Б.Энхбаяр: Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлогыг илүү чангаруулсан

2017-06-6 Ярилцлага

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудлаар Хууль Зүй, Дотоод Хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.

“Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар”  О.Баасанхүү гишүүний тавьсан асуулгын хариуг чуулганы хуралдаанаар сонссон.  Энэ үеэр хар тамхитай холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас хассаныг О.Баасанхүү гишүүн шүүмжилж байсан. Энэ талаар тодорхой тайлбар өгөхгүй юу?

-О.Баасанхүү гишүүний хувьд хар тамхи мансууруулах бодисыг худалдах, ашиг олох зорилгогүйгээр хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулиас авч хаясан, гэмт хэрэгт тооцохоо больж, ялыг нь хөнгөлсөн байна гэх асуудлыг ярьж байсан. Мансууруулах бодистой холбоотой асуудал 2002 оны Эрүүгийн хуулиар 3 зүйл ангиар зохицуулагдаж байгаа. Шинэ батлагдсан Эрүүгийн хуульд үүнийг 4 зүйл ангиар салгаж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийнх нь шинж чанаруудын заримыг нь өөр хүнд шилжүүлж байна гэсэн үг.

-“Борлуулах зорилгогүйгээр авч хадгалсан тохиолдолд ял шийтгэдэг байсан бол одоо чөлөөлж байна. Үүнээс гадна Эрүүгийн хуулиар доод тал нь 10 жилийн ял оноодог байсныг таван жил болгосон. Шүүгч үзэмжээрээ ял оноож болно гэсэн үг гэдгийг хэлж байсан. Тэгэхээр иймэрхүү ноцтой заалтууд бий гэсэн үг юм биш үү?

-Одоогийн Эрүүгийн хуулийн 192 дүгээр зүйл анги гэж бий. Энэ заалтад сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах тухай тусгагдсан. Мөн хуулийн 192.1-д “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Харин шинэ батлагдсан Эрүүгийн хуулиар борлуулах зорилгогүйгээр бэлтгэсэн хадгалсан бусдад өгсөн бол 1-5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Тэгэхээр ялын хэмжээг нэмж өгсөн гэсэн үг үү?

-Өөрөөр хэлбэл, өмнө нь хоёр жил хорих ялтай байсан бол одоо таван жил хорих ялтай болж дээд талых нь ял шийтгэл нь гурван жилээр нэмэгдсэн гэсэн үг. Мөн гэмт хэргийг борлуулах зорилгоор үйлдсэн бол 5-8 жил хорих ялтай байсан бол 2-8 жил болж шинэ хуулиар зохицуулсан байгаа.

Хар тамхи хэрэглэх байраар хангасан бол ял оноодог байсныг торгодог болсон гэдгийг ч хэлсэн. Хар тамхины ялыг ингэж зөөллөсөн түүх аль ч улсад байхгүй гэдгийг тодотгож байсан. Хуульч хүн учраас барин тавин мэдээлэл хийгээгүй болов уу. Иймээс таниас нягталж асуугаад байгаа юм шүү?

-Давтан үйлдвэл гэдгийг алга болгосон талаар ярьсан байна билээ. Шинэ батлагдсан Эрүүгийн хуулийн 20.7.3-т энэ гэмт хэргийг байнга тогтвортой, улсын хилээр нэвтрүүлж, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, онц гэмт хэрэгт оруулж шууд хорих ялыг өгнө. Мөн тэнсэн гэдэг ойлголт давтан гэмт хэрэгт байхгүй болж байна гэсэн үг.

-Бодис гэдэг үг хуульд бий юу. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг харахад үнэхээр ийм үг байгаагүй?

-Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, түүхий эд гэдэг нэр томьёог шинэ хуулиар хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, 2002 оноос үйлчилж байсан хуулиас ялгаатай нь түүхий эд гэдэг зүйлийг нэмсэн. Юу нэмсэн бэ гэхээр та бүхний мэдэж байгаачлан Өмнөговь аймагт холын замд явж байгаа том оврын автомашины жолооч нар “Мими” гэдэг бодисыг хэрэглэж мансуурч осол аваар гаргаж байна гэдэг асуудал яригдсан. Тэр бодисыг лаборторийн шинжилгээгээр авч үзтэл энэ нь мансууруулах бодис гэх олон улсын ангилалаар ордоггүй. “Мими” гэдэг бодисонд нөлөө бүхий үйлчилгээтэй түүхий эдэд ордог тийм үйлчилгээтэй бодисууд бол байдаг. Тийм учраас шинэ Эрүүгийн хуулийн онцлог нь түүхий эд гэдэг зүйлийг оруулсанаараа ганцхан масууруулах кокейн, мөс гээд бодисуудаас гадна мансууруулах үйлчилгээний түүхий эдийг агуулсан “Мими” мэтийн бодисуудыг хүртэл хамааруулж Эрүүгийн хуульд ял шийтгэх бололцоотой болгож, эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн.

-Тэгвэл мансууруулах төрлийн гэмт хэргийн ялын бодлогыг илүү өргөн хүрээнд авч үзэж, чангаруулсан гэж ойлгож болох уу?

-Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлогыг эсрэгээр нь илүү их хамрах хүрээг нь өргөтгөж, илүү чангаруулсан гэсэн үг. Шинэ Эрүүгийн хуулийн онцлог нь ялыг уян хатан бодлоготой болгосон. Манай улсын хувьд 2002 онд Эрүүгийн хуулийг баталж, мөрдөж байх хугацаандаа нэлээн олон удаагийн өөрчлөлт оруулсан байдаг. 2 жил хүртэл, 2-5жил хүртэл, 5-8 жил хүртэл, 8-12 жил хүртэл гэдэг ч юм уу ял шүүгчийн сонгож хэрэглэх гэмт хэргийн онцлогт, тэр үйлдэлд нь тохирсон ялын бодлого нь хумигдмал байсан бол одоо илүү их ялын интервал нь тэлж өгсөн. Тэгэхээр тухайн үйлдэлд нь, хохирол учруулсан байдалд, мөн анх удаа үйлдсэн эсэх, давтан үйлддэг танхай этгээд байна уу гэдгээс хамаарч шүүх дээр олон ялын заалтаас сонгож хэрэглэх боломжтой болсон.

-Эрүүгийн хууль хэт шоронжсон гэх шүүмжлэл бий. Мэдээж үүнд ч гэсэн та тодорхой хариулт өгөх байх?

-Шорон дүүрлээ гэх шүүмжлэл байсан. Сүүлийн 15 жил буюу шинэ Эрүүгийн хууль батлагдаж мөрдөгдсөнөөс хойших хугацаанд дөрвөн удаагийн Өршөөлийн хууль гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, 3-4 жилийн хугацаанд Өршөөлийн нэг хууль гаргаж, хэрэгжүүлсэн. Энэ нь юу гэхээр дээр хэлсэнчлэн ялын сонгон хэрэглэх боломж бага учраас шорон дүүрээд ирдэг. Үүнийг төр яаж залруулахын тулд Өршөөлийн хууль гаргадаг. Товчхондоо, Өршөөлийн хуулиар дамжуулж залруулдаг байсан. Шинэ хуулийн ялын бодлого нэвтэрснээр илүү уян хатан ганцхан шоронд хорихыг урьтал болгохгүй өөр бусад олон ялуудаас сонгож хэрэглэх ийм бололцоотой болж байгаа нь дэвшилттэй. Нөгөө талаар авлига албан тушаалын гэмт хэргийн ялыг чангалсан. Урьд нь хохирлын хэр хэмжээг шаарддаг. Улмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянга гэж бодоход 12 сая төгрөгөөс дээш төрөөс хулгай хийсэн албан тушаалтныг албан тушаалын гэмт хэрэгт тооцдог байсан. Харин 12 сая төгрөгөөс доош хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэрэгт тооцдоггүй байсан. Одоо нэг төгрөгийн ч бай улсаас хулгай хийсэн, албан тушаалаа ашигласан энэ үйлдэл болгоныг гэмт хэрэгт тооцохоор болсон. Тийм болохоор нийтийн алба хашиж байгаа, төрд алба хашиж байгаа хүмүүст тавих тэр сахилга хариуцлагыг илүү их чангалж авч үзэж байгаа.

Д.ДОРЖ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.