Я.Содбаатар: Баянзүрхийн эмнэлгийн голомтыг хумихад илүү анхаарах чиглэл өгсөн

2020-12-27 Мэдээ мэдээлэл

УОК өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Дархан-Уул аймгаас бусад аймагт эрүүл бүсэд шилжиж байна. Тиймээс аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн хугацааг гуравдугаар сар дуустал тогтоох санал гаргасан. Мөн хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан хугацааг гуравдугаар сарыг дуустал сунгалаа.

Мөн нийслэлд эрт илрүүлэг, идэвхтэй тандан судалгаа хийх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Хамгийн эрсдэлтэй бүс болох эрүүл мэндийн салбар, хил гаалийнхан, худалдаа үйлчилгээнийхэн, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийн дунд тандан судалгаа хийх ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн.

Цаашид АШУҮИС, дүүргийн эмнэлгүүдэд PCR  шинжилгээний аппарат суурилуулж, шинжилгээний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Эмнэлгүүдэд халдвар голомтлон тархах асуудал гарч байгаа учраас тус салбарын халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиулах, нөөц бололцоогоор хангах чиглэл өгсөн.

Мөн Баянзүрхийн эмнэлгээс гаралтай голомтыг хумих чиглэлд үйл ажиллагаагаа илүү чиглүүлэх үүрэг даалгавар өгсөн” гэлээ.

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргав. 

  • Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах,
  • Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх
  • ОХУ-ын Хиагт боомтод ирээд байгаа олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны нэгдүгээр сарын 2-4-ний өдөр хийх нь зүйтэй гэж үзлээ.

Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.