Сүүлийн жилүүдэд шог найрууллын хэвлэмэл бүтээл ховордсон эл үед энэхүү “элэгний эм” бүтээгдсэн нь хэл шинжлэлийн салбарынхан төдийгүй уншигчдын талархлыг хүлээсээр байна. Тухайлбал, түүний номын талаар хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ дүгнэж хэлэхдээ “Адьяагийн бүтээлийн нэг томоохон хэсгийг хэл шинжлэлд Каламбура хэмээдэг “үгэн тоглоом” эзэлнэ. Үгээр ончтой тоглохын тулд зохиогч нэгд, цэцэн цэлмэг үг хэлтэй байх ёстой, хоёрт, хурц ёж ухаантай байх хэрэгтэй, гуравт, “үг унагадаггүй” гэж манайхны тодорхойлдог, өөрөөр хэлбэл ажигч гярхай, алдаа мадгийг гаргаадаггүй байх хэрэгтэй. Энэ гурван шинж бүрдсэний улмаас Адьяагийн зүйр цэцэн үгсийг зүйрлэсэн биш шууд утгаар нь тайлсан, хүний нэрийг эсрэг утгаар нь ёжилсон, англи монгол үгийг холин ярьдгийг дайрсан, зүйр үгийн заримыг солин найруулсан, дууны утгыг дэгсдүүлсэн зэрэг нь уншихад урамтай уран гоё, бас уншаад дууссаны хойно бодууштай болжээ. Уншигч ийм бичлэгээс утга зохиолын хэлний хэм хэмжээ, сонгодог найруулга нэхэж болдоггүй юм. Учир нь ийм төрлийн бүтээл бол хэрвээ хуучны утга зохиолоор зүйрлэвэл “Үг” зохиолтой төстэй, чухам тухайн цагт тохиох явдлыг ардын хар ярианы үгээр, оновчтой уран дүрслэх тухайд билээ” гэсэн байна.
Дашрамд дуулгахад, энэхүү номын зохиогч сэтгүүлч, нийтлэлч Э.Адъяасүрэн нь хошин нийтлэлийн төрлөөр дагнан 10 гаруй жил бичиж байна.
Мөн энэхүү бүтээлд “Хөшигний цаана”, “Зүрхний бичээс” гэх мэт хэд хэдэн бүлэг багтсан бөгөөд улс төрийн фельетон, шүүмж зэрэг сэтгүүл зүйн олон сонирхолтой бичвэрийг тухлан уншаарай. Энд “Зүрхний бичээс” бүлгийн “Санаж очоод саатан тухална би” өгүүллийг уншвал нулимс чинь ч бөмбөрч мэднэ, “Зодоон” бичвэр нь таныг гүн бодолд автуулна, харин “Алаг хорвоо бидэнгүй бол аяа юутай харанхуй…” эсээг уншсан бүсгүйчүүд омогшин хөөрөх нь лавтай юм….