /журам ёсоор бол хэргийг Булган сумаас ирмэгц, хүлээж авсан нарийн бичиг нь журналд бүртгэж аваад мөрдөн байцаалт явагдсан хэргийн асуудлыг хариуцагч орлогч прокурорт /Бат-Очир/ өгч өөрөөр нь гарын үсэг зуруулдаг, орлогч прокурор мөн өөрийн журналдаа давхар бүртгэж аваад уг хэргийг хянах прокурорт хувиарладаг байна/ Ховд аймгийн прокурор асан Б.Пүрэвжавын шүүхэд хүргүүлсэн 2003 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 93 дугаар албан бичгээр тодорхой болсон бол алга болгосон гэх уг хэргийн материал нь бүртгэлд бүртгэгдэн цагдаагийн газарт очиж, тэндэхийн архивт хадгалагдаж байгаад 2020 оны 6 дугаар сард комиссын шийдвэрээр устгагдсан болох нь Ховд аймгийн Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн тасгийн дарга Ч.Лхагвадоржийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 45-Б/2050 дугаартай албан бичиг, тус Цагдаагийн газрын Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэл, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгосон хэргийг устгах тухай №01 актаар нотлогджээ.
Үүгээр ч зогсохгүй хэргийн материалыг цагдаа руу оруулахдаа хэргийн дугаарыг өөрчилсөн /200116253 гэсэн дугаарыг 20116098 болгосон/, мөн “Булган суманд Т.Дамдинсүрэн нас барсан” гэх уг хэрэг нь 2000 онд Булган сумын Цагдаагийн хэсэгт шалгагдсан байдаг. Ийнхүү тухайн оныхоо намар 10 сард прокурорт хянагдахаар ирсэн байтал түүнийг 2001 онд шалгагдсан болгосон, (устгагдсан хэргийн материалын жагсаалтыг харахад уг гомдлын дагуу 2001 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хэрэг үүсгэж шалгаж эхлээд, ердөө дөрөвхөн хоногийн дараа 2001 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хэрэг хаагдсан болгож хэргийн огноог бүтэн будилуулан архивын бүртгэлд оруулсан), тэр ч байтугай хэргийн материалд уг хэрэгт ямар ч холбогдолгүй хийгийн хүнийг хэргийн хариуцагч болгож оруулсан (анх нэхэмжлэлд хэргийн хариуцагчаар татагдсан Молдвайгийн нэрийг өөрчилж Т.Аманбол болгосон, энэ нь хожим 2021 оны 8 дугаар 26-нд Т.Аманболийн шүүхэд өгсөн тайлбараар нотлогдсон) гэх зэрэг байж боломгүй, хүний санаанд ч ормооргүй ноцтой асуудлууд бий.
Тэгэхээр Б.Оюунцэцэгийг ажлаас халах тухай Улсын ерөнхий прокурорын 2001 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 53 дугаар тушаалд үндэслэл болгосон “Булган сумын төвд Т.Дамдинсүрэн гэгч нас барсантай холбогдох хэргийн материалыг алга болгосон” /тушаалын нэг дэх үндэслэл/ гэдэг нь худал, зохиомол зүйл болж таарав. Хэргийн холбогдогч Д.Онгонбүргэд агсан мөн Г.Амгаланбаатар нараас тэдгээрийн хэргийг шүүхээр таслан шийдвэрлэгдсэний дараагаар ялыг нь эсэргүүцэл бичиж хүндрүүлнэ хэмээн сүрдүүлж 100 мянган төгрөг авсан” /тушаалын хоёр дахь үндэслэл/ гэдэг нь мөн худал болохыг гэрч Г.Амгаланбаярын 2002 оны 6 дугаар сарын 21-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэг нотолж байгаа. Онгонбүргэдийг үүнд зохиомлоор ашиглаж өмнөөс нь хуурамч өргөдөл бичиж, баримт болгон хэрэглэсэн байх магадлалтай гэж үзэж байгааг дээр дурьдсан.
Үүнд нотлох баримт болохуйц зүйлүүд /Онгонбүргэдийн хэргийг шүүсэн давж заалдах шатны шүүх хуралдааны архивын лавлагаа, мөн Д.Онгонбүргэд агсан нь давтан гэмт хэрэг үйлдэж мөрдөн байцаагдаж байгаад оргон зайлсан тухай албан бичгийн хуулбар/ ч бий.
