Миний өссөн монгол ахуй

2021-01-22 Амрах агшин

Ном

Өнгөрөгч 2016 онд монголчууд маань олон сайхан ном бүтээлээ. Тэдэн дундаас онцлон дурдмаар нэгэн ном бол Ширчингийн Баатарын “Миний өссөн монгол ахуй” юм. Монголын уламжлалт ахуй, соёлын нарийн нандиныг зохиогч өөрийн эмэг эх, жирийн малчин Лхамгивийг дурсан өгүүлэх хэлбэрээр бичсэн энэ ном эх үрийн амин холбооны тухай түүхээс гадна цагийн жамаар монгол түмнээс холдон алсарч буй эрхэм нандин бүхний тухай дуулал болсныг эн тэргүүнд хэлсү.

Эмэг эхийн тухай дурсамжаараа дамжуулан монголчуудын ахас ихсээ хүндлэх, хангай дэлхийгээс хишиг хүртэх, аргал түлээгээ бэлтгэх, цагаан идээ, ноос ноолуур, арьс шир боловсруулах, хүн малыг эмнэж домнох, зоог идээ бэлтгэх, үйл үртэс хийх, малаа маллах арга ухаан, монгол хүний аж төрөхүйн философийг энгийн атлаа нэн амттай сайхан хэлээр найруулан буулгасанд нь талархавч баршгүй. Мөн нутгийн олон дунд үе уламжлан хэлэлцсээр ирсэн домог хууч, өөрийнх нь хүүхэд насанд ус голд нь аж төрж асан эгэл жирийн атлаа давтагдашгүй өвөрмөц хүмүүсийн тухай дурсамжаар хүч нэмсэн нь энэ номыг аагийг бүр чангалжээ.

“Миний өссөн монгол ахуй” номыг уншаад монголчууд дунд түгээмэл байсан, цагийн араншинг дагаад эдүгээ улам бүр цөөрч байгаа цээж сайт хүмүүсийн тухай эргэн санахад хүрлээ. Юу вэ хэмээвээс, өмнө эртэд, мөн саяхныг хүртэл аль ч нутаг хошуунд үзсэн сонссоноо нэн тодорхой санаж, яруу сайхнаар хүүрнэн өгүүлэгчид элбэг байв. Тийм хүмүүс хэдэн арван жилийн өмнөх үйл явдлыг дүрс бичлэг эргүүлэн харж буй мэтээр нарийн тодорхой санаж, ямар ч алдаа хийдэл, хэтрүүлэг хилсдэлгүйгээр өгүүлэх эрдэмтэй байдаг. Миний ээж ная гарсан насандаа хүүхэд насандаа үзсэн харснаа ярихдаа тийм өнгийн дээлтэй, тийм царай төрхтэй хүн ийм зүсний морь унаад манайхыг тэр бууцанд байхад ирж хоноод тэгж тэгж яриад гээд л хөврүүлж өгдөг байв. Эхэндээ би ээжийгээ л онцгой ойтой хүн гэж боддог байснаа энэ бол монголчуудын үр хүүхдээ өсгөж бойжуулах, сурган хүмүүжүүлэх арга барил, уламжлалт ахуйтай нь холбоотой үзэгдэл байж хэмээн мунхаглах болсон нь нэг их ташаа биш бололтой. Яагаад гэвэл малчны хотонд төрсөн хүүхэд мэдээ орох цагаасаа л ажигч гярхай байж, малын зүс ялгаж танихаас эхлээд асар их мэдээллийг ой тойндоо хадсаар нэг л мэдэхэд үзсэн, дуулснаа цээжиндээ хавхаглах эрдэмтэй болдог байсан аж.

