Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар долоон тусгай санг татан буулгах тогтоол баталжээ.
Тогтоолд, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг санг татан буулгахаар тусгажээ. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг нэгтгэх, Улсын автозамын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ажлыг сайжруулахаар тогтоолд тусгажээ. Харин бусад 15 сангийн үйл ажиллагааг хэвээр нь хадгалах нь зөв хэмээн үзсэнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв.
Тэрбээр “1997 оноос хойш Боловсролын зээлийн сан гадаадад сурсан 1893 оюутанд 52.3 сая ам.долларын тэтгэлэг олгосноос 37.7 сая ам.долларыг эргэн төлсөн байна. Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийт 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүний 47 тэрбум нь тендертэй холбоотой байна. Тухайлбал, улаанбуудай хадгалах зориулалт бүхий элеватор худалдаж авах тендерт 5.2 тэрбум төгрөгийн өртэй “Дарханы гурил, тэжээл” компанийг шалгаруулсан байна. Үүний улмаас 8 тэрбум төгрөгөөр худалдаж авсан элеватор чанарын шаардлага хангахгүй байгаагаас ашиглах боломжгүй байгаа. Мөн Улаанбуудайн урамшуулал олгох журмыг 2012 онд хүчингүй болсон. Гэтэл 2012 оноос хойш дандаа хүчингүй болсон журмыг ашиглаж улаанбуудайн урамшуулал олгосон байна. Тендерт ихэвчлэн төрд өртэй аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж байгаа зэрэг зөрчил мөн илэрлээ. Тиймээс энэ сангийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай. Ер нь бол бүх сангийн ажлыг ил тод болгох, шийдвэр гаргахад мэргэжлийн холбоог оролцуулах, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэл өглөө. Цаашдаа төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай байна” гэлээ.
Засгийн газраас 29 тусгай санд шалгалт хийж байгаа. Энэ шалгалтын дагуу сангуудын олгосон зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, албан тушаалтанд хариуцлага тооцно гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцлов.
Мэдээллийн дараа сэтгүүлчдитйн асуултад тэрбээр:
-Татан буулгасан сангууд аж ахуйн нэгжүүдээс хэдэн төгрөгийн авлагатай байна вэ?
-Татан буугдсан сангууд зээл олгодоггүй. Гэхдээ эдгээр санд олгосон төсвийг зориулалтын бусаар ашигласан тохиолдол их байгаа юм. Харин Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, болон ЖДҮХС зээл олгодог. Тиймээс энэ гурван санг нэгтгэж, зээл олгоход хамаатай дүрэм журмыг тодорхой болгож, нэгдсэн удирдлагатай байх ёстой хэмээн үзсэн.
-Тусгай сангаас төрийн өндөр албан тушаалтанд зээл олгохгүй байх чиглэлд ямар хяналт тавих вэ?
-Тусгай сангийн зээл олгохтой холбоотой журамд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх заалт оруулах болно. Энэ чиглэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албаныханд чиглэл өгсөн.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.