Иргэдийн халаасан дахь 1072 ширхэг хувьцаа сонгуулийн үеэр улстөрчдийн шоу болж, “амь” орох нэрийдлээр чимх чимхээр хэн нэгний халаас руу ордог болсоор хоёр ч сонгуулийн нүүр үзэв. Үнэт цаасны мэдлэг мэдээлэлгүй монголчуудын хувьд цэнхэр, ягаан тасалбар шиг 1072 ширхэг хувьцаа хэзээ амь орох нь тодорхойгүй байсаар зургаан жилийг ардаа орхижээ. Өдгөө ч энэ асуудал ээдрээтэй. Тиймдээ ч 2020 оны сонгуулийн гол тактик эл хувьцаан дээр төвлөрч байна.
Сонгуулийн үеэр талхны мөнгөөр худалдаалагддаг өнөөх хувьцааг амь оруулж, иргэн бүр ашиг хүртэх боломж байгаа талаар “Эрдэнэс-Тавантолгой”-н захирал Б.Ганхуяг ам нээв. Гэхдээ энэ хүнд итгэхэд бэрх. Учир нь тэр шоучин.
Эрх баригч намыг шинэчлэх нэрийдлээр МАН-ын дэргэдэх шинэчлэлийн хөдөлгөөнийг байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байсан нэгэн гэдгийг нь улс төрийн хүрээнийхэн андахгүй. Үнэндээ ч МАН дотор мандан бадрахыг хүссэн хүн бүрийн барьж авдаг сэдэв. Цоожтой хаалганы цаадах бугшмал идээ бээрийг ил гаргана гэж хэсэг цээжээ дэлдээд эцэст нь албан тушаал авч амаа үддэг хөдөлгөөн, эвсэл, фракциуд үеийн үед байсан. Тэдний л нэг. Тэр ч ялгаагүй МАН сонгуулиар ялалт байгуулж, мань хүн “Эрдэнэс-Тавантолгой”-гийн захирал болж шинэчлэл өндөрлөсөн юм.
Улс төрөөр мэргэшсэн тэрбээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы найз. Тун ч дотно найзууд гэж хэлсэн ч болно. Б.Ганхуяг Монголын Оюутны холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр ажиллах үеэсээ буюу 2005 оны үеэс улс төрд орсон. Ингэхдээ Ерөнхийлөгч Н.Багабандийн орон тооны бус зөвлөх, 2014, 2015 онд Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх, 2016 онд УИХ-ын гишүүн Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан намтартай.
Тэрбээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, МОХ-ны ерөнхийлөгч асан Н.Удаанжаргал, НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл нар МАН-ын дэргэд Шинэчлэлийн хөдөлгөөнийг байгуулсан. Улмаар 2013 онд Т.Аюурсайханыг МАН-ын даргад нэр дэвшүүлэх ажиллагааг гардан гүйцэтгэсэн хүн нь Б.Ганхуяг. Өнгөрөгч сонгуулийн үеэр “Монголоо аваръя” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд майхантай суулт хийж, Төрийн ордныг гороолж улс төр хийж явсан нөхөр ч гэж тодотгож болно.
Энэ бүхний эцэст нам нь ялалт байгуулж, “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар өргөмжлөгдсөн. Гэхдээ түүнийг ажлаа аваад удаагүй байхад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн олборлолтын уурхайд осол гарч 49 настай А амиа алдсан юм. Ямартаа л Б.Ганхуягийн шинэ ажлын гараа хар мэдээгээр эхэлсэн талаар хэвлэлийнхэн шуугисан. Харин мань хүн энэ мэдээллийг задруулахгүй, хав дарах ажиллагааг байгууллагынхандаа үүрэгдэж суусан гэдэг.
Өдгөө ч эл компани дотроо бужигнаантай, дээр доргүй айдастай яваа. Тийм үед амьгүй хувьцааны ногдол ашгийг амласан нь анхаарлын төвд орж, ирэх сонгуулийнхаа сурталчилгааг хийснээс ялгаагүй мэт. Сурсан занг сураар боож болохгүй гэгч энэ биз.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.