Монгол малчны ахуй мэдээллээр асар баялаг. Олон мянганаар хуримтлуулан өвлүүлсэн өвөг мэдлэгийг алхам тутамдаа үр хүүхдэдээ хэлж өгдөг учраас малчин хүүхдийн өдөр тутмын амьдрал нь үргэлж сургалт байдаг. Хэний хүүхэд хэн байхаас нь үл хамааран ахмад хүмүүс мэддэг чаддаг бүхнээ алхам тутамдаа хэлж заадаг нь нүүдэлчдийн бичигдээгүй хууль. Хүүхдэд нэг өвс ургамал таниулах боллоо гэхэд энэ ийм нэртэй тийм идтэй ногоо байгаа юм, тэнд тэнд ургадаг, тийм газарт байдаггүй, төдийд малд идүүлбэл ийм тустай, эсвэл хортой гэхчлэн тайлбарлаж, шууд зулгаагаад түүж болно, үндсийг нь хөндөхгүйн тулд хяргаж тайрч авна, ингэж хатаана, тэгж хадгална гэхчлэн нарийн тодорхой хэлж өгдөг байв. Өчигдөр хонь хариулсан хүүхдийг өглөө мал хотноосоо босох үед дагуулж гараад хонины хэвтэх босох, баах шээх байдлыг харуулж, өчигдөр малаа хэрхэн хариулсан, юун дээр алдсаныг нь ном унших мэт хэлж өгнө. Хонины хэвтэр дээрээ баас хорголыг ажиглаж бяцалж имэрч, үнэрлэж үзээд л урд өдөр нь ямархуу ногоо идсэн, цадсан эсэх, хэдийд услах вэ, өнөөдөр хааш нь бэлчээж ямар ногоо идүүлбэл зохистой вэ гэдгийг зааж хэлж, тэр болгоныхоо учир утгыг тайлбарлаж өгнө. Тэр бүхнийг суурин амьдралтнууд шиг бичиж тэмдэглээд эргэж харах боломжгүй учраас ой тойндоо л шингээж авна. Өвөг мэдлэгийг ийнхүү хамгийн өөртөө ихээр шингээж чадсан, түүнийгээ бусдын ой тойнд ортол ярьж чаддаг нэгнийгээ ихэд хүндлэн “Их юм мэддэг хүн. Үгийг нь сонсох хэрэгтэй” хэмээцгээнэ. Монгол мэдлэг зуун зуунаар өртөөлж ирсэн уламжлал нь ийм буюу.

Ширчингийн Баатар хар багаасаа өвгөд хөгшдийн дэргэд өсч, эрдэм сурах, элдвийг тогтоох суурь нь ийнхүү жинхэнэ монгол маягаар тавигдсан учраас өөрийн өссөн орчин ахуйн нарийн ширийнийг цээжиндээ хадаж чадсан нь энэ номноос тодорхой харагдана. Харийн орнуудад сурч ажиллаж, олон хэлийн олон соёлыг мэдэрч, мэдээллийн их далайд сэлж байгаа, өдөр тутмын аж амьдрал нь нүүдэлч монгол ахуйгаасаа ангид байгаа ч Ширчингийн Баатар бээр жингийн цуваа алсрах мэт цагийн эрхээр орхигдон мартагдаж, энэ цагийн даяаршсан оршихуйд шахагдан бүдгэрч буй монгол ахуй, монгол хэл, зан заншлыг ном болгон баринтагласан нь хэрэглэхээ байг гэхэд хэрхдэг байсныг нь мэдэж бай, хэрхэвч бүү март хэмээн эдүгээ хийгээд ирээдүйн монголчуудад сануулсан хэрсүү хэцүү ухаан буюу. Үүнд нь талархавч баршгүй.

Монгол ахуй хэрхэн өөрчлөгдсөнийг Ш.Баатарын номон дахь үг хэллэгүүдээс тодхон харж болно. Монгол ахуйн нарийн ширийнийг тодотгосон, өнөөгийн залуус бүү хэл өвгөрч буй асман сэхээтнүүд ч тэр бүр мэдэхгүй, мэддэг байсан ч хоолтойгоо холиод идчихсэн үг хэллэг энэ номын хуудас бүрт хэд л бол хэдээрээ байгаа нь нэн сайн. Монголчуудын түүхий эдээ боловсруулах, ахуйд хэрэгтэй зүйлсээ бэлтгэх арга технологийг энгүүн атлаа маш тодорхой өгүүлснийг “Сур зөөлөрч голын чийг нь гараад ирэх үед хуршсан өөх, шөлний тосоор жаахан тослоод дахиад тосыг нь шингэтэл тээрэмдэж эхэлнэ” гэсэн ганцхан өгүүлбэрээс л харж болно. Энэхүү ганцхан өгүүлбэрийг лавшруулан задалбал арьс шир боловсруулах монгол технологийн талаар мөн ч ихийг өгүүлж болно.

