“Босоо” Ганбаа 10 тэрбумын босгыг хага яржээ

2017-05-17 Нийтлэл

Өчигдөр цаг агаар +31 хэмийг зааж, МАХН-ын төв цагаан байранд гал авалцсан их хуралдай болж гэнэ. Намын дарга Н.Энхбаяр тэргүүтэй босс, миссүүд ирэх сунгаанд нэр дэвшүүлэх эрхмүүдээ ээлж дараалан дэнслэн эцэс сүүлдээ олноо “Босоо” хэмээн хэлэгддэг С.Ганбаатар дээр тунасан юмсанж. Гэхдээ тэрбээр 10 тэрбум төгрөгийн босгыг өөрийн хүчээр хага ярж, зохицуулах амлалттайгаар ийнхүү МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болжээ. Учир нь сонгуулийн зардал болох 10 тэрбум төгрөгийг тухайн нэр дэвшигч өөрөө даана гэсэн аман тохироог тус намынхан халуун тогоондоо хийсэн байжээ. Тийм ч учраас тус намаас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай байсан хуульч С.Нарангэрэл энэ их мөнгийг хувиасаа гаргах боломжгүй хэмээн нэрээ хүртэл татжээ.

Харин “Босоо” Ганбаад босго давах эл хэмжээний мөнгө цээжинд нь багтсан хэрэг. Тэгээд ч намын дарга Н.Энхбаяр түүнд тусалж дэмжихээ амласан байсан нь мань хүнд ийнхүү ташуур болсон гэх. Үнэндээ Михайлд нэг бодол бий гэж. Н.Энхбаяр өөрийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол гэсэн бодолтойгоор хуучны андаа ийнхүү бэлдэж байсан бололтой. Экс эрхэм улс төрөөс амьдралын эрхээр арчигдаж байсан хуучны иргэний хөдөлгөөний “Босоо” кадрыг намдаа элсүүлж, түмэн олонд мартуулчихгүй шиг ярих юмтай суулгаад байсан нь ийм учиртай байж. Зүй нь С.Ганбаатар 2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшин ялалт байгуулж, ёстой л од шиг гялалзаж байгаад гэнэт харвачихсан гэхэд болно. “Сант марал”-ын 2016 оны гуравдугаар сард гаргасан судалгаагаар С.Ганбаатар тэргүүлж байв. Үүгээр тогтсонгүй чинээлэг нөхдүүдээр бүл нэмсэн Хөдөлмөрийн Үндэсний намын дарга боллоо. Гэвч нэг л өдөр энэ бүх амжилт нь салхинд хийсэн одох нь тэр. Түүнийг гадаадын их дээд сургууль төгсөөгүй, хуурамч дипломтой гэх асуудлыг удаа дараа сөхөж, иргэдийн сэтгэлийг сарниулав.Эцэст нь гишүүн асан ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Түүний тайлбараас үнэхээр л тэр МУИС-ийн Германы инженерийн бэлтгэл, Монгол Улсын Политехникийн дээд сургууль, ЗХУ-ын Новосибирскийн цахилгаан техникийн сургууль, “Hammersmith & West London College” зэрэгт суралцаж байжээ. Харин амьдралын ороо бусгаа шалтгаанаар төгсөөгүй нь үнэн аж. Үүнээс гадна улс төрийн гуравдагч хүчин болох магадлалтай хүчирхэгжиж байсан “ХҮН” хагаралдаж мандан бадраад байсан С.Ганбаатараа суудлаас нь буулгав. Тухайн намын зөрчилдөөнийг гаднаас буюу өрсөлдөгч намуудын шидсэн чулуу гэх нь ч бий.

Энэ мэтчилэн өгсөж, уруудаж явсаар байдгийнхаа баруун хаяаг тулах нь тэр. Учир гэвээс түүнийг гудамжны жагсагч байхаас нь Ерөнхийлөгч асан өөд татан, МҮЭХ-ны тэргүүн болгож, улмаар 2012 оны сонгуульд ялалт байгуулах үндсийг нь тавьсан гэж болно. Харин одоо экс эрхэм С.Ганбаатараар туг тахих уу,  тулга тойруулах уу гэдэг нь ирэх зуны сунгаанаас л ил болох нь дээ…

О.Соёмбо

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.