Чингэлтэй дүүргийн удирдлагууд өнөөдөр “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт оролцож, дүүрэгт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өглөө.
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Манай дүүрэг 159514 хүн амтай, засаг захиргааны 19 хороо нэгжтэй. Үүнээс 6 хороо төвийн буюу байшин хороолол, үлдсэн нь гэр хорооллын бүсэд байна. Дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2017-2020 онд хэрэгжих “Эрүүл мэнд 2020”, “Жаргалтай гэр бүл”, “Хотын иргэн–Хотын соёл”, “Хамтдаа хөгжье”, “Чингэлтэйд үйлдвэрлэв”, “Ногоон дүүрэг”, “Хүний нөөц, Нийгмийн баталгааг хангах“, “Чингэлтэйн боловсрол”, “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх” хөтөлбөрүүдийг Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоол “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-д нийцүүлэн боловсруулж, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.
“Жаргалтай ирээдүй-эдийн засгийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд Австри улсын “The cool tool” компанид үйлдвэрлэдэг таваас дээш насны бүх хүн хэрэглэх боломжтой “Юнимат” бүтээлч машин буюу цахилгаан болон гар багаж, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн хэрэгслүүдээр ерөнхий боловсролын сургуулиудын хөдөлмөр технологийн танхимуудыг тохижуулсан. Арьс мэдрэгчтэй, цахилгаан багажны ирэнд хуруу болон биеийн аль нэг хэсэг хүрэх үед багаж автоматаар зогсдог зэрэг аюулгүй ажиллагааг бүрэн хангасан тоног төхөөрөмж, багажийг дүүргийн төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгөөр 2016 онд ерөнхий боловсролын 5 сургуульд суурилуулсан билээ. 2017 онд дүүргийн төсвийн 280 сая төгрөгийн хөрөнгөөр мөн нэмж 4 сургуулийн хөдөлмөр технологийн танхимыг тохижуулахаар төлөвлөөд байна.
2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд орон нутгийн хөгжлийн сангийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жишиг” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг барьж ашиглалтад оруулсан. Үүний зэрэгцээ тоног төхөөрөмж, материаллаг баазыг бэхжүүлэхэд дүүргийн зүгээс 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ.
Дүүргийн хэмжээнд авто замын хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, орц, гарц нээх, хөрсний бохирдлийг бууруулж, тоосонцорыг багасган иргэдийн амар, тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог нэмэгдүүлэх ажлыг дэс дараатай, иргэдийн санал хүсэлтэнд тулгуурлан нөөц бололцооны хүрээнд хийж, хэрэгжүүлэн ажиллаж байна. 2017 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр 7 дугаар хороонд 500 у/м авто зам, урсгал зардлаар 7, 11, 12 дугаар хороодод 1.5 км байгалийн чулуун болон бетонон авто зам, Чингэлтэй хайрхан ууланд “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” бүхий амралт, аялал зугаалгын бүс болгон тохижуулахаар 230 у/м байгалийн чулуун авто замын ажлыг эхлүүлээд байна” хэмээн онцоллоо.
Тус дүүргийнхэн 2017 онд “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй хайрхан уулыг түшиглэн “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” нэртэй амралт, зугаалгын бүс бий болгохоор зураг төсөл боловсруулан ажлыг эхлүүлсэн байна. Хаврын ногоон байгууламжийн ажлын арчилгааны хүрээнд 286 улиас мод, 152 ширхэг бут сөөг, 5901 метр ургамалан хашлагын тайралт, хэлбэржүүлэлт, шохойжуулалт, 58940 м2 талбайн зүлэг самналт, 58940 м2 талбайд хаврын цэнэг усалгаа тогтмол хийж буй аж.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас төрийн бус өмчийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин “Нэг гараа-Тэгш боломж-I, II” зорилтот төслийг амжилттай хэрэгжүүлж сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 5 настай 544 хүүхдийг цэцэрлэгт хамруулжээ. Нийслэлийн төсвийн тус бүр нь 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 12, 16, 17 дугаар хороонд 180 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, 120 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн цогцолборын барилгууд баригдаж ашиглалтад оруулсан байна. Эдгээр цэцэрлэгүүдэд нийт 680 гаруй хүүхэд багачууд хүмүүжиж, тухайн хорооны 100 гаруй иргэн ажлын байртай болжээ.
А.Уянга
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.