Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын сүүлээр АНУ-д айлчлал хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, долдугаар сарын 30-нд эх орноосоо мордоно.
Айлчлал нийт дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд айлчлалын үеэр Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийхээр болжээ. АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд энэ оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Монгол Улс-АНУ-ын хоорондох оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилготой гуравдагч хөршийн худалдааны хуулийг дахин хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм.
Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж байгаагаа илэрхийлж байсан удаатай.
Үүний зэрэгцээ, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Стратеги, Олон улсын судалгааны төв буюу CSIS хүрээлэнгээс зохион байгуулж буй Global Leaders Forum-д оролцож, “АНУ-Монгол Улсын ирээдүйн харилцаа” сэдвээр илтгэл тавих ажээ.