Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар хуульч Н.Чадраабал гуайг урьж, ярилцлаа. Тэрбээр 25 жил шүүгч, шүүхийн даргаар ажиллаж 13 жил Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний алба хашсаны дотор есөн жил Төрийн албаны шалгалтын төв комиссыг толгойлон 1995 оноос хойш энэ чиглэлээр мэргэшсэн туршлагатай хүн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намууд дотроо ярилцаж эхллээ. Өчигдөр гэхэд УИХ дахь намын бүлгүүд анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоолын төслийн талаар хэлэлцлээ. Үндсэн хуулийг өөрчлөх эсэх дээр таны санал бодлыг сонсох гэсэн юм?
-Үндсэн хуулийг өөрчлөх тухай үе үеийн парламент ярилцах болж. Миний бие Төрийн байгуулалтын байнгын хороон дахь Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг ахлаж байсан хүмүүст хоёр ч удаа хандан, өөрийн санал бодлоо илгээж байлаа. Тиймээс эцэг хуулийг өөрчлөх тухай асуудлыг анхааралтай ажиглаж байдаг хүний нэг. Энэ хуулийг өөрчлөх заалт хуульд өөрт нь бий. Өөрчлөх шаардлага ч зүй ёсных. Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай. Хоёрдугаарт, нийгмийн харилцаа шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Энэ үүднээс нь авч үзвэл энэ удаагийн парламент Үндсэн хуулийн 6 дугаар бүлэгт Үндсэн хуулийг өөрчилж болно гэсэн зохицуулалтын хүрээнд өөрчлөх асуудлыг тавих эрхтэй. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөхөд санаачлах эрх нь хоёрхон нөхцөлд бий.
-Ямар..?
-Нэгдүгээрт, УИХ гишүүдийн дийлэнх буюу ¾ 57 дээш гишүүн өөрчлөх санаачилга гаргасан тохиолдолд. Хоёрдугаарт, ард нийтийн санал асуулгаар. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 16-д УИХ ард нийтийн санал асуулга явуулах эрхтэй гэсэн заалтын хүрээнд өөрчилж болно. Ард нийтийн санал асуулгын тухай хууль 1995 онд батлагдсан. Өнөөдрийг хүртэл огт салхи ороогүй хууль. Тэр хуулиар өөрчилье гэвэл УИХ-ын гишүүдийн олонх буюу 39 дээш гишүүн санал нэгдэж өөрчлөх асуудлын талаар санал гаргах эрхтэй. Товчхондоо, аль аль тохиолдолд УИХ санал оруулах эрхтэй. Ингэхдээ 57 эсвэл 39 дээш гишүүн саналаа нэгтгэж, өөрчлөх санал оруулах юм. Харин Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулийн Цэц хуулийн төслийг өргөн барьж болно. Түүнээс биш хэн дуртай нь, эсвэл Ерөнхийлөгч, аль нэг улс төрийн нам санаачлан өөрчлөх эрх зүйн зохицуулалт байхгүй.
-Тэгвэл энэ удаад боломж илүү өргөн юм. МАН 65 суудалтай. Тиймээс аль ч нөхцөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж тэдэнд бий?
-Энэ удаагийн сонгуульд 65 гишүүнтэй МАН олонх болсон учраас 57 дээш гишүүн санаачлах эрхтэй гэх заалтын хүрээнд хүч бий гэсэн үг. Гэхдээ өөрчлөхөд юуны тулд гэдгээ бодолцох хэрэгтэй. Үндсэн хууль дураараа аашлахад нь саад болов уу, эсвэл Монголын нийгмийн хөгжилд гацаа болов уу. Ард түмний эрх ашгийн төлөө өөрчлөх үү эсвэл бүлэг хүмүүсийн эрх ашгийг хангах уу гэдэгт гол утга бий. Хэрэв төрийн тогтвортой байдлыг хангана гэж бодож байвал ямар асуудлуудыг өөрчлөх үү гэдгийг ард түмнээрээ ярилцах ёстой.
-Уг нь Үндсэн хуульд ард түмний язгуур эрх ашгийг хөндөж болохгүй гэсэн заалт бий. Гэвч энэ заалтыг хүчингүй болгочихлоо. Өөрөөр хэлбэл, эцэг хуульд гар дүрэхийн тулд тээглэж байсан чулууг нь аваад хаячихлаа?
