Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Геофизикийн цахилгаан хайгуулын олон төрлийн арга ашиглаж, газрын гүний усны эрэл, судалгааг олон жилийн турш цөл, тал хээр, мөнх цэвдэгтэй бүс нутагт хийж, хэдэн зуун уст цэг тогтоон, гүний өрөмдмөл худаг гаргаж, газар тариалан, малын бэлчээр, төв суурин газрыг усжуулахад бодитой хувь нэмэр оруулсан, олон арван мэргэжилтэн бэлтгэсэн Усны газрын ахмад ажилтан Мягмарын Сүрэнхорлоод Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв.
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
Олон зуун хүүхдийг математикийн шинжлэх ухаанд хөтөлж, тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд удаа дараа амжилттай удирдан оролцож, шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэсэн “Орчлон” олон улсын сургуулийн тэнхимийн эрхлэгч Цогбадрахын Баяраа,
Хүүхэд хамгааллын чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан “Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Балжиннямын Жавзанхүү,
Боловсролын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, өвлийн спортын олон арван шилдэг тамирчин бэлтгэсэн Дашдоржийн Ичинхорлоо,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
Хөнгөн аж үйлдвэр, үйлдвэрчний эвлэл, эмэгтэйчүүд болон төр, улсад үр бүтээлтэй ажилласан “Форестер” ТББ-ын гүйцэтгэх захирал Нансалжавын Гэрэлсүрэн,
Уул уурхай, эрдэс баялгийн салбарт 40 гаруй жил ажиллаж, өндөр ач холбогдолтой олон бүтээл үйлдвэрлэлд нэвтрүүлсэн “Таван Толгой түлш” ХХК-ийн компанийн ахлах зөвлөх Гүржавын Бадамхатан,
Ур чадвар, авьяас билиг шаардсан нарийн хэрэглэлүүдийг урлан хатгаж, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдийн 100 гаруй туг бүтээн, олон арван хүнийг сурган бэлтгэсэн “Бөртэ” оёдлын үйлдвэрийн ахмад ажилтан, оёдолчин Ёндонгийн Мягмарсүрэн,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
Төр, засгийн төв байгууллагад үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад орнуудын төрийн өндөр, дээд зочид, төлөөлөгчдийн айлчлал, төр засгийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах хариуцлагатай ажлыг олон жил нэр төртэй гүйцэтгэж байгаа Баатарын Туул,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
Төрийн захиргаа, санхүүгийн байгууллагуудад ажиллаж, улс орныг зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэхэд онол, арга зүйн үнэтэй хувь нэмэр оруулсан “Монголын эрмэлзэл” төрийн бус байгууллагын тэргүүн Балжиннямын Очбадрах,
Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан төрийн захиргаа, аж ахуйн байгууллагуудад олон жил тасралтгүй үр дүн, амжилт бүтээлтэй ажилласан “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүн Сосорын Цэнд-Аюуш,
Баян-Өлгий аймгийн Булган сумын “Тараз” ХХК-ийн ерөнхий менежер Нурхаламын Тахархан,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
Улс орны банк, санхүү, эдийн засгийн тэргүүлэх байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж, Засгийн газрын болон салбарын бодлого, чиглэлийг амжилттай хэрэгжүүлэн, олон арван хуулийн төсөл боловсруулж батлуулсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Бямбажавын Ганбат,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
Эрчимт эмчилгээ, анагаах ухааны салбарыг эх орондоо хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тасгийн зөвлөх эмч Цэнддоржийн Ганбат,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
Амжилт бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Орос, Монголын хамтарсан “Монголын өнгө төрх” ТББ-ын тэргүүн Чоёгийн Даваадаш нарыг шагналаа.
Гадаад харилцааны сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Эрдэнэчулууныг Сүхбаатарын одонгоор, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Өнөр бүл” хүүхдийн төвийн ерөнхий захирал Мягмарын Өлзийчимэг, Завхан аймгийн Улиастай сумын “Медикал” өрхийн эмнэлгийн бага эмч Нанжидын Цэрэндүг нарыг шагналаа.
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аюулгүй байдал, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Очирпүрэвийн Ариунтуяа,
Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх,
Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилчин Гялааны Бямбадорж,
Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан,
Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн мэс заслын эмч Балын Онон,
Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчлэгч Хишигбадрахын Цэцэгмаа нарыг шагнав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдийг төрт ёсны түүхт тэгш ойнууд давхацсан онцгой жил, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан төр, засаг, ард түмэн нь шагнан урамшуулж байгааг хэлэв.
Мөн гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.