Иргэн Та төр барих эрхээ эдэлж, саналаа өгөөрэй

2020-06-24 Нийтлэл


Өнөөдөр монгол түмний Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын бүрэлдэхүүнийг сонгох өдөр. Дөрвөн жилд нэг удаа тохиож буй энэ өдөр хоёр сая гаруй иргэн 606 нэр дэвшигчээс 76-г нь сонгох юм. Сонгуулийн санал авах ажиллагаа орон даяар 07.00 цагт эхэлсэн бөгөөд 22.00 цаг хүртэл 2070 хэсгийн хороонд болно.

Энэ удаагийн сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулж буй бөгөөд хамгийн олон нэр дэвшигч өрсөлдөж байгаагаараа онцлогтой юм. Тодруулбал, томсгосон 29 тойрогт 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Мөн энэ удаагийн сонгуулийн содон үйл явдал нь гадаадаас дөрөв болон хорих ангиас зургаан иргэн нэр дэвшиж байгаа юм.

Харин сонгогчийн нэрсийн жагсаалтад хоёр сая 624 иргэн бүртгэлтэй байна. Тэдний 42 хувь нь 18-34 насны, 18 хувь нь 55-с дээш насны хүмүүс байгаа аж.

Саналаа эрт өгөх нь бөөгнөрөл үүсгэхгүй байх давуу талтай

Коронавируст цар тахлын улмаас УИХ-ын 2020 оны сонгуулийг тусгай журмаар зохион байгуулж байна. Тухайлбал, сонгогч маск зүүж, хүн хоорондын зайг баримталж, халуунаа хэмжүүлж, бээлий хэрэглэж саналаа өгөх юм. Энэ нь сонгогчийн санал өгөх хугацааг уртасгах учраас хүлээгдэл үүсэх магадлалтай. Тиймээс сонгогчид эрт саналаа өгөх нь хүлээгдэл үүсэхгүй, олон хүн бөөгнөрөхгүй байх давуу талтай юм. Санал өгөх хэсгийн хорооны байршлын мэдээллийг http://eagle.mn/r/73679 хаягаас харж болно.

Сонгогчид цар тахлаас урьдчилан сэргийлж дараах байдлаар саналаа өгнө

Санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагааг сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн даамал, үйлчлэгч, ажиглагч болон мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, нутгийн захиргааны байгууллагын алба хаагч нар хамтран зохион байгуулж, хяналт тавина.

Санал авах байрыг урьдчилан цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Санал авах байранд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.
Сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн, амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгоно.

Санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байхаар зохион байгуулна. Оролцогчид биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцана.

Сонгогч гарын хурууны хээг уншуулж, гарыг дахин халдваргүйжүүлсний дараа олгосон бээлийг өмсөж саналаа өгнө.

Сонгогч бүртгэл хийлгэх үед амны хаалтыг түр авна.

Сонгогч санал авах байрнаас гарахдаа бээлийг зориулалтын хогийн саванд хаяж, гарыг халдваргүйжүүлнэ.

Санал авах байрны агаарыг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэнэ.

Санал авах байранд хатуу гадаргууг хоёр цаг тутам ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ. Ухуулах байрны гадна талбайг тогтмол цэвэрлэнэ.

Санал авах байрны хаалганы бариул, явган болон урсдаг шат, цахилгаан шатны товчлуур, компьютер, утас зэргийг хоёр цаг тутам сайтар арчиж цэвэрлэнэ.

Санал авах байранд 18 насанд хүрээгүй хүн дагуулж ирэхийг хориглоно.

Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн авч явж, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.

Сонгогчид санал авах байр руу очихоосоо өмнө иргэнийхээ баримт бичгийг авах ёстой. Хэрвээ иргэний үнэмлэхийн хугацаа дууссан эсвэл гээсэн тохиолдолд ТҮЦ машины лавлах хуудас ашиглаж болно.

Түүнчлэн энэ удаагийн сонгуулийг олон мандаттай, томсгосон тойргоор явуулж байгаа учир нэг сонгогч тухайн тойргоор хамаарч 2-3 нэр дэвшигчийг заавал сонгох ёстой. Хэрвээ сонгогч тухайн тойргийн мандатын тооноос илүү эсвэл дутуу бөглөсөн тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно. Тиймээс хэрвээ буруу бөглөсөн бол дахин саналын хуудас авах боломжтой юм. Мөн саналын хуудсыг бөглөхдөө, зураг дарах, бичлэг хийхийг хуулиар хориглодог билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.