-Үндсэн хуулийг өөрчлөх журмын тухай хууль гэж 2012 онд батлагдсан юм. Тэр хуульд Үндсэн хуулийг өөрчлөхөд хөндөж болохгүй заалтуудыг зохицуулсан байсан. Тухайлбал, Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн бүрэн эрх, тусгаар тогтнол, хоёрдугаар бүлгийн хүний эрх, эрх чөлөө, гуравдугаар бүлгийн Монгол Улсын төрийн байгууламж гэсэн заалтуудыг өөрчилж болохгүй гэсэн зорхицуулалттай байсан.
-Гэвч..?
-Шинэ парламент гарч ирээд Үндсэн хуулийг өөрчлөх журмын тухай 2012 оны хуульд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, өөрчилнө гэдгээ шийдчихээд хуульд байгаа гацааг арилгаж байгаа нь энэ. Хэрэв Үндсэн хуулийг өөрчлөх журмын тухай хуульд тухайн асуудлаар Үндсэн хуулийг өөрчлөх санал унавал найман жилийн дотор өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэж болохгүй гэсэн зохицуулалт бий. Иймээс аль болохоор Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд чөдөр тушаагаа тайлж байна гэсэн үг. Иймээс ард түмэн өөрсдийнхөө язгуур эрх ашгийг хамгаалсан Үндсэн хуулийг яаж, хэрхэн өөрчлөх вэ гэдэгт дотроо бодол санаатай байх хэрэгтэй. Үндсэн хууль гэдэг 65 эсвэл 76 хүний эрх ашгийг хамгаалсан хууль биш. Монгол Улсын гурван сая гаруй хүний эрх ашгийг хамгаалсан хууль. Монголын ард түмний оюуны хамтын бүтээл байх учиртай.
-МАХН Үндсэн хуулийг шинэчлэн найруулах хуулийн төсөл боловсруулчихаад ард түмнээр хэлэлцүүлэн, сурталчилж байна. Тэдэнд ийм эрх бий юу?
-Төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн заалттай болохоос биш төрийн эрх мэдэл улс төрийн намын гарт байна гэсэн заалт байхгүй. Улс төрийн намууд эрх зүйн хүрээндээ асуудлыг шийдэж хувилбар гаргаж ирэх нь буруу. МАХН Үндсэн хуулийг өөрчлөх шинэчлэн найруулсан төсөл боловсруулсан байна билээ. Тэдэнд тийм эрх байхгүй. Тэдэнд санаачлах эрх ч байхгүй.
-Шинэчлэн найруулга гээд байгаа шүү дээ?
-Шинэчлэн найруулах хэрэг бүр ч байхгүй. Шинэчлэн найруулна гэдэг нь хуулийг орвонгоор нь өөрчилнө гэсэн үг. Гэхдээ МАХН-ын боловсруулсан төслөөс авах санаа байна.
-Авах санаа нь юу байна вэ, тухайлбал?
-Шинэ хувилбар гаргаж ард түмнээр хэлэлцүүлж байна. Тэгэхээр ийм зүйлийг ингэж өөрчлөх нь гэсэн үзэх юмтай боллоо. Хоёрдугаарт, манайх төрийн тогтолцоогоор парламентын бүгд найрамдах улс хэлбэртэй боловч хоёр танхимтай байя, хяналттай хариуцлагын тогтолцоотой больё гэж байгааг нь дэмжихээс өөр аргагүй. Өнөөдөр нэг танхимтай 76 гишүүнтэй парламент юу хийж байна.
-Хууль баталж байна, томилгоо хийж байна. Тийм биш гэж үү?
