Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд удаж байгаа энэ үед Засгийн газраас Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос дараах асуултад хариулт авснаа хүргэе.
-Сүүлийн 25 жил агаарын бохирдлыг бууруулах асуудлыг Монголын төр ярьсан. Улсын төсвөөс хөрөнгө мөнгө маш их зарцуулсан ч үр дүн гарсангүй. Харин Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэр амьдралд ойрхон төсөл болов. Утааг бууруулахад бодитой нөлөө үзүүлж чадах уу гэдгээс яриагаа эхэлье?
– БОАЖЯ ажлын хэсэг гаргаж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль тогтоомжид нийцүүлэн “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан энэ сарын 20-нд Ерөнхий сайдаар ахлуулсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанд танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Иргэдээ ая тухтай, эрүүл орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх нь Монгол төрийн үүрэг. Энэ утгаараа үндэсний хэмжээний төслийг боловсруулж батлав. Агаарын бохирдолтой тэмцэх асуудал үр дүн муутай байсан гэдэгтэй 100 хувь санал нэг байна. Өдийг хүртэл Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөргүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл аль байгууллага нь ямар ажил хийх вэ, улсын төсвөөс хэр хэмжээний мөнгө гаргаж бодит ажил болгох вэ гэдэг нь тодорхойгүй байлаа. Үндэсний хөтөлбөрийг зөвхөн нийслэлийн ЗДТГ, БОАЖЯ боловсруулсан юм биш. Ерөнхий сайдын ахалж байгаа үндэсний хорооны 32 гишүүн оролцож, төр ба иргэний нийгмийн олон байгууллагууд дээрх хөтөлбөрийг боловсруулахад гар бие оролцсон. Тиймээс Агаарын бохирдлоос салгах үндэсний хөтөлбөрөөр амьдралд ойр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг зөв тодорхойлсон гэж бодож байна. Түүнчлэн агаарын бохирдолтой тэмцэх ажлыг нэг жил буюу богино хугацаанд хийснээр салчихгүй гэдгийг хүн бүхэн мэднэ. Тус хөтөлбөр богино, дунд, урт хугацаандаа яг ямар ажил хийх вэ гэсэн төлөвлөлтийг гаргаж ирснээрээ энэхүү хөтөлбөр онцлог болсон.
-Засгийн газраас маш олон хөтөлбөрийг баталсан ч хэрэгжиж бодит ажил болсон нь цөөхөн. Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар та юу хэлэх вэ?
-Сайхан нэртэй цаасан дээр хэрэгжсэн хөтөлбөрүүд бий. Өнөөдрийн бидний ярьж буй агаар орчны бохирдлын асуудал бол монгол хүн бүрийн эрүүл мэндийг хөндөж байгаа учраас хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх ёстой. Улаанбаатар хотыг утаанаас салгахын тулд нэгдүгээрт нийтийн эзэмшлийн дэд бүтцүүдийг бий болгох хэрэгтэй байна. Түүнчлэн гэр хорооллынхон халаалт авдаг дэд бүтцийн механизмуудыг бий болгох арга замыг хайх ёстой. Үтэр түргэн бүх хүнийг орон сууцжуулж чадахгүйгээс хойш дэд бүтцийг төрөөс шийдчихвэл тэр хашаанд амьдарч байгаа иргэд үүнийг бүрэн ашиглах боломж бүрдэнэ. Тэгэхээр амьдралд ойр шийдлүүдийг хайх шаардлага гарч ирж байна. 2026 он хүртэл агаарын бохирдлыг тодорхой үе шаттай бууруулна.
-Агаарын бохирдолтой тэмцэх асуудалд иргэдийн итгэл алдарсан. Үүнтэй тэмцэх төсөл хөтөлбөрүүдийн цаана мөнгө угаах явдал гарч, шүүхийн хаалга татсан хэргүүд цөөнгүй бий?
-Нийт санхүүжилтийн 2.2 хувь буюу 201 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсвөөс бүрдүүлэх юм. Энэ бол хуулиар хүлээсэн Монголын Засгийн газрын үүрэг. Монгол Улс агаарын бохирдолтой холбоотой дөрвөн төрлийн татвар хураадаг. Үүнийгээ тодорхой үе шаттай агаарын бохирдлын эсрэг арга хэмжээнд зарцуулсан. Өмнө нь эрх барьж байсан зарим албан тушаалтнууд үүнийг хууль бусаар үрэн таран болгосныг ард түмэн мэдэж байгаа. Энэ хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод агаарын бохирдолтой тэмцэх ажлыг унагаж болохгүй. Тиймээс зөв хяналттай олон нийтийн оролцоотой шийдвэрлэхийн төлөө үе, үеийн Засгийн газар ажиллах ёстой. Өмнө нь хийсэн хүмүүсийн алдаанаас болж одоо ажил хийх гэж байгаа хүмүүсээ буруутган хардаж болохгүй. Нөгөөтэйгүүр төрийн ажлын залгамж шинж чанарыг үргэлжлүүлэх ёстой. Бүгдийг муу, муухай байсан гэж харлуулж болохгүй. Тухайн үедээ хийж хэрэгжүүлэхээр гарсан олон санаачлагууд бий.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг 9.9 их наяд төгрөг байхаар тооцжээ. Үүнийг яг юунд зарцуулахаар төлөвлөв?
