-Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ-
Говь-Алтай аймагт ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа учир битүүлгээр амиа алдсан хэрэг өнгөрсөн лхагва гарагт гарав. Талийгаач аймгийн Засаг даргын Тамгын газар дээр хуралтай хэмээн мягмар гаригийн үдээс хойш ажлаасаа гарсан бүсгүй маргааш нь үүрээр автомашиндаа нас барсан байдалтай олдсон.
Талийгаач тухайн өдрийн орой 21:00 цагийн орчимд аймгийн Засаг дарга В.Ренчиндоржийн албан өрөөнд орсон. Тэнд Засаг дарга тэргүүтэй нэр бүхий хүмүүс төрсөн өдөр, албаны баяр тэмдэглэж согтууруулах ундаа хэрэглэсэн. 00:20 цагийн орчимд талийгаачийг Засаг даргын өрөөнөөс нэг хүн үүрч, дэргэд нь нэг хүн дагалдан гарсан талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлж буй. Тэд талийгаачийг автомашинд нь аваачиж үлдээгээд буцсан бололтой.
Уг явдлын талаар Засаг дарга В.Ренчиндорж зарим хэвлэлд тайлбар өгөхдөө “Миний албан өрөөнд юу ч болоогүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй. Цагдаагийн байгууллага дотоод болон гадаад камерын бичлэгийг аваад явсан шалгаж байгаа. Намайг хариуцлага тооцсон гээд байгаа. Би өөрөө шууд энэ агентлагт нөлөөлөх аргагүй тул холбогдох байгууллагуудад мэдүүлэх хуудас явуулсан” гэжээ.
Тэгвэл тухайн өдөр аймгийн ЗДТГ-ын албан байранд жижүүрээр гарч байсан иргэн хэвлэлд ярихдаа “Засаг даргын өрөөнөөс нэг эмэгтэйг нэг залуу үүрээд гарч явсан. Түүнийг дагалдаж Засаг даргын нарийн бичгийн дарга ч явсан. Удалгүй нарийн бичгийн дарга ороод ирсэн. Ямар учиртайг лавлаж асуухад “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүн байгаа юм. Согтчихсон учраас ажлынх нь хүнээр хүргүүлэхээр явуулчихлаа” гэсэн хэмээсэн байна.
Харин ЦЕГ-аас хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад албан тушаалтнууд ЗДТГ-ын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн тайлбарыг өгсөн билээ. Талийгаач чухам юунаас болж амиа алдсан талаарх мэдээлэл одоогоор маш бүрхэг байна.
Эл хэрэг явдалтай холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Говь-Алтай аймгийн Засаг дарга ажлын байрандаа архидан согтуурахгүй байх Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон. Өөртэй нь холбогдоход үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс ёс зүйн хариуцлага хүлээлгэж ажлаас нь чөлөөллөө. Дараагийн Засаг дарга томилогдох хүртэл орлогч нь үүрэг гүйцэтгэнэ. Аймгийнх нь Цагдаагийн газрын даргатай нь холбогдсон. Хүн амины хэрэгтэй холбоотой асуудлыг нь шалагахад хамгийн багадаа 14 хоногийн хугацаа орно гэсэн” юм.