Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Манай улсын хүн амын гуравны нэг нь ядуу хэвээрээ байна

2021-09-13 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна. 

Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрбээр “Цар тахал үргэлжилсэн амаргүй цаг үед энэхүү зөвлөлдөх уулзалт болж байна. Дэлхий дээр 4.6 сая хүн КОВИД-19 халдварын улмаас нас бараад байна. Манай улсын хувьд 232 мянга гаруй иргэн цар тахалд өртөж, өнөөдрийн байдлаар 963 хүн нас барлаа. Аюулт цар тахлын улмаас  амь насаа алдсан ард иргэдийнхээ ардаас харамсан гашуудаж байна. Тэдний ар гэр төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Цаашид бидэнд иргэдийнхээ бодит орлогыг өсгөх хэрэглээг нь дэмжих, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, хил гаалийн асуудлыг шийдвэрлэх, экспортыг богино хугацаанд сэргээх, томоохон бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, төрийн албаны дунд, доод шатны хүнд суртал, авлига хээл хахуулийг таслан зогсоох, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүртээмжийг нь сайжруулах, баялаг бүтээгч бизнес эрхлэгчдээ дэмжих зэрэг  тулгамдсан олон асуудал бидэнд байна.

Тийм учраас улс орны эдийн засгийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ орчныг бий болгож халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих  стратегийн  зорилтыг хэрэгжүүлэх явдал чухал гэж төрийн тэргүүн үзэж байна.

Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд экспортын зориулалттай бүтээн байгуулалтыг барьж байгуулан ажлын байрыг олноор бий болгож, үйлдвэрлэгч экспортлогч улс болох шаардлагатай байна.

Иргэн баян бол улс баян гэж үг бий. Судалгаанаас харахад манай орны ядуурлын түвшин харьцангуй хурдтай буурсан хэдий ч хүн амын гуравны нэг нь ядуу хэвээрээ байна. Энэ утгаараа Монголчууд бид ядуурлыг бууруулахад онцгой анхаарч ойрын 10 жилийн дотор нэн ядууралгүй орон болох зорилтыг тавьж, хамтдаа ажиллацгаая.

Тиймээс ядуурлын тухай өдөр бүр санаж, ялангуяа цар тахлын үед орлого багатай иргэдийн амьжиргааг хамгаалах, ажлын байрыг хадгалах,  шинээр ажлын байр бий болгоход онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

Энэ зорилтыг хангахын тулд үйлдвэр үйлчилгээний салбарт ажиллаж байгаа баялаг бүтээгч бизнес эрхлэгчдээ дэмжин хамтран ажиллаж, тусалж, аливаа эрсдэлээс хамгаалъя. Ажиллаж амьдрах эрх зүйн таатай боломж нөхцөлийг  та бүхэнд олгож өгье. Энэ бол төр засгаас хийх ёстой ажил. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалт нь баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч та бүхэн үйл ажиллагаагаа хэвийн явуулахад учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар болон төр засгаас явуулж бодлого нь та бүхний ажил амьдрал, санаа бодол хэрхэн нийцэж буй талаар нээлттэй сонсож, санаа бодлоо нэгтгэн цаашдын гарц шийдлээ олохын тулд зохион байгуулагдаж байна. Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид тулгамдаж байгаа асуудлаа хамтарч шийддэг байх ёстой” гэв.

Зөвлөлдөх уулзалтаас хэрхэн хамтран ажиллах болон гарц шийдлээ тодотгосон зөвлөмж гаргах бөгөөд үүнийг ажилдаа тусгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч чиглэл болгов.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.