Ш.Оргил: Тусгаарлалтад байгаа иргэдээс 2, 3 дахь шинжилгээгээр вирус илэрч байна

2020-12-7 Мэдээ мэдээлэл

Сэлэнгэ аймгийн цаг үеийн мэдээллийг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил өглөө.

Тэрбээр “Сэлэнгийнхэн бид тайвшрах болоогүй, ялангуяа аймгийн төв Сүхбаатар сумын иргэд сонор сэрэмжээ улам сайжруулж, энэ цаг үед хариуцлагатай байх хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

Мөн Сүхбаатар өртөөний ажилчдад тархсан байсан халдварыг аль болох хурдан хугацаанд хумих, цааш алдахгүй тогтоох ажлуудыг тогтмол хийж байна гэлээ. Энэ аюулт вирусийн онцлог нь нэг удаагийн түргэвчилсэн болон PCR шинжилгээгээр голдуу архаг хууч өвчтэй, өндөр настан, биеийн эсэргүүцэл сул иргэдэд хурдан хугацаанд илэрч байгаа аж. Харин биеийн болоод сэтгэл санааны эсэргүүцэл сайтай идэр насныханд хоёр, гурав дахь давтан шинжилгээгээр 10-20 хоногт илэрдэг онцлогтой нь харагдаж, баталгаажиж байгаа аж. Ойрын хугацаанд илэрч байгаа тохиолдлууд дандаа өмнө нь 1, 2 дугаар хавьтлаар батлагдаж, гэрээр болон тусгаарлалтын байранд ажиглалтад авсан байсан иргэдээс 2, 3 дахь шинжилгээгээр илэрч байгаа гэдгийг аймгийн Онцгой комиссын дарга хэллээ.

Шадар сайдын баталсан “түр журам”-ын дагуу нийт 279 иргэнийг Дархан-Уул аймаг руу нэвтрүүлсэн бол тус аймагт хөл хорионд орсон өөрийн аймгийн 28 иргэнийг татан авч, гэрийн тусгаарлалтад шилжүүлжээ. Өчигдрөөс эхлэн вирусийн тохиолдлуудыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд тусгайлан бэлтгэсэн тасагтаа эмчлэх болсон. Энэ дагуу 12 дугаар сарын 6-ны байдлаар аймгийн тасагт биеийн байдал нь хөнгөн зургаан тохиолдлыг хүлээн авч эмчилгээг эхлүүлсэн. Харин биеийн байдал нь хүндэвтэр болон бага насны хүүхэд нь Цэргийн төв эмнэлэгт байгаа гэсэн шалтгаанаар хоёр иргэнийг УОК-ын шийдвэрийн дагуу Улаанбаатар хот руу тээвэрлэн шилжүүлжээ. Мөн “Өнөөдөр нэгэн өөдрөг сайхан мэдээ дуулгахад манай аймгаас 11-р сарын 19-нд вирусийн тохиолдол нь батлагдаад Цэргийн төв эмнэлэг рүү эмчилгээнд шилжиж байсан 29 настай эмэгтэй эдгэрч эмнэлгээс гарлаа. Тэрээр гэрийн сувилгаа, хяналтад шилжээд байгаа. Нийт иргэд та бүхэн энэ онцгой нөхцөлийн үед иргэний үүргээ биелүүлж амны хаалтаа зүүн, ариун цэврийн дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барин аль болох гэртээ байж бидний ажилд туслаарай” гэж тэрбээр хүслээ.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.