Боловсролын тухай багц хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн санал хүргүүллээ

2021-01-4 Мэдээ мэдээлэл

Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ нь “Танин мэдэх аргачлалд суралцах зорилготой залууст сэтгэлгээгээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар харилцан үнэ цэн бүтээдэг талбар байна” гэсэн эрхэм зорилготойгоор тогтвортой үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага билээ. Тус байгууллагын үйл ажиллагааны онцлог нь системийн инженерчлэлийн аргыг ашиглан нийгэмд тулгамдаж буй асуудлуудад шийдэл санал болгох судалгааны ажлыг хийж гүйцэтгэдэг явдал юм. Тиймээс ч өөрсдийн мэдлэгийн нөөцөд үндэслэн Боловсролын тухай багц хуулинд өөрчлөлт оруулах, хамтран ажиллах дараах хоёр хүсэлтийг хүргүүлсэн байна. Үүнд:

Хуульд тусгагдсан нэг ойлголтыг хоёр өөрөөр тодорхойлсон байгаа нь иргэдийн дунд ойлголтын зөрүү үүсэх суурь шалтгаан болж байгаа тул хуулийн нэр томьёоны тайлбаруудыг дахин тодорхойлох. Нэр томьёоны тайлбар боловсруулах ажилд хамтран ажиллах;
Xуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нэр дурдагдсан зарим оролцогч талууд бүрэн эрх эдлэх хэлбэрээр, зарим оролцогч талууд нь эрх, үүргийг хэрэгжүүлэх хэлбэрээр, бусад оролцогчид нь үүрэг хүлээх хэлбэрээр заалттай байна. Системийн онолын үүднээс авч үзвэл нэгдсэн зорилгыг хэрэгжүүлэхэд оролцогч бүх талууд заавал гүйцэтгэх үүргийн хэлбэрээр тухайн зорилгыг хэрэгжүүлдэг байх учиртай бөгөөд оролцоог ийм янз бүрийн агуулгаар тодорхойлсоноос оролцогч талууд зорилгоо хэрэгжүүлэхэд нэг баг болж чаддаггүй, зорилгоо хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл бүрддэггүй, улмаар төрийн албан хаагчдыг авилгад өртөх нөхцөл байдлуудыг үүсгэж байна. Тиймээс оролцогч талуудын үүргийг уялдуулан боловсруулах саналтай байна хэмээжээ.
Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй боловсролын тухай хууль нь 2002 оны 5 дугаар 3-ны өдөр батлагдаж өнөөдрийг хүртэл 25 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Хүрээлэн байгаа орчин тасралтгүй өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор хуулийн зүйл заалт өөрчлөгдөх нь гарцаагүй боловч нэмэлт өөрчлөлтүүд нь системийг бүхлээр нь бус хэсэгчлэн судалж шийдлүүдийг боловсруулсанаас нэмж оруулсан өөрчлөлтүүд нь боловсрол олгох үйл ажиллагаанд тулгардаг олон асуудлуудыг шийдвэрлэх нь бүү хэл олон асуудлуудыг үүсгэж байна. Энэхүү эцэс төгсгөлгүй өөрчлөлтүүдээр туршилтуудаа хийдэг практикийг нэн даруй зогсоохгүй бол бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын эрх ашиг ноцтой хохирч байгааг бид анхааралдаа авах цаг нь болсон хэмээн үзэж “ЗСДС” ТББ-н зүгээс боловсролын тухай багц хуулинд өөрчлөлт оруулах аливаа өөрчлөлтийг санаачилахаас өмнө авах арга хэмжээнүүдийг хүсэлтэндээ тусгаж, авч хэрэгжүүлэхийг санал болгосон байна.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.