“Эрдэнэт” үйлдвэр “хар”-уудын мэдэлд очих вий дээ, төрийн түшээд ээ

2017-05-1 Уул уурхай
Ийнхүү 76 гишүүн, төрийн өндөрлөгтэй юутайгаа мунгинаж суухад, арбитрын шүүхээс барьцаанд байгаа хөрөнгийг хураах шийдвэр тас гээд буулгачихвал яанам бэ. Хамгийн гол нь ийм магадлал өндөр байна гэдгийг салбарынхан халаглах болов. Ингэсэн тохиолдолд сүүлийн 30 гаруй жил “Монгол-Оросын хамтарсан үйлдвэр” гэх статустайгаар ажиллаж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр “Монгол-Өмнөд Африкийн хамтарсан үйлдвэр” болно. Эцэст нь хэлэхэд, “Эрдэнэт” үйлдвэрийн голомтыг харлуулах галт тэрэг гараанаас арай л хөдлөөгүй байгаа дээр анхаарлаа хандуулаач, түшээд ээ.
 “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой нүд бүлтийлгэсэн мэдээллүүд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ээлж дараалан хөврөх болов. Хаврын урт өдрүүдийн амны зугаа гаргах шиг өдөр бүхэн нэг шинэ сураг ажиг тэр зүгээс чих дэлсэх болж. Нэг хэсэг төрийн зэмшилд байсан 51 хувийг гадны банкинд барьцаалж зээл авсан тухай асуудал өвсөнд тавьсан түймэр шиг дүрэлзээд тэгсхийгээд намдсан. Сураг сонсох нь ээ  төр түшилцсэн нэр бүхий гишүүн эл асуудлыг булзааруулж, худал ярьсан нь учир мэдэх нэгний “байцаалт” юугаар илчлэгдсэн учраас асуудлыг дээрээс зохицуулж намжаасан гэх. Мөн хэдхэн хоногийн өмнө тус үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн өөрийн нарийн бичгийн дарга болох Симоново Анна Юрьевнагийн төрөлх улс руу нь яваад ирсэн тухай дуулдсан. Саяханыг болтол ОХУ-тай дөрөө харшуулан үйл ажиллагаагаа явуулдаг байсан “Эрдэнэт” үйлдвэрийн бууринд энэхүү орос бүсгүй үйлдвэрийн даргыг бараадаж үлдсэн нь ямар ч учиртай юм, хэн мэдэх вэ. Харахад хэний ч харааг булаам сайхан хүүхэн л байв шив.
Юутай ч Х.Бадамсүрэн дарга улсын саалийн үнээ болсон тус үйлдвэрийн тамга тэмдэгийг атгасан даруйдаа гаргасан анхны шийдвэр нь үйлдвэрийн мөнгөөр машин авч, улмаар байрны засвар, тансаг тавилга худалдан авсан нь өдгөө олон нийтийн эгдүүцлийг төрүүлсээр байна. Харин түүний албан бичигт хавсаргасан хоёр дахь тушаал бол нөгөө сайхан орос бүсгүйг туслахаараа ажилд авах тухай байсан гэх юм билээ.
Цаашлаад, хамгийн сүүлд авсан мэдээллээр “Жастын” гэх тодотголтой Ш.Батхүүгийн буянаар улсын ууган үйлдвэр Африкын эзэмшилд очих магадлал тун өндөр болсон дуулдана. Чухам энэхүү “жиргээг” хэн хаанаас ямар зорилготой нийтийн дунд шидэж байгаа нь одоогоор яг таг батлагдсан зүйл байхгүй. Гэхдээ аливаа асуудал ямагт хоёр талтай байдаг хойно. Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж 140 сая ам.долларын зээл авсан нь хэдийнэ нотлогдсон. Учир мэдэх нэгэн нь ч энэ талаар ярьж, төрийн түшээд ч чуулганы танхимд энэ талаар дэлгэж байсан удаатай. Тэгэхээр энд ямар шинэ мэдээ чих дэлсэв гэхээр сүүлийн өдрүүдэд  энэ асуудлыг Лондонгийн арбитрын шүүхээр хэлэлцэж байгаа гэнэ.
Үнэндээ нэхэмжлэгч тал болох “Стандарт” банкны хохирлыг Монголын Засгийн газар барагдуулах санхүүгийн чадамжгүй гэдгээ тус үйлдвэрийн хувийн хэвшлийн эзэмшилд байсан 49 хувийг төр хүлээж авахдаа л үгний цаана хавчуулж байсан нь хэвлэлийн шар хуудаснаа архивлагдан үлдсэн байдаг. Гэтэл сүүлийн өдрүүдэд Ц.Гарамжав гишүүн олон янзын юм ярьж попдоод дээр нь Олон улсын валютын сан /ОУВС/-гаас манай Засгийн газарт Төсвийн тодотголыг эргэж харах, хөрөнгө оруулагчидтай холбоотой заалтыг нягтлах даалгавар өгсөн нь төр засгийн өндөрлөгт суугаа хэдэн хүнийг уймруулж орхих нь тэр. Ёстой л юун Ш.Батхүүгийн өр төлбөрийг эргэн харах манатай сууцгаана. Тодруулбал, ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах асуудал энэ сарын 28-ны өдөр буюу өнөөдөр ОУВС-ийн захирлуудын хурлаар орж, шийдвэрлэгдэх ёстой аж. Тиймээс өнөөдрийн чуулганаар төсвийн тодотголыг эргэн харж, өөрчлөлт оруулж магадгүй нөхцөл байдал үүссэн бололтой.
Ийнхүү 76 гишүүн, төрийн өндөрлөгтэй юутайгаа мунгинаж суухад, арбитрын шүүхээс барьцаанд байгаа хөрөнгийг хураах шийдвэр тас гээд буулгачихвал яанам бэ. Хамгийн гол нь ийм магадлал өндөр байна гэдгийг салбарынхан халаглах болов. Ингэсэн тохиолдолд сүүлийн 30 гаруй жил “Монгол-Оросын хамтарсан үйлдвэр” гэх статустайгаар ажиллаж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр “Монгол-Өмнөд Африкийн хамтарсан үйлдвэр” болно. Эцэст нь хэлэхэд, “Эрдэнэт” үйлдвэрийн голомтыг харлуулах галт тэрэг гараанаас арай л хөдлөөгүй байгаа дээр анхаарлаа хандуулаач, түшээд ээ.
О.МӨРӨН

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.