“БНХАУ-д шинэ коронавирусийн тархалтын оргил үе өнгөрсөн гэж ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН мэргэжилтнүүд дүгнэжээ” гэсэн мэдээгээр энэ өдрийг угтлаа. Харин эл өдөр манай Ерөнхийлөгч Х.Баттулга урд хөршид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр урд хөршийг зорих таагүй ч гэмээр юм уу, тийм нэгэн мэдээ чих дэлсэв. Албаныхны үгээр бол тэрбээр дэлхийг донсолгоод буй эл тахлын тархалттай холбоотой асуудлаар тус улсын удирдлагуудтай туршлага, санал солилцох гэнэ.
Хамгийн гол нь айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Си Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж буй.
Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм.
Иргэн хүний нүдээр төрийн тэргүүний энэхүү айлчлалыг өдөр алдаж шөнө гэгч болж гэмээр. Тэгээд ч “Улс орондоо хорио цээрийн дэглэм тогтоочихоод” халдвартай бүс нутаг руу зорчихгүй бай гэж иргэддээ анхааруулчихаад, өөрөө явчихдаг нь юу гээч болж байна вэ гэж халагламаар. Тэр үнэхээр урд хөршийн (covid-19) халдвартай хэрхэн тэмцэж буй туршлагыг судлах хэрэгтэй байгаа бол хорвоо ертөнц хөгжсөн энэ үед техник технологи ашиглаж болох шүү дээ…
Энэ мэтчилэн тэрслүү үг олныг урсгамаар байвч монгол хүний уужуу ухаанаар холыг зорих хэний ч өлмийд сүү өргөдөг монгол ёсыг бодож, эх орон элгэн нутагтаа эрүүл саруул эргэн ирэхийн ерөөл өргөе. Тэднийг ирсэн хойно нь сайн тусгаарлаж, 14 хоног хөл хорионд оруулж шинжилгээ авах ёстой. Хамт явсан хүмүүсийг нь ч мөн адил тусгаарлах учиртай. Үнэхээр эл хатуу цаг үед бүхэл бүтэн тусгаар улсын баг бүрэлдэхүүн хар голомтод биеэр очих хэрэг байгаа бол чухал учиг бий биз ээ…
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.