– Улсын болон орон нутгаас хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд 2.2 хувь буюу 201 тэрбум төгрөгийг гаргахаар төсөвлөсөн. Харин 13.7 хувь буюу 1.5 их наяд төгрөгийг гадны зээл тусламжаас бүрдүүлэхээр тооцоод байна. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 650 тэрбум төгрөгийг босгоно. Дэд бүтцийн байгууламжийг бий болгох төсөл хөтөлбөрт нэлээн хөрөнгө гарах төсөв гарсан. Тухайлбал цэвэрлэх байгууламжийн үнэрийн асуудлыг шийдэхээр 650 тэрбум төгрөгөөр шинэчлэх бол нийслэлийн хог хаягдлыг боловсруулах эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрт 350 тэрбум төгрөг, түүхий нүүрсийг халах хийн түлшний үйлдвэрт таван их наяд төгрөг төсөвлөлөө. Өнөөдөр агаарын бохирдол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш. Энэ утгаараа орон нутагт утааны асуудлыг шийдэхээр 10 аймгийн төвд байгальд ээлтэй дэвшилтэт технологи бүхий ДЦС барьж байгуулахаар тусгасан. Үүнээс гадна гэр хороололд байгаа 228 халаалтын зуухыг татан буулгаж, төвлөрсөн халтаалтад шилжүүлэх ажилд 91 тэрбум төгрөг зарцуулахаар болов. Хөтөлбөрийн хүрээнд 60 үйл ажиллагаа буюу 120 арга хэмжээг хэрэгжүүлнэ.
-Гадны хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн түншлэл концессоор бүтээн байгуулалт өрнүүлнэ гэлээ. 9.9 их наяд төгрөгийн санхүүжилтийг эдийн засаг саарсан, хөрөнгө оруулагчид татарсан энэ үед босгоно гэдэг хэцүү шүү дээ. Үүнийг хэр тооцоолсон бэ?
-Ер нь санхүүгийн асуудлаа үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрхэн зохицуулах вэ гэдэг хамгийн чухал асуудал. Өмнөх хөтөлбөрүүд эдийн засгийн тооцоололгүй, санхүү хөрөнгийн эх үүсвэргүй батлагддаг байсан. Өөрөөр хэлбэл хэдэн төгрөгөөр энэ хөтөлбөр хэрэгжих вэ гэдэг нь тодорхойгүй байлаа. Харин анх удаагаа эдийн засгийн үзүүлэлтийг тооцсон судалгаатай хөтөлбөрийг боловсруулав. Тодруулбал эхний ээлжинд 9.9 их наядаас хичнээн төгрөгийг зарцуулах вэ гэдэг асуудал нь төсөлд дэлгэрэнгүй туссан. Улсын төсвийн хөрөнгөөр бүх ажлыг хийх боломжгүй. Тийм учраас 7.1 их наяд төгрөг буюу 77 хувийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаас, зарим ажлыг нь концессоор хийгээд дараа нь тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа гардан явуулж, орлого олоод тодорхой хугацааны дараа улсын мэдэлд шилжүүлэх зарчмыг баримтална.
-Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих хамгийн эхний ажил нь юу байх бол?
-Хамгийн түрүүнд Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг барина. Энэ бол Улаанбаатарчуудын төдийгүй нийгмийн маш том хүлээлт. Тэгэхээр энэ ажлыг эхлүүлэх, тендер шалгаруулж, санхүү хөрөнгө оруулалт, эрхзүйн орчныг бий болгох замаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг шуурхай хийх шаардлага бий. Асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой санхүүжилтийн эх үүсвэрүүдийг хөөцөлдөж байна. Ямар ч байсан 2017 онд багтааж цэвэрлэх байгууламжийн ажил эхэлнэ. Эл төсөл амжилттай хэрэгжээд эхэлмэгц АНУ-ын Мянганы зорилтын сангаас Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах төслийн хүрээнд тодорхой санхүүжилтийг шийдэж усыг дахин ашиглах боломжийг хангахад дэмжлэг үзүүлэхийг илэрхийлсэн. Энэ мэт гадаад, дотоодын байгууллага хувийн хэвшилдээ тулгуурлан дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
-Хотын утааг дээрх хүчин зүйлээс гадна жижиг оврын халаалтын зуухууд, автомашины утаа бүрдүүлж байгаа. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тусгав?
