МАН ба АН-ын сөрсөн базаа

2018-04-4 Нийтлэл

Хаврын урьтай залгаад улс төрд халуухан үйл явдлууд өрнөсөөр байна. Энэхүү дуулиан шуугианд төрийн эрхийг дамнан суудаг хоёр намын луухгаруудын булхай луйвар илчлэгдэх хандлагатай. Нөгөөтэйгүүр, хууль хяналтын байгууллагынхан эрийн сайндаа ууж идсэн цагаан захтнуудын хэрэг явдлын үзүүрээс атгаад авсан гэхэд хэцүү. Үнэн хэрэгтээ МАНАН-гийнхан ирэх парламентын сунгааны зам мөрөө засаж эхлэв үү гэлтэй хэмлэлдээд эхлэв. Энэ л үйл явдал хууль хяналтынханд эерэгээр эргэчихлээ.

Хоёр намынхан хэдэн арван жил гар барин хав дарсан луйврын хэргийнхээ учгийг үзүүрээс нь бага багаар нь хөвөөд эхлэв шив. Өөрөөр хэлбэл, МАНАН-гийн луйварчид бие биенээ барьцаалан хэрэгээ дарсаар хэдэн ч жил болов. Харин одоо энэхүү хэрэг явдлын учиг хоёр талын хэрүүлийн буянаар сэжүүр нь гарч эхэлсэн нь таатай байна.

Эрдэнэтийн хувийг Стандарт банкинд барьцаанд тавьсан асуудал нь олон улсын шүүх дээр ялагдснаас хамаг хэрэг мандсан гэж болно. Энэ хэрэгтэй холбоотойгоор Жастын Ш.Батхүү, Г.Алтан, С.Баяр, Ч.Ганзориг, Цэцийн Д.Сугар нар хэвлэлээр од болцгоож байгаа билээ.

Одоогийн байдлаар Авлигатай тэмцэх газраас яалт ч үгүй 51 хувьтай холбон Жастын Ш.Батхүү, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг баривчилсан. Өөр хэнбугай аавын хаалга татах нь цаг хугацааны хэрэг.

Ямартай ч сүүлийн үед АН-ын харъяалалтай нөхдүүдийг хэвлэлээр ил тод зарласаар байна. Харин энэхүү хэрэг явдлын сөрөг арга хэмжээ болгож МАН-ынхан ДУБАЙН гэрээний тухай их ярьдаг болж.

МАН-ын хяналтанд байгаа ил хэрэг явдлын хүрээнд ДУБАЙН гэрээтэй холбоотой гэх баривчилгаа хийж, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Н.Ариунсан, Б.Бямбасайхан, Н.Амарбат нарыг барьж хорилоо. Авлигатай тэмцэх газар ч энэхүү баривчилгааныхаа талаар олон нийтэд өндөр дуугаар ил тод, нээлттэй тайлбар ч хийж байна. Харин АТГ Эрдэнэтийн 51 хувийг барьцаалсан асуудалтай холбоотой хийсэн баривчилгааныхаа тухай гадагш мэдээлэл өгөх маш дургүй байгаа нь бас л нэг учир байнаа, байна.

Ямартай ч МАН ба АН бие биенийхээ эсрэг сөрсөн базалтууд хийж байна гэж ойлгож болно. Тэгэхээр улс төрийн хүрээнийхний харж буйгаар ах намынхан энэ олон баривчилгаагаараа АН-ыг нуга дарж, буулгаж аваад нууц тохиролцоо хийн Эрдэнэтийн 51 хувийнхаа төлбөрийг улсаас гаргуулан чимээгүй дарахыг л оролдож байна гэх. Өнгөрсөн 28 жилийн түүхэнд АН-ыхан иймэрхүү хорон баривчилгаанд олон удаа нугарч бууж өгч тохироо хийж, хуйвалдаж байлаа. Одоо ч ялгаагүй эхнээсээ бууж өгөх шинж тэмдэг үзэгдэж л байна.

Тухайлбал, Эрдэнэтийн захирал, Ерөнхий прокурор байсан Д.Дорлигжавын саяхан өгсөн ярилцлагаас ах намын өмнө бууж өгч байгаа шинж тэмдэг тод харагдаж байна билээ.

Харин МАН-ын томчуудын дараагийн алхам буюу С.Баяр, Ц.Нямдорж мэтийн төрд олон жил зайдалсан луухгарууд Д.Дорлигжавын “Эрдэнэт” үйлдвэрийн захирал байх үед хийгдсэн булхай луйвар, мөн охиных нь дансанд байсан гэх их хэмжээний мөнгөний тухай асуудлыг гарган тавих нь гарцаагүй юм.

Энэ мэтчилэн МАНАН-гийн луйварчид бие биенээ барьцаалан хэрэгээ дарсаар өнө олон жил болжээ. Харин одоо хоёр намын нэгнийхээ эсрэг хийх сөрсөн базаа хаа хүрч, ямар тайлбартай эцэслэгдэх бол…

О.ГЭРЭЛ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.