Төр төлбөрийг нь хариуцдаг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой журмыг баталлаа

2017-05-30 Засгийн газар

Засгийн газрын хуралдаан

Зураг

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.05.30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Журмыг баталснаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үзүүлэх тусламж, үйлчилгээг нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан төр худалдан авах, улсын эмнэлгийн ачааллыг бууруулах зэрэг олон давуу тал бий болно гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үзэж байна.

Төр төлбөрийг нь хариуцах удаан хугацааны нөхөх эмчилгээ, гемодиализ эмчилгээг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан гэрээгээр санхүүжүүлж эхэлсэн. Ингэснээр хувийн эмнэлгийн үзүүлж байгаа гемодиализийн тусламж, үйлчилгээг төр худалдан авах нөхцөл өнгөрсөн гуравдугаар сараас бүрдсэн юм.

Тухайлбал, хувийн эмнэлэгт нэг удаа 160 мянга орчим төгрөгөөр гемодиализийн эмчилгээг төлбөртэй хийлгэж байсан /7 хоногт гурван удаа 480 мянган төгрөг/ иргэн, даатгуулагчийн эмчилгээний төлбөрийг төр хариуцах болсноор эмчилгээнд мөнгө төгрөг зарахгүй, улсын эмнэлгийн ачаалал ч буурч байна.

Хуульд заасны дагуу :

–  жирэмсэн, төрөлт, төрсний дараах үетэй холбоотой эх барихын тусламж, үйлчилгээний зардал

–  төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдэд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ

–  халдвар судлал, заавал хийх болон тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалт, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэл

–  яаралтай түргэн тусламж, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ, гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээ

–  аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврахаар яваад гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээ

–  сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэгийн зарим эмчилгээ

–  удаан хугацааны нөхөх эмчилгээ шаардах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний зарим эмийн зардал

–  бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл, мөлчлөгийн хохирогч нарт үзүүлэх эрүүл мэнд, сэтгэцийн сэргээн засах тусламж, үйлчилгээний зардлыг төр хариуцдаг юм.

“Онцгой комиссын ажиллах журам”-д өөрчлөлт оруулав
Журамд тусгаснаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан, хурандаа, эсвэл түүнээс дээш цолтой албан хаагчийг томилох юм.

Мөн комиссын Ажлын алба орон тооны таван гишүүнтэй байх бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын орон тооны хязгаарт багтана гэж нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Гамшгийн голомтод ажиллах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээрт оролцож байгаа байгууллага, хуулийн этгээдийн ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Шуурхай бүлэг томилон ажиллуулах, аймаг, нийслэлийн Онцгой комисс нь гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгоход шаардагдах нэмэлт санхүүжилт хүсэхдээ тухайн онд баталсан Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тайлан, санхүүгийн анхан шатны материалыг Улсын онцгой комисст ирүүлэх ёстойг нэмж тусгажээ.

Товч мэдээ

–  “Багануур”, ”Шивээ Овоо” компанийн өвөлжилтийн бэлтгэлийг хангахын тулд хангалттай хэмжээний дизель түлш, шатахууны нөөц бүрдүүлэн, хөрс хуулалт, их засварыг хугацаанд нь хийж, нүүрсний нөөцийг хэвийн хэмжээнд байлгахыг сайд П.Ганхүү, Ц.Дашдорж болон “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нарт даалгав.

–  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөл батлагдсанаар 2016 оны орлого, зарлагын нийт хэмжээ батлагдаж, төсвийн ашгийг /алдагдлыг/ тодорхойлох боломж бүрдэх юм.

–  Энэ оны нэгдүгээр улиралд сайд, яам, агентлагийн дарга нарт иргэдээс 53830 өргөдөл, гомдол ирүүлсний 50915-ыг нь буюу 94 гаруй хувийг нь хуулийн хугацаанд шийдвэрлэжээ. Иргэд нийгмийн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, ажил хийх, газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудлаар голлон хандсан байна.

–  Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Манай улс Олон улсын хөрөнгө оруулалтын банкны гишүүний хувьд дээрх хэлэлцээр болон дүрэмд орж байгаа нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах боломжтой болох юм.

–  Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах болон банкны үйл ажиллагааны тухай 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэлэлцээр, банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

–  Цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцасны загвар, эдэлгээний хугацаа, дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгохтой холбоотой журмыг баталлаа. Цаашид шаардагдах зардлыг өмнөх дүрэмт хувцасны нөөц, эдэлгээний хугацаатай уялдуулан Цагдаагийн ерөнхий газрын төсөвт тусгаж, үе шаттай хэрэгжүүлэхээр тогтлоо.

–  Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хууль батлагдсанаар стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэл, тохирлын үнэлгээ олон улсын нийтлэг жишгийн дагуу явах эрх зүйн орчин, нөхцөл бүрдэх зэрэг олон ач холбогдолтой юм.

–   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг жил бүрийн 05 дугаар сарын гуравдахь бямба гаригт тэмдэглэж байхаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.