УИХ-ын гишүүн Д.Оюунхорол байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэдэн ч удаа эзэн суув даа. Нүүрэн дээрээ чиглэлийнхээ ажилд гарамгай зүтгэдэг мэт боловч “хөшигний цаана” байгаль сүйтгэгч байжээ. Тус яамнаас Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг гаргаж, Д.Оюунхорол холбогдох байнгын хорооны хуралдаан дээр өндөр дуугаар уншиж танилцуулж, ангийнхан нь чихээ дэлдийлгэн сонсож байлаа. Тэрбээр “Хууль бус мод бэлтгэл, ойн түймэр, хортон шавжийн хөнөөлд өртөх замаар ойн нөөцийн хомсдол, доройтол нэмэгдэж байна” хэмээн халаглаж байсан. Мөн “Монгол Улсын хүлэмжийн хийн нийт ялгарлын хэмжээ дэлхийн дунджаас бага боловч нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаралт нь 2014 оны байдлаар 6,08 тонн СО2-экв байгаа нь дэлхийн дунджаас харьцангуй өндөр байна. Манай орны байгаль, нийгэм, эдийн засгийн салбарын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээний дүнгээр мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн салбарт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэх хандлагатай байна” гэсэн судалгааг тус яамнаас гаргаж билээ. Салбарынхан ч дуу нэгтэй, хүлээн зөвшөөрч, толгой дохидог. Гэвч бодит байдал эсрэгээрээ…
Зүй нь ойн нөөц ийнхүү хомсдох болсон шалтгааны тодорхой хувь нь салбарын сайд асны үзэгний үзүүрээр шийдэгдсэнд хэлэх муу үг үл олдох. Учир гэвээс Ч.Сaйханбилэгийн Засгийн газарт Д.Оюунхорол сайд байхдаа хэдэн мянган ойн голомтыг харлуулах шийдвэрийг алга дарам цаасан дээр үзэглэж амжсан байх юм.
Хужрыг тунгааваас тус яам нь урт нэртэй хуулиас уул уурхайн лицензийг чөлөөлөх санал оруулдаг онц эрхтэйгээ ашиглан, хоёр ч удаагийн үйлдлээр асар олон мянган га газрыг усан сан бүрэлдэх талбай ба ойн сангаас хасуулж, дөрвөн яамнаас санал авсан болж, Ч.Сайханбилэгээр алх цохиулж чаджээ. Гэхдээ чоно борооноор гэгчээр энэ ажиллагаагаа наадмын өмнө болон дараа буюу олон түмний анхаарал сарниж, гишүүд хөдөөлөх үеэр хуралдаж, шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал, Архангай аймгийн Цэнхэр, Сэлэнгийн хүдэр, Булганы Бүрэг хангай, Төв аймгийн Заамар суманд буюу нийт 10226.86 га газрын алтны шороон ордын лицензийг урт нэртэй хуулиас чөлөөлсөн байна. Үүнээс 2015 оны долдугаар сарын 1-нд 4823.35 га газрыг усны нөөц бүрэлдэх талбайгаас хасуулжээ. Мөн оны долдугаар сарын 20-нд хуралдаж 5403.51-г тус тус гаргасан байна. Эдгээр компаниудын нэрийг дараагийн цувралаар зарлах болно.
Хамгийн гол нь энэ шийдвэрийн хар гайгаар 3304.8 га ойтой талбайг ойн нөөц бүрэлдэх талбайгаас хасуулсан явдал юм. Өөрөөр хэлбэл, “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-нд олныг уриалдаг Д.Оюунхорол 40-140 жилийн настай, ойн био массын амьдрах чадвар нь ид байх үед буюу долдугаар сард ийнхүү устгах шийдвэр гаргаж байжээ. Ямар агуу ой үржүүлэгч байсан ч нэг төө суулгацаас ийм их ойн масс гаргаж чадахгүй. Ялангуяа, хүн мал ихтэй энэ нутгуудад шүү дээ.
Гэвч эхний шийдвэрээр 3304.8 га талбайн ойг чөлөөлсөнөөр 1 га-д 2000 суулгац тарьдаг нормоор бодвол 6 сая 609 мянга 600 ширхэг насанд хүрсэн шилмүүст ба навчит модыг устгах шийдвэр гаргасан гэсэн үг.
Харин дараагийн шийдвэрээр дээрх нормативээр тооцвол 2197 га ой буюу 4 сая 189 мянга 360 мод устгаж, түүнээс Арын хангайн үзэсгэлэнт сум Цэнхэрийн ойн массаас 1594.98 га буюу 3 сая 189 мянга 960 мод устгах зөвшөөрөл үүгээр гарсан байна. Ийнхүү буруу гарын бузар үйлдлээр хэдэн мянган ойн хүчилтөрөгч хөрөөний ирэнд “таалал төгссөн” нь үнэхээр харамсалтай.
Ийм нэгэн дүр эсгэгч байгаль хамгаалах өндөр сэнтийд буг болж хэдэн ч удаа суув даа…
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.