-Томилгоо хийдэг, өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн хууль баталдаг. Үүнд нь Үндсэн хууль гацаа болдог учраас эрх агшигтаа нийцүүлж Үндсэн хуулийг өөрчлөх нь гэж хардах үндэслэл бий.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хөндөхөөр дордохын долоон өөрчлөлт заавал дурьдагддаг. Энэ долоон өөрчлөлтийг л өөрчилчихвөл оролдоод байх шаардлагагүй тухай ч зарим хуульч хэлдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Үндсэн хуулийг өөрчлөх асуудлын хүрээнд 1999 оны долоон өөрчлөлтийг хөнддөг. Тэр долоон өөрчлөлт төрийг тогтворгүй хэврэг, эрх мэдэлтнүүдийг хариуцлагагүй болгоход гол түлхэц болсон гэж шүүмжилдэг. Ард түмэн ингэж шүүмжилж байхад үүнийг хөндөх гэж байгаа бол өөр хэрэг. 1999 онд Үндсэн хуульд оруулсан энэ өөрчлөлтийн талаар тухайн үедээ маргаан гарч, Үндсэн хуулийн Цэцэд хандаж, гурван ч шатны хуралдаанаар хэлэлцсэн түүхтэй. Улмаар бага, дунд, их суудлын хурлдаанаар энэ долоон өөрчлөлт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж Үндсэн хуулийн Цэц шийдвэрээ гаргасан. Гэтэл 2002 оны хоёрдугаар сард хуульд буцаагаад оруулчихсан. Нэг үгээр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар хууль бус гэсэн шийдвэр гаргасан боловч бүдүүн бүлэг 2002 онд хүч түрэн оруулж ирсэн юм.
-Үндсэн хуульд оруулахаар хэлэлцэж буй зарим өөрчлөлтийн талаар та сонссон л байх?
-УИХ, Засгийн газрын түвшинд яригдаж байгааг нь харвал хариуцлагын тухай хөндөхөөс илүүтэйгээр Ерөнхийлөгчөө төлөөллөөр сонгож, эрх мэдлийг нь, хууль санаачилж, хориг тавих эрхийг нь хязгаарлая гэх байдлаар цаашлаад гишүүдийнхээ тоог нэмж, бүрэн эрхийнх нь хугацааг уртасгах чиглэлийн заалт орох тухай яригдаж байна. Ингэвэл хэний эрх ашиг, хэнд үйлчилдэг хууль гэдэг нь харагдах болов уу. Ард түмэн нүдтэй бас чихтэй. Ард түмэн ийм зүйлийг зөвшөөрөхгүй.
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачлан боловсруулж, гишүүдийн эрх ашиг хөндөгдсөн хуульд хориг тавих байдлаар ажилласан нь олон хүнд таалагдаагүйтэй холбоотой юм болов уу. Та үүнийг хэрхэн хардаг вэ?
-Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй юм бол Төрийн тэргүүн байгаад яах юм. Одоогийн УИХ-ын гишүүдээс идэвхтэй ажиллаж нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хуулийг гаргаж тавиад байгаа байхгүй юу. Ерөнхийлөгч дарамт болоод байгаа учраас эрхийг нь хязгаарлаж, дарамтлах гээд байх шиг байна. Ерөнхийлөгч хэн байх нь чухал биш. Гагцхүү Монгол төрийн бэлгэдэл, төрийн тэргүүн байж дотоод гадаадад улсаа төлөөлөх бүрэн эрхтэй хүн. Үүнийг ард түмэн шийдэх ёстой.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээс асуух тухай ойлголт бий. Таныхаар энэ хамгийн зөв шийдэл бололтой. Тийм үү?
-Ард түмнээс асууна гэдэг нь зөв. Гэхдээ Ард нийтийн санал асуулгын тухай хуульд зааснаар өөрчлөх эсэхийг нь асуух нь явцуу юм. Магадгүй олонх нь өөрчлье гэх байх. Тэгвэл тэд хүссэн хувилбараараа өөрчлөх нь. Энэ удаагийн парламент Зөвшилцөх хууль тогтоомж гэж гаргалаа. Гэхдээ үүнийхээ хүрээнд хэсэг нөхдийн, магадгүй өөрсдийнхөө сонгосон хүмүүсийн хүрээнд намын дэмжлэгээр асуудал тавих юм биш биз. Гол нь Үндсэн хуулийг өөрчлөх хувилбар чухал. Тиймээс хувилбарыг л харна. Энэ хуулийн ийм заалтаар ингэж өөрчилнө гэсэн. Үр дүн нь энэ шүү гэж ард түмнээр хэлэлцүүлж, хуульчилбал илүү үр дүнтэй. Олны дотор зөв бурууг нь ялгах чадвартай хүмүүс олон бий.
-Үндсэн хуулийг өөрчлөх асуудал хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дөрөвт бий. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Хэт улстөржиж, асуудлыг гажуудуулах вий гэсэн болгоомжлол бий?
-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дөрөвдүгээрт Үндсэн хуулийг өөрчлөх тухай асуудал багтсан байсан. Нам эвслийн бүлгүүд ч ямар түвшинд өөрчлөх үү гэдгээ яриад эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд өөрчлөх эсэхээ л шийдэж чадах болов уу. Түүнээс биш өөрчлөх боломж байхгүй. Гэхдээ ард нийтийн санал асуулгаар өөрчлөх нь зөв.