Тэрчлэн гэрч Г.Ширнэн, Т.Аманбол нарын шүүхэд гаргасан тайлбараас гадна 2001 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “Прокурор гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсноор Улсын ерөнхий прокурор тухайн прокурорыг ажлаас халах эрхтэй болно”, мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 70 дугаар зарлигт “Прокурорт сахилгын шийтгэл оногдуулахдаа үндэслэлийг заавал шалгаж тогтоосон байна” гэж тус тус заасан байтал шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг ажлаас халахын тулд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэлээ хэмээн тушаал гаргасан. Тэгэхдээ сая дурьдсан Прокурорын байгууллагын тухай хуулийн 39.1.4 дэх заалтыг үндэслэл болгон ашигласан нь уг тушаал хууль бус болохыг нотлохоос гадна хуулийг буруу хэрэглэсэн, ингэхдээ бүүр хуулийн заалтыг хүн гүтгэж хэлмэгдүүлэх санаатай үйлдлийнхээ зэвсэг болгож ашигласан ноцтой зүйл харагдаж байгаа юм. Гэвч шүүх энэ тушаалыг хамгаалсаар 20 жилийн нүүрийг үзэв. Гэрч З.Ширнэн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн санаачилгаар шүүхэд бичгээр тайлбар гаргасан байна.
Тэрбээр урьд нь хэргийн үнэн мөнийг гэрчлэхээс зайлсхийж байсныхаа шалтгааныг илчлэхдээ “Ховд аймгийн прокурорын газарт хүүтэйгээ хамт ажилладаг байсан тул энэ хэргийн үнэн мөнийг хэлчихвэл хүү бид хоёрын хувь, заяа хэрхэх нь тодорхой байсан!. Гэвч найдаж байсан ганц зүйл маань Оюунцэцэгт буруу байхгүй болохоор шүүх түүний үнэн мөнийг шудрагаар тогтоох байх гэж үзсэн. Гэтэл хүн итгэхийн аргагүй зүйл болсон. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж бусдын хувь заяагаар ямар аймшигтайгаар, хатуу тоглодогийг үүнээс харсан” гэж өчжээ.
Энэ хооронд Бат-Очир дэвшиж Улаанбаатар хотод дүүргийн ерөнхий прокурор болоод Б.Цэцэгмааг дэргэдээ татаж авсан бөгөөд албан тушаалаа ашиглан, Б.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаануудын шийдвэрт нөлөөлсөөр, өөрийн болон “хууль бус тушаал” үйлдсэн Улсын ерөнхий прокурорын талд хэргийг шийдүүлсээр байсан гэж үзэж байгаагаа Б.Оюунцэцэг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьджээ. Таван шатны шүүхээр дамжин хориод жилийн турш сунжирсан Б.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй энэхүү хэргийг шүүх ажиллагаанд давхардсан тоогоор нийт 40-өөд шүүгч оролцсоноос Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Тунгалагсайхан, Н.Долгорсүрэн, Н.Хонинхүү нараас бусад нь бүгд нотлох баримт байсаар байтал түүнийг нүдээ анин үгүйсгэж, эрх мэтэлтэнд үйлчлэн, нэхэмжлэгчийг хохироосон шийдвэр гаргаж, Монгол улсын хуулийг санаатайгаар зөрчин, өргөсөн тангаргаа хөсөр орхисонд нэн гомдолтой байгаагаа ч нэхэмжлэгч онцлон тэмдэглэсэн байна. Эдгээр шүүгчдийн заримыг дурьдвал Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Г.Цагаанцоож, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд, Д.Цолмон, С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин, С.Мөнхжаргал, Сарангэрэл нар орно.
Тэрчлэн өдгөө Улсын дээд шүүхийн шүүгч хийж буй Готовдоржийн Цагаанцоож нь Б.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй уг хэргийг шүүхээр шийдвэрлэхэд 2003 оноос олон удаа шүүгчээр оролцсон. 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр болсон Б.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй шүүх хуралд Г.Цагаанцоож илтгэгч шүүгчээр оролцсон, Б.Оюунцэцэг нь хэрэг шүүгчид хувиарлагдсан мөчөөс эхлэн өөрөөр хэлбэл хуулийн хугацаанд нь, хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Г.Цагаанцоож шүүгчээр хэрэг шүүлгэхээс албан ёсоор татгалзсан боловч дээд шүүх нэхэмжлэгчийн татгалзлалыг хүлээж авалгүйгээр, хүч түрэн Г.Цагаанцоожийг уг хэрэгт шүүгчээр ажиллуулж, шийдвэрийг хариуцагч талд /Улсын Ерөнхий прокурорын талд/ гаргуулжээ. Уг хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхэд Салхитын мөнгөний ордны асуудлаар шалгагдаж байсан тус шүүхийн шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарыг шүүгчээр томилсон байна. Дашрамд дуулгахад хохирогч Б.Оюунцэцэгийн Улсын Ерөнхий прокурор, мөн шүүх байгууллагатай холбоотой хэргийн талаар Улсын Ерөнхийлөгчид хандаж гаргасан гомдлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Д.Үйлсөтөгөлдөр нь Ерөнхийлөгчид өөрт нь танилцуулалгүйгээр, гомдлын хариуцагч болох Улсын Ерөнхий прокурорын газар руу илгээсэн нь хачирхалтай.
