Сонгинохайрхан дүүргийн XXV хорооны бяцхан үрс 170 дугаар цэцэрлэгт бүрэн хамарч хүүхдүүдээ 100 хувь сургуулийн өмнөх насны боловсролд хамруулсан Улаанбаатар хотын хамгийн анхны хороо боллоо. Тус цэцэрлэг нь боловсролын стандартдаа монгол хүүхдэд монгол арга ухааныг заах хөтөлбөрийг нэвтрүүлсэн анхны цэцэрлэг болж, улмаар “Удамт Монгол хүүхэд” хөтөлбөрийн нээлтийг хийв.
2011 онд 100 хүүхдийн хүчин чадалтай нээгдсэн энэхүү цэцэрлэгт одоогийн байдлаар 18 бүлэгт 620 гаруй хүүхэд суралцаж байна. Цаашид энэ газар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 600 хүүхдийн цогцолбор сургууль барихаар гэрээ хэлэлцээр байгуулжээ. Энэ талаар 170 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Барнан, “Манай хороо 12 мянган хүн амтай. Цэцэрлэгийн насны 1000 гаруй хүүхэд бий. Бага сургуулийг цэцэрлэг болгон өргөтгөснөөр дээрх хүүхдийн 90 орчим хувийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж чадсан. 24 цагийн үйл ажиллагаатай ангидаа ойролцоох 4 хорооны зорилтот бүлгийн 60 хүүхдийг сургаж байна. Манай цэцэрлэг өмнө нь 4 бүлэгтэй байсан бол одоо 18 бүлэгтэй болсон. Цэцэрлэгийн доторх тохижилтыг багш нарынхаа хүчин чармайлт, идэвх санаачилгаар бий болгосон. Монгол ёс заншил, нүүдэлчин соёл бий болгох уур амьсгалыг эцэг эхчүүдийн дэмжлэг, тусламжтайгаар хийлээ. Тиймээс багш нар болон эцэг, эхчүүддээ талархал илэрхийлье” гэсэн юм.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “2016 оны НИТХ-ын сонгуульд МАН-аас “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэн хороо бүрт сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийднэ” гэсэн амлалтыг өгч байсан. Үүний эхний биелэлт бол энэ цэцэрлэг боллоо. Бид тус хорооны цэцэрлэгийн хамрагдалтыг 100 хувь шийдэж чадлаа. Анх 100 хүүхдийн хүчин чадалтайгаар 2011 онд төлөвлөсөн байдаг. Гэтэл өнөөдөр 600 хүүхэд хамруулан сургаж байна. Энэ нь тус тойргоос сонгогдсон төлөөлөгчид, дүүргийн удирдлагуудын ажлын үр дүн юм. Энэ цэцэрлэгийн хүүхдүүд зөвхөн дуу, шүлэг сурч хүмүүжихээс илүүтэй монгол уламжлалаа мэдэх зорилго бүхий “Удамт Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд суралцаж буйгаараа бусад цэцэрлэгээс онцлог. Монгол ахуй, уламжлал, таван хошуу малын аргаль, хоргол, хужир, тэжээлийг өөрийн биеэр барьж мэдрэхээс гадна эсгий хийх, дээл эсгэх зэргийг сурч байгааг та бид харж байна. Үүнийг цаашид бусад цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт тусгах талаар төлөвлөж байна. Мөн бид тус дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны цэцэрлэгт оюун ухаан хөгжүүлэх тусгай хөтөлбөрүүдийг Оюун ухааны академитай хамтран туршилтаар хэрэгжүүлж байгаа” гэв.
Уг арга хэмжээнд НИТХ-ын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон тэргүүтэй боловсролын салбарын удирдлагууд, бусад албаныхан, эцэг, эхийн төлөөлөл оролцов.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.