Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх эрх ашиг, эрхэм зорилгод тулгуурласан шийдвэр гаргах туршлага, мэдлэг, ойлголттой байх үндсэн шаардлага, нийтлэг болон тусгай шаардлага хангасан, санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай хүнийг “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд оруулна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаанаараа Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөн, нээлттэй сонгон шалгаруулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. 2010 оны тавдугаар сараас хойш “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монголын талаас долоон удаа, нийт 13 хүнийг томилж, чөлөөлсөн байна.
Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
-“Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүдэд тавигдах шаардлагыг яаж өөрчилсөн бэ?
-Энэ бол маш зөв шийдвэр “Оюу толгой” бол Монголын хуулийн этгээд. Тийм учраас компанийн тухай хуулийг дагах ёстой. Тэнд жижиг асуудал гарахад л Засгийн газар руу оруулж ирээд байдаг байж болохгүй. Удирдах зөвлөл дээрээ яриад шийддэг байх ёстой. Дээд тал нь “Эрдэнэс Монгол” дээр шийдэгддэг байх ёстой.
-Одоо байгаа Монголын талын гурван гишүүн шинэчлэгдсэн шаардлагад тэнцэж байгаа юу?
-Одоогийн ТУЗ-ийн гурван гишүүн өрсөлдөөд тэнцвэл үлдэнэ. Гэхдээ өөрчлөгдөх нь тодорхой л доо.