С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дахин 30 хоног баривчлахаар шийдвэр гаргалаа

2018-04-12 Нийтлэл

Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэнээр ЧД-ийн шүүхэд өнөөдөр Шүүх хурал боллоо.

Тодруулбал, Шүүх хуралд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын өмгөөлөгч биечлэн оролцов. Учир нь Авлигатай тэмцэх газраас Оюутолгой, Дубайн гэрээтэй холбогдуулж Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг энэ сарын 10-нд байцааж байгаад саатуулсан. Улмаар өчигдөр яллагдагчаар татан үргэлжлүүлэн хорих хүсэлтийг нийслэлийн Прокурорт ирүүлсэн юм. Нийслэлийн Прокурорын газраас дээрх хүсэлтийг хянаж, шүүхэд хүсэлт гаргасан нь энэ юм.

Дашрамд дуулгахад, тус Шүүх хуралд Ерөнхий сайд асан С.Баяр онлайнаар холбогдож, тайлбар мэдүүлэг өгчээ.

Ийнхүү Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дахин 30 хоног баривчлах шийдвэр гаргалаа. Шүүх хурлын дараа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн юм.


Тэрбээр “Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх манай үйлчлүүлэгч Ч.Сайханбилэгийг баривчилсан асуудал нь хуулийн дагуу байсан эсэх, цаашид үргэлжлүүлэн хорих шаардлагатай эсэх прокурорын саналыг хэлэлцлээ. Харамсалтай нь, энэ шийдвэр хууль ёсны дагуу байсан гэж үзлээ. Харин бид Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хуулийг зөрсөн гэж үзэж байгаа. Гэрчээр гурван цаг гаруй байцаагаад шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тогтоол танилцуулаад шууд авч явсан.

Тиймээс дараа дараагийн шатны шүүхэд гомдол гаргана. Яагаад гэхээр 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд Ч.Сайханбилэгээс гэрчээр мэдүүлэг авна гэж АТГ  15:00 цагт дуудсан. Гэрчээр байцаагдах мэдүүлгийг нь хүлээж аваад дуудсан цагт нь очсон. Гэрчээр гурван цаг гаруй байцаагаад шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тогтоол танилцуулаад шууд авч явсан. Монгол Улсын төрийн төлөө зүтгэж байсан хоёр Ерөнхий сайдыг хоёр өрөөнд зэрэгцүүлэн суулгаж байгаад нэгэн зэрэг ачаад явсан. Миний үйлчүүлэгч Ч.Сайханбилэгийн тухайд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Засгийн газрын тухай болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу энэ хүний тусгай хамгаалалт нь буугаагүй. Тусгай хамгаалалт нь нэг бүрэн эрхийн хугацаа буюу дөрвөн жилээр хадаглагдах ёстой. Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг саатуулан баривчлах асуудал бол шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хийгдэх ёстой. Гэтэл энэ хуулийг зөрчөөд шууд баривчиллаа.

Энэ хууль бус шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд хамгаалж байсан Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтныг хамт хорьсон. Одоо ч цуг хоригдож байгаа. Хууль шүүхийн байгууллагыг хүндэтгэж онцгой хүнд шалтгаантай байсан хэдий ч гадаадаас зорьж ирээд энэхүү үйл ажиллагаанд нь оролцсон. Үүнээсээ өмнө АТГ, прокуророос дуудсан албан бичгүүдэд нь албан ёсоор хариулт өгч байсан. “Эзгүй байна. Төдий хугацааны дараа ирнэ” гэсэн эхнэрийнх нь мэдэгдэл, өөрийнх нь бичсэн захидал албан ёсны хариу тайлбарууд бий. Захидалдаа бичсэн цаг хугацаандаа ирсэн. Таслан шийдвэрлэх арга хэмжээ авах зургаан төрөл бий. Энэ зургаагаас хамгийн хүнд буюу цагдан хорих арга хэмжээг хэрэглэсэн нь буруу. Олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар энэ арга хэмжээг хамгийн сүүлд хэрэглэнэ, нийтлэг тохиолдол болгон хэрэглэхийг хориглоно гэсэн заалт байдаг” гэв.

Харин Ерөнхий сайд асан С.Баярын өмгөөлөгч А.Ариунаа дараах тайлбарыг хийсэн юм.

Тэрбээр “Миний үйлчлүүлэгч, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд шүүгчийн шийдвэргүйгээр баривчилсан. Ингэхдээ гэмт хэргийн ул мөр нотлох баримтыг зөөвөрлөх, устгаж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилсан.

Энэ үндэслэлийг үгүйсгэж шүүхэд гомдол гаргасан. Энэ үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, баривчилж байна. Гэтэл Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх материалууд өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архивт, УИХ-ын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн архивт байхад хойшлуулашгүйгээр баривчилсан нь үндэслэлгүй гэж үзэж байна” хэмээв.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.