УОК: Төрийн нэг эмнэлгийг суллаж шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдлыг хянана

2020-02-5 Засгийн газар

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Монгол Улсыг шинэ коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй бүсэд багтаагаад байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс хаалттай горимоор шуурхай хуралдлаа. 

Хуралдааны талаарх мэдээллийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаас тодруулсан юм. “Тэрбээр “Нөхцөл байдал нэлээд ярвигтай болж байна. Учир нь шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоногт мянга мянгаар, нас барж буй хүний тоо 60 гаруйгаар нэмэгдэж байна. БНХАУ-ын Хубэй мужид шувууны томуу буюу H5N1 гэсэн өвчин илэрсэн. Үүнтэй холбоотойгоор давхар шийдэх асуудал гарч ирлээ.

Мөн БНХАУ-тай хил залгаа улсуудад шинэ коронавирусийн халдвар илэрсэн учраас Монгол Улс урьдчилан сэргийлэх шинэ төлөвлөгөө гаргах зайшгүй шаардлагатай болж байна. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн шийвэр гарсан. Тухайлбал, шувууны томуутай холбоотойгоор тахианы мах, тахианы махан бүтээгдэхүүний импортыг хориглосон бөгөөд хилийн боомтууудын асуудал гарч буй.

Одоогоор ихэнх боомт хаагдсан байгаа. Гаднаас ирэх хүсэлтэй иргэд нэмэгдэж байна. Тиймээс боомтууд дээр Онцгой комиссын ажлын хэсэг ажиллуулах хэрэгтэй. Зарим бараа бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох ажлыг албан ёсоор салбар, салбарын төлөөлөлтэй гарах гэж байна.

Түүнчлэн шинэ коронавирустэй холбоотойгоор салбар дундын шинэ төлөвлөгөө батлахаар хэлэлцлээ. Төлөвлөгөөнд орох саналаа бид нэгтгээд маргааш өглөө Улсын Онцгой комисс дахин хуралдаж энэ асуудлыг хэлэлцэж, Засгийн газарт шаардлагатай болох хөрөнгө мөнгөтэй нь танилцуулахаар өргөн барина.

Бас нэг хүндрэлтэй асуудал нь эмнэлэг бүр өөрсдийн өвчтөнүүдийг хүлээж авахаар байна. Гэтэл дэлхий нийтийн жишгээр бол тусгаарлах нэг эмнэлгийг бие даасан байдлаар гаргах нь зүйтэй.

Үгүй бол эмнэлэг бүр дээр хөрөнгө мөнгө болоод халдвар хамгааллын асуудал үүснэ. Тиймээс аль эмнэлгийг шинэ коронавирустэй холбоотойгоор тусгаарлах талаар шийдвэрийг Эрүүл мэндийн яам өнөөдөр гаргана. Энэ шийвэр гарсны дараа өвчилсөн болон сэжигтэй хүмүүсийг хүлээж авах нэг цэгтэй болно гэж ойлгож болно.

Мөн хүнсний хангамж болон үнийн асуудал яригдлаа. Үнийн тухайд өсөж байгаа эсэхэд хяналт тавьж,  тогтоох байгууллага төлөвлөгөөнд зайлшгүй тусгагдаж байна. Түүнчлэн улсын нөөцөд байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг хэрхэн хуваарилах асуудлыг ч бид ярилаа.

Үдээс хойш Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүнд  байдаг байгууллагын төлөөллүүд тооцоо судалгаагаа гаргаад Сангийн яаманд танилцуулна.

Сангийн яам нэмэлт хөрөнгө мөнгийг өөрийн төсөвт багтаан нэгтгэж, тушаал шийдвэрээ гаргана. Сая бид урьдчилсан байдлаар хэлэлцэж тохироод маргааш өглөө Улсын Онцгой комиссын хурлаар оруулахаар боллоо. Улмаар Засгийн газар хуралдаж, батлах юм.

Хорио цээрийн дэглэм улсын хэмжээнд явж байгаа. Гэхдээ бид хилээр орж ирж байгаа иргэдийг хилийн боомт дээр тусгаарлах шаардлага байна. Одоо бид хилээр орж ирж байгаа хүмүүст үзлэг шинжилгээ хийгээд авчирч тусгаарлаж байна. Энэ асуудлыг цаашдаа тэнд нь тусгаарлах уу гэдгээ шийдээд дараа нь энд авчрах хэрэгтэй гэсэн нарийвчилсан асуудал яригдсан.

Эрүүл мэндийн сайдын өгсөн мэдээллээр Дарханд нэг иргэнийг тугаарласан байгаа бөгөөд коронавирус илэрсэн гэж батлагдаагүй.

Хилийн боомтууд дээр гарах ажлын хэсэгт хил хамгаалах, Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллага болон Онцгой байдлын газар гэх мэт 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэнд зөв ажиллаж байгаа эсэхийг шалгахаас гадна ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөр аюулгүй байдлыг газар дээр нь шийднэ” гэлээ.

 

Дашрамд дуулгахад, Онцгой комиссын хуралдааны өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдсан бөгөөд коронавирусийн өнөөгийн ерөнхий нөхцөл байдал, ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан байна. Тодруулбал, хурлаар БНХАУ-аас гахай, тахианы мах импортлохыг хориглох, коронавирусийн халдвар орж ирсэн тохиолдолд эмнэлэг, ор бэлэн байлгах зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Түүнчлэн баар, цэнгээний газруудыг хаах тухай саналыг ч мөн хэлэлцсэн байна. Гэхдээ яг албан ёсоор хаах тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй ба шөнийн 00:00 цаг хүртэлх ажиллуулах одоогийн хуваарийг хэвийн мөрдөх шийд хэвээр байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.