Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНР-гийн 85 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

2019-09-2 Ерөнхийлөгч

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жилийн түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүлэв.

Ойн хүрээнд өчигдөр болсон баярын хуралд Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга оролцож, мэндчилгээг уламжлав.

МЭНДЧИЛГЭЭНД:

“Эрхэм хүндэт радиогийн салбарын уран бүтээлчид, үе үеийн ахмадууд, хүндэт сонсогчид, Монголын ард түмэндээ Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн 85 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

1934 оны 9 дүгээр сарын нэгэн буюу 85 жилийн тэртээх энэ өдөр Монголын радио анхны программаа дамжуулж, Монгол Улсад радиогийн өргөн нэвтрүүлэг үүсэж хөгжих эхлэлийг тавьжээ.

Монгол хүний ижил нөхөр, итгэл үнэмшил болтлоо ээнэгшин дасаж, амьдралын салшгүй нэг хэсэг болсон, хүртээмж, боломжоороо энгүй өргөн орон зайг хамардаг, нүүдэлч монголчуудын хэв маягт зохицсон үндэсний мэдээллийн хэрэгсэл бол Монголын радио юм.

Монголын радио тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал асуулгад гарын үсэг зурах түүхэн ажлыг удирдан зохион байгуулалцаж, ухуулан таниулж, соёлын довтолгоо, нэгдэлжих хөдөлгөөн, атар газар эзэмших аяныг дэлгэрүүлэн сурталчилж, монгол хүн сансарт ниссэн түүхт үйл явдлыг Байконураас, Сүхбаатарын талбайд өрнөсөн ардчилсан хувьсгалын цуурайг Төв шуудангийн цамхгаас шууд дамжуулж, улс орны түүхийн бүхий л цаг үеийн дуу хоолой болж ирсэн.

Монголын радиогийн түүх бол улс орондоо радиогийн өргөн нэвтрүүлгийн бие даасан урлагийг хөгжүүлэн төлөвшүүлсэн, хүн зоныг эх орныхоо хөгжил дэвшлийн өнгө гэрэл, эрдэм боловсролоор тэтгэн, соён гэгээрүүлсэн; үе үеийн уран бүтээлчдийн баялаг бүтээлийн хийгээд Монголын ард түмний оюун санааны амьдралын түүх билээ.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз бол төр засаг, ард түмнийхээ өмнө улс эх орон хийгээд дэлхий дахины мэдээллийг үнэн бодитой, тэнцвэртэй, түргэн шуурхай, ул суурьтай түгээх, үндэсний өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлс, өндөр хариуцлага, нэр хүндтэй бөгөөд онцгой үүргийг хуулиар хүлээсэн байгууллага мөн.

Эх орныхоо хөгжлийн 85 жилийг хамтдаа бүтээлцэхдээ энэ түүхэн замналыг тодоор бичиж, өндөр үүрэг хариуцлагыг нэр төртэйгөөр биелүүлэн, дуу хоолойгоо цуцалтгүй өргөсөн Монголын радиогийн үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууд, уран бүтээлчдийн хичээл зүтгэл, амжилт ололтод халуун талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөр, уран бүтээлд их амжилтыг хүсье.

Монголын радиогийн түүх зуун зуунаар бичигдэж, Та бүхний үүтгэн эхлүүлсэн радиогийн салбарын хөгжил улам өргөжин төгөлдөржиж байхыг ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.