Тэрчлэн Б.Оюунцэцэг Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан. Гэтэл шүүгч Г.Цагаанцоожийн хамаатан /гомдлын хариуцагчийн хамаарал бүхий этгээд/, тус байгууллагад ажилладаг Г.Ууганбаатар нь тэрхүү гомдлыг даргадаа танилцуулалгүйгээр өмнөөс нь өөр албан тушаалтны /Д.Сүнжид/ нэрээр “шийдвэрлэх боломжгүй” гэсэн утгатай хариу бичиг үйлдэж ирүүлснийг гомдол гаргагч судалж мэдсэн байна. Хуулиар бол хариуцагчийн хамаарал бүхий этгээд нь уг хариуцагчтай холбоотой гомдол, маргааныг шийдвэрлэхийг хориглодог. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид нь өргөдөлд хариу өгөхдөө Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 22.2 дахь хэсэгт “Комисс мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй” гэж заасан тул Комисст таны гомдлыг харъяалан шийдвэрлэх боломжгүй” гэжээ. Гэвч Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 7.1.6-д хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь ХЭҮК-ийн үндсэн чиг үүрэг байхаар, мөн хуулийн 18.1.1-д ХЭҮК-ийн гишүүн нь хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдол, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар, эсхүл иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүсэлтээр шалгалт хийх эрхтэй гэж заасан мөртлөө эргээд 22.2-т шүүхийн шийдвэрийг хянан шалгах эрхгүй байхаар тусгасан нь зөрчилтэйгээр барахгүй, шүүгчдийн бусармаг шийдвэр гаргах боломжийг хамгаалсан, утгагүй заалт гэж харагдаж байгаа юм. Түүнчлэн шүүгчийн хууль бус, бусармаг шийдвэр гаргах боломжийг нь хамгаалсан ийм заалтууд эрүү, иргэн, захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад ч бий. Хуульч мэргэжилтэй хүн бүү хэл эрүүл ухаантай хэн боловч гайхаж халагламаар ийм заалтууд хуулинд байдгийг хүмүүс анзаарах нь бараг үгүй, хуульчид маань ч энэ талаар дуугардаггүй, мэдээгүй юм шиг царайлдаг нь гачлантай. Улс төрчдийн, эрх мэдэлтнүүдийн сав л хийвэл “гавъяа байгуулж байгаа” гэсэн агуулгатайгаар сайрхан сурталчилж байдаг мөнөөх хуулийн шинэчлэл, шүүхийн шинэчлэл, хууль шүүхийн системийн шинэчлэлийг зохион байгуулагчид, хэрэгжүүлэгчдийн нүдэнд энэ нь харагддаггүй, ухаан санаанд нь огт баригддаггүй бололтой. Дашрамд Г.Цагаанцоожийн хамаатан Г болон нэр бүхий нөхдийн авилга, албан тушаалын хэрэг цагдаа, АТГ, шүүхээр дамжсан боловч мөн л шудрага бусаар хэрэгсэхгүй болсоор буйг дурьдахад илүүдэхгүй юм.
Зөвхөн энэ хэргийн түүхийн үргэлжилсэн хугацаанд буюу сүүлийн 20 жилийн туршид манай дээд эрх мэдэлтнүүд, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар маань хуулийн шинэчлэл, шүүхийн шинэчлэл хийж, бүхнийг сайн сайхан болгож байна гэж сурталчилсаар байсныг бид мэднэ. Гэвч тэр олон шинэчлэл, “гавъяат үйлс” нь ердөө л дүр эсгэсэн, ард олны “тархийг угаасан“ зүйл болж, үр дүн бараг гарахгүй байгаагийн зөвхөн нэг л жишээг энд толилуулав. Гол шалтгаан нь гэвэл хууль шүүхийн байгуулагад амь бөхтэйгөөр шигдэн, үүрлэсэн хууль ёс, үнэн шудрагын заналт дайснуудын сүлжээг илрүүлж, суга татан хаяхаас цааргалаж, харахгүй байгаа юм шиг нүдээ анисаар байгаа явдал юм гэж үзэхээс өөр аргагүй. Нийгэмд архагшсан ужиг өвчний тухай уншигчидтай хуваалцах санаагаа үүгээр түрдээ цэглэж, харин хууль шүүхийнхний санаатай үйлдлийн буруугаас амьдрал, нэр төр, ажил үйлсээрээ хохирсон жирийн нэг хуульчийн гомдлыг үнэн мөнөөр шалган тогтооход анхаарлаа хандуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Хүний эрхийн үндэсний комисс хийгээд хуулийн дээд шатны, эрх мэдэл бүхий байгууллагуудад чухалчилан хүсэх нь энэхүү нийтлэлийн гол зорилго болой.
6 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.