Монголд цалингаасаа давсан зардалтай ганц л ажил бий, гэхдээ тэр нь их эрэлттэй

2020-03-4 Нийтлэл

Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаал гарч УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ. Эндээс харвал Орхон аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээ нь 431 сая төгрөг байх аж. 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд авч үзвэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгч нэр дэвшигч эрхэм хамгийн өндөр буюу 718.9 сая төгрөгийг сонгуульд зарцуулах гэнэ.

Өөрөөр хэлбэл, Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоож “нам, эвслээс гарах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум бол нэг нэр дэвшигчээс гарах зардлын дээд хэмжээг 775 сая төгрөг” байх ёстой гэж зарлав.

Гэхдээ энд яах аргагүй тийм нэг сэрдэж, хардмаар локиг байгаад байна. УИХ-ын гишүүний сарын цалин 1.2 сая төгрөг. Цалинг нь дөрвөн жилийн 48 сард үржүүлэхээр 57,6 сая төгрөг. Гэтэл ийм цалинтай ажлын байранд өрсөлдөхийн тулд 775 сая төгрөг зарцуулах учир юу байна. Гэвч сонгуульд улайран дайрч, улангасан чичирдэг нам, бүлэглэлийн “ёсон” энэ манай үед дэвшичлэн тогтжээ. Тэгэхээр л төрийн дээд сэнтий ямар зөөлөн, суусан эзэндээ хэр их өгөөжтэй байдаг нь энэ биз ээ…

Харин хамгийн бага нь Говь-Алтай аймагт нэр дэвшсэн эрхэм 360.4 сая төгрөгийг сонгуульдаа зарцуулах юм байна. Тойргуудад нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг тогтоохдоо  төрийн байгууллагуудаас хуульд заасан мэдээллүүдийг гаргуулан авч ажиллажээ. Тухайлбал, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагаас өрхийн болон сонгогчийн тоо, инфляцын өсөлт, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил зэрэг мэдээллийг авсан байна.

Харин УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эвслийн сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөг байхаар Ерөнхий аудиторын тушаалаар мөн баталжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.