Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүд

2020-03-9 Засгийн газар
Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүд

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан  өчигдөр буюу 03 дугаар сарын 08-ны өдөр болж Монгол Улс-Япон Улс, Монгол Улс-БНСУ хоорондын болон Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг 2020 оны 03 дугаар сарын 28-ныг хүртэл сунгалаа.

Коронавируст халдвар голомтлон тархаж буй  бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, холбогдох арга хэмжээг авахаас гадна гадаад улс орнуудад зорчихгүй байхыг Монгол Улсын нийт ард иргэддээ уриаллаа.

Мөн коронавируст халдвар голомтлон гарсан улс орноос ирсэн иргэдийг тусгаарлах байранд болон гэрээгээр тусгаарлан ажиглах журмыг боловсруулан, батлуулж, хяналт тавин ажиллахаар боллоо.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хилийн зарим боомтыг түр хааж, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан тул Монгол Улсаас визийн хугацаандаа гаргах боломжгүй болсон нь холбогдох баримтаар тогтоогдсон гадаадын иргэний визийг сунгах асуудлыг харьяалах улстай нь харилцан адил байх зарчмыг баримтлан шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.