Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар аймаг, нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар Төрийн ордонд хэлэлцэж байна.
Энэ удаагийн ээлжит чуулганаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө, арга зам”, “Монгол орны усны нөөц, ус ашиглалт”,”Үндэсний хөдөлгөөн ба ногоон санхүүжилт”, “Ойн салбарын технологи, инновацийн шийдэл”, “Үрийн нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах техник, технологийн шийдэл”, “Суурин газарт байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн жишиг загвар” зэрэг сэдвийн дор ярилцаж, байр сууриа нэгтгэх юм.
Өнөөдрийн хуралдааныг нээж БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгалийн нөөц, ойн модны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх асуудлаар цаашид гарах шийдвэр, үйл ажиллагаанд байгаль орчны болон ойн бодлогыг эрчимжүүлэхэд чиглэсэн салбар хоорондын оролцоо, уялдааг хангах, санхүүгийн механизмыг бүрдүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар цуглаад байна.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2024 онд 8.6 хувьд хүргэж, мод тарьж ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Үүнийг хэрэгжүүлэхэд орон нутгийн оролцоо, дэмжлэг туйлын чухал.
Аймаг, нийслэл жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө мод үржүүлгийн зориулалтаар ашиглаж болох газрыг давуу байдлаар олгох, нөгөө талаас газар ашиглалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх боломжийг судлах, хэрэгжүүлэх, мөн нөхөн сэргээх чиглэлд байгальд ээлтэй технилогид түшиглэсэн инновацийг нутагшуулах чиглэлээр ажиллах шаардлага үүсч байна” гэлээ.
Мөн Монгол Улс жилдээ 9.2 сая үр, үрсэлгээ “үйлдвэрлэдэг” байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд жилдээ 100 сая мод тарих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний үр, үрсэлгээ шаардлагатай гэсэн үг. Иймээс мод үржүүлгийн газрууд олноор байгуулах, үүнийг дагаад ажлын байр бий болж, иргэдийн амьжиргаа сайжирна гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар онцлов.
Хуралдааны үеэр “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат, шаардлагатай хөрөнгө, салбар хоорондын уялдаа холбооны талаар Засаг дарга нарт танилцуулав.
Монгол Улсын хэмжээнд 1.8 сая га талбай ойн доройтолд өртсөн судалгаа бий. Доройтолд орсон ойн 83.6 хувь нь байгалийн аясаараа сэргэн ургаж байгаа бол 16.4 хувь нь зориудаар ойжуулах шаардлагатай. Тодруулбал, зориудаар ойжуулах талбай нь 306.2 мянган га. Сэргээн ургаж байгаа нь 1.5 сая га. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд доройтолд орсон 306.2 мянган га талбайг нэн тэргүүнд ойжуулж, нөхөн сэргээхээр төлөвлөжээ. Нэг га талбайн ойжуулалтын зардал нь 2.7 сая төгрөг гэж тооцоолсон байна.
Мөн говь, хээрийн 293.2 мянган га талбайг хамгаалалтын ойн зурвас байгуулж, булаг, шанд, усны эхийг хашиж, хамргаалах, ойжуулалт, нөхөн сэргээлт хийнэ. Нэг га талбайн ойжуулалтын зардалд 11.5 сая төгрөг гэсэн тооцоо бий. Зардалд арчилгаа, усалгаа гээд бүх зардлыг шингээжээ. Өөрөөр хэлбэл, суулгаад орхих бус арчилж, усалж, ургуулах юм. Улмаар нийт 600.00 мянган га талбайг ойжуулна. Өөрөөр хэлбэл, нийт нутаг дэвсгэрийн 0.38 хувийг ойжуулахаар төлөвлөсөн талаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр танилцуулав.
Модыг тарьж ургуулахад нэн шаардлагатай зүйл нь ус. Энэ талаар Усны газрын дарга Ш.Мягмар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөх 10 орны нэг нь Монгол. Манай улс 564.8 км куб усны нөөцтэй. Нийт усны нөөцийн 70 гаруй хувь нь нуур, тойрм. Мөн
- 34.6 км куб нь гол мөрөн
- 19.4 км куб мөстөл
- 10.8 км куб газрын доорх ус бий.
Сүүлийн жилүүдэд мөсөн гол, мөстлөгийн хэмжээ буурсан. Манай орны нийт газар нутгийн 29.7 хувийг мөнх цэвдэг эзэлдэг. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цэвдэгийн хэмжээ багасаж байгаа.
Монгол орны хэмжээнд 62.000 гаруй худаг бий. Говь, тал хээрийн нутагт ихэвчлэн худаг бий. Худгийн усны эрдэс, чанар өөр. Тиймээс тухайн бүс нутгийг ойжуулахтай холбоотой усны эрдэс, чанарыг судлах шаардлагатай.
2019 оны 2020 онтой харьцуулахад усны хэрэглээ 2.4 хувиар нэмэгдсэн. Усны хэрэглээний нийт 60 хувь нь мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн салбар эзэлдэг. Уул уурхайн салбар усны төлбөрийн 90 гаруй хувийг хийдэг. Усны нөөц ашигласны төлбөр жилдээ 45-46 тэрбум төгрөг аймаг, орон нутаг болон улсын төсөвт төвлөрдөг” гэлээ.
Мөн тэрбээр “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд нэг модыг ургуулахад жилдээ хамгийн багадаа 250 литр ус хэрэглэх тооцоог танилцуулсан юм.