Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Женев дэх Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Элчин сайд нарын уулзалтыг удирдан зохион байгуулав.
Уулзалтад Олон улсын зам тээврийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто дэ Претто оролцож, цар тахлын нөхцөл дэх улс хоорондын тээврийн үйл ажиллагаа, хил, гааль, худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааны ач холбогдлын талаар санал солилцов.
Түүнчлэн ДГХБО-уудад ач холбогдолтой авто тээврийн салбарын олон улсын гэрээ, конвенциудын талаар танилцуулахын хамт жолооч нарын вакцинжуулалтын сертификатыг харилцан хүлээн зөвшөөрөх олон улсын стандартыг нэн яаралтай тогтоох чиглэлээр холбогдох олон улсын байгууллагуудад хамтран уриалга хүргүүлэхээр тогтов.
Өдгөө дэлхийд далайд гарцгүй 44 улс байгаагийн 32 нь далайд гарцгүй хөгжиж буй улсууд юм.
Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын тухайд далайн боомтоос хол оршдог, олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны зардал өндөр, транзит улсуудаас хамаарал ихтэй зэрэг олон тулгамдсан асуудалтай бөгөөд олон улсын худалдаанд тэдний эзлэх хувь дөнгөж нэг хувь болно.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.