МАН “хумсаа нууж”, АН-ын Түгжилүүд ажилдаа гарцгаав

2017-05-19 Нийтлэл

Монголчууд төрийн шинэ тэргүүнээ сонгоход сар гаруйн хугацаа үлдлээ. Тав дахь Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгуульд парламентад суудалтай гурван нам нэр дэвшигчээ тодруулан Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээр “морьд эргэхэд” бэлэн болов. Гэхдээ энэ удаагийн сунгааны анир хэтэрхий хурц эхэлж байна. Сонгуулийн “виз” өвөртөлсөн намууд өөр хоорондоо ил цагаан шүргэлцэж, нэр дэвшигчид нь хэзээний твитэр, фэйсбүүк гээд цахим ертөнцөд “урт гартнуудаа” цуглуулж амжиж. Нөгөөдүүл нь ч захиалгаа гарамгай сайн гүйцэтгэж харагдана. Тиймдээ ч энэ зуны сонгуулийн хаялгаар Хоролмаагийн дүрд гаршсан хөлсний жиргээчид хэн хүнээс илүүтэй ажилтай, орлоготой байх нь.

Харин эрх баригч намууд сонгуулийн өмнөх хямралаа даван туулахаар хэрэндээ л хичээж байж ажиглагдах тэр дүр зураг. МАН-ын хувьд, сунгаандаа бэлдээд дотоод зөрчилдөөн болон гаднаас муухай харагдах бүхнээ тас нуугаастай. Тэдний давуу тал бол энэ. Сонгууль бүрийн өмнө дотоод зөрчлөө дарж, нэгдэж чаддаг. Аргагүй л улс төрийн ууган хүчин туршлагатай, буурь зааж буй нь энэ л дээ.Уг нь МАН шиг дотоод зөрчил үүсэх асуудал их байгаа улс төрийн хүчин сонгуулийн өмнө байхгүй. Учир гэвээс  ууган хүчний дотор битүүхэндээ УИХ-ын даргын “зодоон” өрнөж байгаа гэж хэлж болно. Цаашлаад бүлгийнх нь хаалттай хуралдааны “хар бичлэг” гадагш задарч, эрх баригч хүчин дотооддоо асуудалтай байгаа нь ийн олны өмнө ил болсон ч хуучны хатуу диктатураа барин алаагүй баавгайн арьсан дээр зодолдохгүй байх ойлголцолд хүрсэн нь сонгуулийн үр дүн яаж ч гараа билээ гэж болгоомжилсных бололтой..

Ямартай ч тэд сонгууль бүрийн өмнө хэл амаа дарж, эвтэй байх зарчмыг баримталж чаддаг нь ууган хүчний аргагүй давуу тал. АН-ыг мад тавих гол мэх нь болдог гэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу.Харин АН-ынхан нэр дэвшигчээ хүртэл өөнтөглөн нэр дэвшиж чадаагүйдээ атаархах хүн цөөнгүй. Хэвлэлийн шар хуудаснаа нэгнийгээ гоочилж, Түгжилдэх нь сүүлийн үед эрс олшров. Хамгийн сүүлд гэхэд л, намын лидерүүдээс УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин намын гол дүр Женко Х.Баттулгыгаа дэмжихгүй гэдгээ  зарлалаа. Учрыг тунгааваас Женко Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай байсан намын нөхдөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа хэрэгт холбож гүтгэсэн хэмээн үзэж буйгаа өмнө нь мэдэгдэж байсан бол энэ удаад түүнийг Ерөнхийлөгч болбол ямар сөрөг нөлөө, хор хохирол учруулахыг өөрийн байр сууринаас ийнхүү илэрхийлжээ.

Х.Тэмүүжин “Түгжил гэдэг нэр хэнд хамгийн их очиж наалдаж байна. Хэн хамгийн их мөнгийг намынхнаа намнахад зарцуулав. Ардын намтай үзээгүй өрсөлдөөнийг нам дотроо үзэн ядалтын хэмжээнд хийсэн гэх тэр хүн бусдын нүдэнд ил байгаа…
…Хамгийн аймшигтай нь шүүгчид аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хаах эрх өгөхөөр нөгөө хийсвэр эх орончид эрх мэдэл, хуулийн байгууллагын толгойд гараад ирэх юм бол Монголд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг бүх компани эрхээ хасуулах байх. Эсвэл хэт “шударга”, популист маягийн нөхөр яваад ирэх юм бол архидалттай тэмцэж байна гээд баар, рестораныг бүгдийг нь хаах байх. Цаашаа их дургүйгээ хүргэвэл улс төрийн намыг ч хааж мэднэ. Хуулийн этгээд л юм чинь таалагдахгүй байгаа улс төрийн намаа тас цохих боломжтой гэсэн үг” хэмээн тас хийтэл аваадхав. Ингэж л АН-ынхан халуун тогоондоо сонгууль бүрийн өмнө нэгнийхээ араас хутга шаана гээчийг боловсон гэгч нь үзүүлээд суух.
Ер нь тэгээд Х.Тэмүүжин өмнө нь Х.Баттулга “Сайн ах”-ын хэргийг өөрт нь санаатайгаар зохион байгуулж нялзаасан хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан удаатай. Намын нөхөд болох Л.Гантөмөрт “Мүүнчин” хэмээх цолыг хайрлаж, М.Батчимэгийг “Тагнуул” хэмээн өргөмжилсөн Х.Баттулгыг “Шунал нь дийлдэхгүй хүн” хэмээж, урьдын өс хонзон нь ийнхүү их сунгааны өмнө сэдрэх нь энэ гэнэ дээ. Хамгийн гайхалтай нь түүний араас тэсрэх цөөнгүй лидерүүд байгааг үгүйсгэхгүй бөгөөд  тохиромжтой үеийг хүлээн, үгээ бэлдэж суугаа нь ойлгомжтой хэмээх ажиглагчдын үг арай хурц уу үгүй юу, АН-ынхааан
О.МӨРӨН

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.