– Улаанбаатар хотын анхны төлөвлөлтийг 600 мянган хүн амьдарна хэмээн тооцож хийснийг та бүхэн мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр 1.5 сая хүн амьдарч байна. 600 мянган хүний төлөвлөлтөөр олон зам тавих боломжгүй, замын түгжрэл хэвээр, хорт утааны хэмжээ нэмэгдсээр л байна. Олон улсын байгууллагуудын судалгаагаар автомашинаас ялгарах тоосонцорын хэмжээ маш ихээр ялгарч буй нь тогтоогдлоо. Тиймээс Улаанбаатар хотод унадаг дугуйны замыг гаргаж өгөх асуудал дээр нийслэл тодорхой ажлуудыг хийх шаардлагатай. Үүнийг хийхдээ автомашины осолд орох эрсдэл өндөртэй учир маш сайн тооцоолох ёстой. Мөн автомашинуудаас гарах хорт утаа бол агаарын бохирдлыг бүрдүүлж буй гол хэсэг учраас дизелиэр явдаг автомашинуудыг нийслэлд явахыг хориглохоор тусгасан. Улмаар автомашинууд агаар шүүгчийг тавих олон улсын туршлагыг нэвтрүүлэхийг шаардана.
Иргэний нийгмийн байгууллагуудын судалгаагаар Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг гэр хороололд амьдарч буй айл, өрхүүдийн 80 хувь нь түүхий нүүрс түлж утаа гаргадгаас үүсч буйг тогтоосон. Судалгааны дүнгээр нийслэлд 228 халаалтын зуух ашиглаж буй аж ахуйн нэгж байгууллагууд гэр хорооллынхоос илүү утаа үйлдвэрлэж байгаа нь тогтоогдсон. Тиймээс Улаанбаатар хотод байгаа 228 халаалтын зуухыг төвлөрсөн шугамд холбох ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн 300 өрхийг хамарсан 200 инженерийн дэд бүтцийг байгуулахын зэрэгцээ АХБ-ны гурван сая ам. долларын санхүүжилтээр Монголын нөхцөлд тохирсон ариун цэврийн байгууламжийн жишиг загварыг бий болгох юм. Мөн 68 мянган хэрэглэгчийн 0,4 ваттын хүчин чадалтай цахилгаан халаагуур ашигладаг түгээх шугамын трансформаторын хүчин чадлыг нэмэхээр хөтөлбөрт тусгасан.
-Ирэх жилүүдэд шөнийн цахилгааныг тэглэх ажлыг үргэлжлүүлэх бөгөөд байгальд ээлтэй дулаан хадгалах шинэ халаалтын систем худалдан авах нөхцлийг бүрдүүлэхээр “Ногоон зээлийн сан”-г байгуулсан гэсэн. Энэ ажил хэр урагштай байна вэ?
– БОАЖЯ, Монголын банкны холбоо, НЗДТГ-тай хамтран “Ногоон зээлийн сан”-г байгуулсан. Эхний ээлжинд Нидерландын Хөгжлийн банкнаас таван сая ам.долларын санхүүжилтийг бүрдүүлж бага хүүтэй зээлийг иргэдэд олгохоор болоод байна. Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө маш хүчтэй явж байна. Агаар орчны бохирдлоос үүдэлтэй сөрөг үр дагавар хил хязгааргүй учраас дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сан байгуулан ажиллаж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн конвенцид нэгдэн орсноор гишүүн орнуудынхаа дунд идэвхтэй ажиллаж байгаа улсын тоонд орсон. Энэ хүрээнд ногоон зээлийн сангийн менежментийг хийх асуудлаар төсөл хөтөлбөр боловсруулсан юм. Өнөөдөр манай арилжааны банкууд байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг дэмжих чиглэлээр илүү санал санаачилгатай ажиллаж байна. Тухайлбал Хас банк уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сан төсөл хөтөлбөрийг боловсруулснаар 25 сая ам.доллар босгох боломж бүрдлээ. Гэр хороололд амьдарч буй зарим иргэд шөнийн тариф тэглэсэн ч халаагуур худалдан авч чадахгүй байгаа хүмүүст зориулж Ногоон хөгжлийн сангаас хүү багатай урт хугацаатай зээл олгохоор болов. Ингэснээр хотын утааг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
-Хогны үйлдвэр барих асуудлыг олон жил ярилаа. Энэ ажлыг үндэсний хөтөлбөрт тусгасан уу?
-Хогийг баялаг болгон эргүүлж ашиглан дахин боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл гарсан хогоо боловсруулан эрчим хүчний 8-16 МВт цахилгаан станц байгуулдаг жишиг дэлхийн олон улс оронд бий. Энэ шийдсэн аргуудыг ашиглан хийж чаддаг компаниудыг оруулж ирэх боломжийг нь Монголын төр хангаж өгнө.
Салбарын сайд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн талаар ийнхүү хариулт өглөө. Үндэсний хөтөлбөр нь таван стратеги зорилт дэвшүүлсэн бөгөөд 2025 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжих юм байна. Эхний ээлжнийх 2017-2019 он хүртэл, хоёр дахь шатыг 2020-2025 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Монгол Улс тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгальд ээлтэй инженерийн дэд бүтэц байгууламжийг бий болгох, чанар хүртээмжийг сайжруулах бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувиар багасгана гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байна. Түүчнлэн Үндэсний хөтөлбөрийг боловсруулагчид агаарын бохирдлыг бууруулах ажил зөвхөн төрийн ажил биш иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоо чухал гэдгийг онцолсон юм.
Б.Заяа
2 цагийн өмнө
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
2024-10-1
87301
30035
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.