Монгол нүүдэлчин ахуй хүний хэрэгцээг бүрэн хангасан төгс ахуй байсан нь хэлнээс нь ажиглагддаг. Унгас савах, ээрэх, эсгий хийх, дээс томох, хошлон хийх, жирэм сүлжих, сагалдрага хийх зэрэг үг нэршил болгоны цаана ямар монгол мэдлэг ухаан оршдогийг нарийн тайлбарласан нь энэ номыг үнэ цэнэтэй болгож байна.

Нэгэнт монгол хэлний үгийн баялгийн талаар өгүүлснийх гол ярианаасаа бяцхан хальчихъя. Нэрт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа миний хэлээд байгаачлан цээжтэй, түүнийгээ өгүүлэх авьяастай нэгэн байсан нь “Ерэн жилийн дурсамж” хэмээх гурван боть номноос нь анзаарагддаг. Тэрбээр морины тарга тэвээргийн тухай “Онцгой тарган морийг “Бүдүүн оноотой”, их тарган морийг “Нарийн оноотой”, ердийн тарган морийг “Махан бөөрөнхий”, намар сэрүү орж өвөл болж мал турж эхлүүт “Үсэн бөөрөнхий”, дараа нь “Махан бор хомтой”, “Үсэн бор хомтой”, “Бага туранхай”, “Их туранхай”, бүр их тураалдаа хүртэл турсан морийг “Ясан янгиа”, яадгаа алдтал турсан морийг “Ясан хэдрэг” гэж нэрлэдэг байсан” хэмээн эл дурсамжийн номондоо бичиж, одооны хүмүүс тарган, туранхай гэсэн хоёрхон үгтэй болтлоо ядуурчээ гэж халагласан нь санаж сэрүүштэй захиас юм.

Эрдэмтэн Д.Баттогтох “Үгийн ширэнгээр бэдрэхүй” номондоо “Үйлийг үйлдэж байвал үйл үг идэвхжиж, шинээр үүсч, санааг баялаг олон талтай илэрхийлэх боломжтой болдог” гээд сүүлийн жилүүдэд монголчууд архи их уух болсноос энэхүү үйлтэй холбоотой үг хэллэг нэн арвижсанаар жишээ татсан байдаг. Тэгэхээр Ш.Баатарын “Миний өссөн монгол ахуй” ном монголчууд ямар олон үйлийг мартаж байгааг, түүнтэй цуг ямар их мэдлэг орхигдож байгааг давхар сануулж байна.
Өнөө цагт ном бичигсэд олширчээ. Гэхдээ мориноос бууж болохоос үгнээс бууж болдоггүйг эс ухаарснаас юу хамаагүй бичиж, номын цагаан буян түгээх биш, төөрөгдлийн саарал манан татуулах нь олон байна. Харин Ширчингийн Баатар хэмээх хүмүүн тэдэнтэй даанч адилгүй, үгийн сор, мэдлэгийн дээжийг л олонд барлан түгээх ёстой хэмээх номын их ёсноо үнэнч нэгэн тул тоосонд даруулж хогтой холивол нүгэл болох, торгонд баринтаглаж дээш нь залбал шүтээн болох, цээжиндээ хадаж сэтгэлдээ шингээмээр хөлгөн судар бүтээсэн нь “Миний өссөн монгол ахуй” ном ажгуу.

Урианхан Б.Галаарид
2017.01.20. Улаанбаатар

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.