Ард түмэнд таалагдахын тулд засаг төр оршин тогтнодоггүй. Ард түмнийг сайн сайхан амьдрах нөхцөл боломжоор хангах нь л төрийн үүрэг. Ингэхийн тулд ард түмэнд таалагдахгүй шийдвэр гаргахад ч хүрнэ. Түүнээс биш аливаа шийдвэр гаргахдаа олон нийтийн “амыг харах” юм бол жинхэнэ дампуурал, хямрал руу явна. Зорилго нь арга замаа зөвтгөнө гэдэг үг ч бий.
Ард түмэнд таалагдсан шийдвэр гаргасаар байгаад Уго Чавес улс орноо дампууруулж орхисон байх жишээтэй. Тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөн гаргаж, эрдэс баялгийн салбартаа төрийн мэдлийг тогтоосон, 1.5 сая орон сууц үнэгүй тараан, АНУ-аас өндөр үнээр авсан бараагаа хэд дахин хямдаар зарсан зэрэг нь байгалийн баялгаар баян энэ улс орныг 20-хон жилийн дотор хямралын ёроолд унагасан.
Товчхондоо бол олон нийтэд таалагдсан шийдвэр гаргах нь популизмын гол шинж. Түүнээс биш ажил хийе, улс орноо хөгжүүлье гэвэл олон нийтэд таалагдаагүй, тэдний дэмжихгүй байгаа зүйлийг ч хийхээс өөр аргагүй. Энэ бол эм гашуун ч өвчинд тустай гэдэг шиг л юм. Ийм шийдвэр гаргахад эрх баригчдаас тодорхой хэмжээний эр зориг шаардана. Мэдээж ард түмэнд таалагдахгүй алхмууд нь дараагийн сонгуулиар тэдэнд хасах оноо авчирна. Үүнээс улстөрчид үхтэлээ айдаг. Тиймээс улс орны эрх ашгийн эсрэг, урт хугацааны эдийн засгийн зорилго, үр дүнг золиослох замаар, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхийг нь мэдсээр байж ард түмэнд таалагдахын тулд богино хугацааны ашиг харсан популист үйлдэл хийдэг.
Ийм шалтгаанаар УИХ, Засгийн газар, нийслэлээс гаргасан олон шийдвэр цуцлагдаж байв. Зоригтой хэрэгжүүлээд явсан бол урт хугацаанд үр дүнгээ өгөх шийдвэр, шийдлүүд ард түмэнд таалагдаагүй тул ажил хэрэг бололгүй үлдсэн нь бий.
Өчигдөр л гэхэд нийслэлийн ИТХ-аас авто зам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг сөрөг хүчний намууд болон иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцэж жагсаал цуглаан хийсэн. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дуудаж уулзан олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар нэг асуудлаар шийдвэр гаргуулахдаа иргэдийн санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байх нь зүйтэй гэдгийг онцолж авто зам ашигласны хураамжийг нэмсэнтэй холбогдуулан энэ талаар НИТХ-д дахин асуудал оруулж хэлэлцүүлэхийг чиглэл болгов. Ерөнхий сайдын чиглэл болгосны дагуу тооцоо, судалгаагаа дахин нягталж, хуулийн хугацаанд нь НИТХ-д хандана гэдгээ хотын мээр хэлжээ.
Гүйцэтгэх засаглалын тэргүүний энэ үйлдэл олон нийтэд маш их таалагдаж байгаа нь тодорхой. Гэхдээ авто машин ашигласны татварыг нэмэх нь зөв байсан бол яах вэ? Олон нийтэд таалагдаагүй гээд зөв шийдвэрээс буцах уу? Төрийн захиргааны байгууллага нэг шийдвэр гаргангуут иргэний хөдөлгөөнийхөн гэж өөрсдийгөө нэрлэсэн нөхөд жагсаал цуглаан хийж, Ерөнхий сайд нь тэр даруй дунд шатны байгууллагынхаа шийдвэрийг цуцлуулах чиглэл өгсөн зэрэг нь цаашид давтагдаад баймааргүй жишиг.
-Нийгмийн янз бүрийн бүлэг, нэгжүүдийг хүлээн зөвшөөрч, тэдний ашиг сонирхол, хүсэл зоригийг эн тэнцүү буюу байж болох хэмжээгээр нь харгалзан шийдвэр гаргах нь ардчилсан төрийн үндсэн шинж. Ийм учраас иргэний оролцоо яригддаг. Гэхдээ төр нийгмийн бүлэг бүрийн төлөөллийн хүсэл бүрээр нь шийдвэр гаргах албагүй. Иргэдээс асуух нь нэг арга бөгөөд нэмээд судалгаа, шинжилгээ, шинжлэх ухааны тооцоо үндэслэл дээр суурилж төр шийдвэрээ гаргах ёстой. Ингэж шийдвэр гаргах нь төрийн үүрэг. Өөрөөр хэлбэл, иргэний оролцоо гэдэг нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцдог зайлшгүй нэг арга хэрэгсэл юм.
Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид:
2013 онд хотын мээр байсан Э.Бат-Үүл буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг журамлах талаар нэлээд зоримог шийдэл боловсруулсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, тухайн үеийн төр засгийн удирдлагууд олны санаа бодлыг даган мээрийн санаачилгыг таслан зогсоож байв. Гэтэл эдүгээ УИХ-д өргөн бариад байгаа Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашинуудад хязгаарлалт тавих, 2021 оноос ийм тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх заалтууд тусгагдаад байгаа. Олон нийтийн санаа бодлыг аялдан дагаснаар буруу талдаа жолооны хүрдтэй автомашины хэрэглээг хязгаарлах асуудал зургаа долоон жилээр хойш татагдсан гэсэн үг. Тухайн үед шийдвэртэй алхмууд хийгээд явсан бол өнөөдөр автын осол 70 хувиар буурч, тэр хэрээр эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгөнд учрах эрсдэл багассан байх байв. Манай улсад буй нийт тээврийн хэрэгслийн 60 гаруй хувьд нь буруу талдаа жолооны хүрдтэй бөгөөд авто тээврийн осолд өртөж буй тээврийн хэрэгслүүдийн 70 гаруй хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй байгаа аж.
Яг үүн шиг хотын төвийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор гол замуудад урсгал сөрөн зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр хоёр жилийн өмнө гарсан ч олон нийтийн эсэргүүцлээс болж цуцалсан. Энэ жил шинэ гүүр тавих болон зам засварын ажил явагдсантай холбоотойгоор хөдөлгөөний нягтрал эрс нэмэгдэхэд зүүн гарын эргэлтийг хориглох замаар түр зохицуулалт хийснээс харахад дээрх шийдвэр уг нь түгжрэлийг бууруулах бодитой ажил байсан нь харагдана.
Яг үүн шиг анх авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчих, дугаарын хязгаарлалт хийх зэрэг шийдвэрүүдийг олон нийт болон сөрөг хүчнийхэн эсэргүүцсэн асар хүчтэй эсэргүүцэж байв. Хэрвээ тухайн үед олон нийтийн санаа бодолд нийцүүлээд дээрх шийдлүүдийг цуцалсан бол түгжрэл өнөөдөр ямар байхыг таашгүй. Нүдээ олсон, цагаа олсон зөв шийдлийг олон нийтэд таалагдахгүй байсан ч зоримог хэрэгжүүлсний үр дүн ингэж гардаг. Товчхондоо бол ард түмэнд таалагдсан, таалагдах гэж хичээсэн төр ажил хийж чаддаггүй.
Гэхдээ энэ нь иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байна гэсэн үг бас биш. Тэд юу хүсч байгааг мэдэж, судалж байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн оролцоог хангах зарчим, мөн чанарыг илэрхийлсэн зүйл заалтууд бий. Бусад хуулиудад ч энэ талаар нийт 459 зохицуулалт байдаг аж. Тэгэхээр иргэд олон нийтийн оролцоог хангах, дуу хоолойг нь сонсох эрх зүйн орчин боломж хангалттай бүрдсэн. Иргэд өөрсдөө мэдээлэлтэй байж аливаа асуудалд голч, төв байр сууринаас, үндэслэл, судалгаатай хандах учиртай. Түүнээс сургаар юм уу, улс төржсөн өнцгөөс асуудлыг нэг бол дэвэргэн хөөргөх, эсвэл эсэргүүцэн шүүмжлэх байрнаас хандах нь туйлшрал юм. Санаа бодол гэдэг бол хүмүүсийн эргэцүүлэл, төсөөлөл төдий зүйл. Тиймээс иргэд шийдвэр гаргахад оролцохын тулд өөрсдөө хангалттай мэдээлэл, баримт, судалгаа, үндэслэлтэй байх ёстой болдог бөгөөд учир нь нийгмийн бүлгүүдийн хүсэл сонирхол хоорондоо зөрчилтэй байдаг гэдгийг судлаачид онцолсон байдаг.
Хүн эрхээ эдлэхдээ дараах гурван зүйлийг гажуудуулж болохгүй гэж үндсэн хуульд заасан. Эхлээд бусдын эрх, эрх чөлөө, эд хөрөнгө, бие махбодод нь халдаж болохгүй. Энэ бол эрүүгийн болон зөрчлийн хуулиар шийдэгдэх зөрчил, гэмт хэрэгт тооцогдоно. Энэ бол иргэний оролцоо биш. Мөн нийгмийн хэв журмыг гажуудуулах, үндэсний аюулгүй байдалд харшлах зүйл хийх замаар эрхээ эдлэх боломж Монгол Улсад байхгүй. Үүнийгээ бид ялгахгүй бол сүүлийн үед иргэний оролцоо гэх нэрийдлээр анархи үйлдлүүд багагүй гарах болсныг хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
-Төрийн байгууллагын үндсэн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг иргэдээс асуух шаардлагагүй. Хуулинд нэгэнт заагдсан мандат байгаа учраас түүнийхээ хүрээнд ажиллах ёстой. Гэтэл асуудлыг шийдвэрлэхэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа тохиолдолд иргэдээс заавал асуух учиртай. Төсөв мөнгөний асуудлыг иргэдээс асуухад хэцүү. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө тодорхой хэмжээтэй байдаг учраас ямар асуудлыг түрүүлж шийдэх вэ гэдгийг иргэдээсээ асууж байгаа юм. Харин төсвийн асуудлыг иргэдээс асуух шаардлагагүй. Төрийн бодлогынхоо хүрээнд шийдээд явах учиртай. Үүнийг хуулинд нарийн заагтай тусгахгүй бол юм болгоныг иргэдээс асуух ёстой гээд хэт туйлшрах хандлага үүсэх вий. Юм болгоныг биднээс асуух ёстой гээд иргэд бас ойлгочих вий.
Удирдлагын академийн багш, судлаач, доктор Ц.Дэлгэржаргал
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.