Хөгжлийн банкны 1.2 их наяд төгрөгийн маргаан шүүхийн шатанд явж байна

2022-02-25 Мэдээ мэдээлэл

Хөгжлийн банкны удирдлагууд мэдээлэл хийлээ. 

Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Миний бие ажлаа аваад 14 хонож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны хугацаа хэтэрсэн зээлийг барагдуулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Ингэхдээ өнөөдрийн үүссэн нөхцөл байдлын шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйлийг судаллаа. Ерөнхий сайдаас цаашид алдаа дутагдлыг засаж, цаашид давтахгүй байхад анхаарах чиглэл өгсөн” хэмээгээд, өнгөрсөн хугацаанд  Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхэд ямар шатанд байгаа талаар мэдээлэл өгөв.

Анхан шатны шүүхэд Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 16 хэргийн шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Эдгээрийн үнийн дүнг илэрхийлбэл, 705 орчим тэрбум төгрөг байгаа юм.

Хамгийн удаан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь Монгол драй милк ХХК-д холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 886 хоног үргэлжилж байна. Мөн Эрэл компанитай холбоотой хэрэг Хан-Уул дүүргийн шүүхэд 497 хоногийн хугацаа алдаж байгаа юм. Түүнчлэн Монгема ХХК-тай холбоотой хэрэг 365 хоногийн хугацаа алдаж байгаа аж. 

Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар, “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гацсан хэрэг н.Уранчимэг гэдэг шүүгч дээр байсан. Тиймээс Хөгжлийн банкнаас гомдол гаргаж, энэ сарын 14-ний ШСХ-ны хурлаар тухайн шүүгчид хариуцлага тооцсон. Энэ мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үндэслэлгүй саад болсон асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна” хэмээв.

Хөгжлийн банктай холбоотойдавж заалдах шатны шүүхэд нэг хэрэг, хяналтын шатны шүүхэд зургаан хэрэг буюу нийт 173 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүлээгдэж байгааг Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар, мэдээллийн үеэр тодотгов. Тэрбээр, “Нийт 1.2 их наяд төгрөгийн маргаан зөвхөн шүүхийн процесс дээр явж байна. Ихэвчлэн төгрөгөөр авсан зээл байгаа юм. Хоёрдугаарт, шүүхэд процесс удаан үргэлжилснээр хугацаа их орох нь тодорхой. Ингэснээр, Хөгжлийн банканд 1.2 их наяд төгрөгийн зээлийг төлөөгүйн улмаас үүсэх ханшийн зөрүүний асуудал гарна. Тиймээс зээлийг хурдан төлүүлж, ханшийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай” хэмээсэн юм.

Мөн Хөгжлийн банкны байгуулсан цагаас нь авсан зээлүүдийг судлахад, улс төрийн нөлөө их тул боловсон хүчний асуудал хөндөгдөж байгааг учирлав. Хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсээ тодорхой албан тушаалд томилуулах байдлаар зээл авч байсныг дурдаад, “Эсдэлийн болон хуулийн газар дээрх судалгаа, үнэлгээ зэрэг олон тайлан гарч байж зээл олгох шийдвэр гардаг.

Тухайн үед шийдвэр гаргалтад оролцож эрсдэлгүй гэж дүгнэсэн ч өнөөдрийн эрсдэлтэй нөхцөл үүсэхэд нөлөөлсөн хүмүүсийг ажил мэргэжлийн ур чадвар дутмаг, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч байна.

Ерөнхий сайдаас ч тийм чиглэл өгсөн. АТГ-аас тодорхой нэр бүхий албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, хариуцлага тооцох мэдэгдэх хуудас ч ирсэн” хэмээв.

Тухайлбал, Хөгжлийн банкны н.Мөнхбат нарт холбогдох хэд хэдэн хэрэг байгаагийн дотор, Хөгжлийн банкны оффисын барилгыг худалдан авсан асуудал ч байгаа юм. Энэ хэрэг дээр хоёр хуульч томилуулан ажиллуулсан ч нэг нь хэлтсийн захирлын өгсөн чиглэлийн дагуу шүүх хуралд оролцоогүй. Тэгвэл нөгөө хуульч нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэдэг дүгнэлт гарсан, АТГ-аас ч ижилхэн зөвлөмж өгсөн байна.

“Хөгжлийн банкны эрсдэлд орсон зээлийг Эрсдэлийн удирдлагын газар хариуцдаг. Намайг ажил авснаас хойш энэ газрын захирал нь ажилдаа ирэхээ больсон. Мөн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хүн. Хэлтсийн хурал болохоор хэлтсийн захирал буюу яллагдагч нь хохирогчийн төлөөлөгчийн өөдөөс харж суугаад хурал хийж байх жишээтэй. Энэ байдлыг шийдэх шаардлагатай. Эхнээс нь албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж байгаа. Үүнээс үүдэлтэй гомдол, санал гарч байгааг үгүйсгэхгүй. Дүрмийн бус тоглолт хийгээд байгаа хүмүүсийн эсрэг шийдэмгий арга хэмжээ авна” гэж Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар онцолсон юм.

Хөгжлийн банкнаас зээл төлүүлэх ажиллагаанд шүүхэд нотлох баримт гаргаж өгөхөөр болоход, бүрдүүлбэр материалаа дутуу гаргаж өгөх, нотлох баримтаа устгасан, алдсан байж болзошгүй нөхцөл байдал зарим албан тушаалтанд гарч буйг тэмдэглэлээ. Судлаад үзэхэд, 47 зээл буюу 66 хувьд нь материал дутуу, алдаатай, нотлох баримт дутсан асуудал гарчээ. Эдгээрийг нэг бүрчлэн шалгаж, хуулийн байгууллагад шалгуулах шаардлагатайг тэрбээр мэдээллийн төгсгөлд онцоллоо.

Мөн энэ үеэр Хөгжлийн Банканд 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байгаа талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул онцлов.

Тэрбээр “Хөгжлийн банкны зүгээс нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн зээлдэгчдийн талаар танилцуулга хийсэн. Үүний дараа нэгдүгээр сарын 30-ны өдөр зээлдэгчдийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй зарласан. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлтөд тодорхой ахиц гарч байна.

Өчигдрийн байдлаар Хөгжлийн банканд 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд бид чанаргүй зээлүүдийн үнэлгээ болон хяналт шалгалтыг хийж байна. Энэ ажил маань 75 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн АТГ болон Эрүүгийн цагдаагийн газартай хамтран тодорхой мэдээллийг өгч ажиллаж байгаа” гэлээ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.