-Гэхдээ та..?
-Эвслийн 62 гишүүнтэй бүлэг байлаа. Бүдүүн бүлэг. Энэ бүлэг нэгнийгээ огцруулж, улмаар 1999 оны Үндсэн хуулийн долоон өөрчлөлтийг хийсэн. Тэр өөрчлөлт нь нийгэмд шүүмжлэгдэж, төрийг улам хэврэг болгосон. Хэдхэн хүн сууж байнгын хороогоор асуудал шийддэг, УИХ-ын гишүүд нь дан болон давхар дээлтэй байж болдог, Засгийн газар нь УИХ-аасаа бүрдэж, хяналт хариуцлага алдагдсан. Ерөнхий сайд намын дарга байснаар төрийн дээр нам гарсан. Улмаар намын дарга нэр дэвших эсэхийг шийддэг тул гишүүд дарамтад орсон. Энэ долоон өөрчлөлтийг тухайн үеийн олонх буюу бүдүүн бүлгийнхэн бярдаж хийсэн. Тиймээс ард нийтийн санал асуулгаар хийхдээ хувилбараа эхэлж гаргаж тавих нь чухал.
-76 гишүүнтэй байх уу, дээд, доод танхимын аль нь байх вэ гэх байдлаар уу?
-Тэр хувилбар дээр нь үзэл бодлоо чөлөөтэй өрсөлдүүлэх хэрэгтэй. Одоогийн нэг танхимтай 76 гишүүнтэй хувилбар буруу байна гэдэг нь амьдралаар шалгагдчихлаа. Тэгвэл хоёр танхимтай байх уу. Хууль тогтоох байгууллага буюу доод танхимыг сонгодог, эргүүлэн татдаг, чөлөөлдөг эрх мэдэлтэй байх нь зөв хувилбар.
-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлага ч зүй ёсоор тавигдаад байгаа шүү дээ?
-Сонгодог парламентын жишигт оруулж Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлье гэдэг. Ингэснээр Засгийн газар, парламентаасаа хараат бус байх нь зөв ч болохгүй юм бас байна. Ерөнхий сайд нь намын дарга байвал улс төрийн нам нь төрийн дээр гарна. Ийм үед хэзээ ч шударга тогтолцоо бэхчихгүй. Харин улс төрийн нам бодлогыг гаргаж, асуудлыг тавьдаг, ард түмний төлөөлөл болсон гишүүд асуудлыг шийдвэрлэж, эрх зүйн зохицуулалтаар чиглүүлдэг байх нь чухал. Хамгийн гол нь хяналтын тогтолцоо, хариуцлагын механизм. Чөлөөлж, эргүүлэн татаж, огцруулж чаддаг байх нь гол юм.
-МАХН-ын боловсруулсан төсөлд Үндсэн хуулийн Цэцийг татан буулгах, прокурорыг байгууллагыг үгүй хийх. Харин Хүний эрхийн комиссын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэл тусгагдсан байсан. Энэ хэр оновчтой хувилбар бэ?
-МАХН-ынхны гаргаж ирсэн тогтолцоо нь Үндсэн хуулийн Цэцийг, прокурорын байгууллагыг татан буулгая, Хүний эрхийн үндэсний комиссыг эрх мэдэлтэй болгоё гэдэг хэрэгжихгүй зүйл. Иймээс ард түмнээрээ хэлэлцүүлж Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгээ шийдэх ёстой. Парламентын засагтай бол хоёр танхимтай байх уу, эсвэл ганц уу. Нэг танхимтай байвал хариуцлагын тогтолцоог яаж оруулах уу. Ямар механизм байх уу гэдгийг бодолцох. Түүнээс биш гишүүдийн тоог 99 болгож, хугацааг уртасгах хувилбар байж болохгүй. Хуучин Үндсэн хуульд нам нийгмийг удирдан чиглүүлэгч хүч мөн гэсэн заалт байсныг 1990 онд авч хаяад нам төвгүй төрийн тогтолцоонд шилжсэн. Гэтэл өнөөдөр буцаад улс төрийн нам төрийн дээр гараад суучихсан.
Л.Нинж
7 цагийн өмнө
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87384
30521
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.