Төрийн ордон нам гүм. Гэвч улс төрд жинхэнэ утгаараа улаан гал дүрэлзэж байна. Төр барьсан “ах” намынхан дотроо хоёр хуваагдаж, нэр бүхий гишүүд нь “Дэвшилтэт холбоо” нэртэй фракц байгуулан хаяалж суух. Ёстой л босгосон төрт улсаа өөрсдийн гараар самарч эхлэв шив.
Харин энэ зуур АН-ын харъяалалтай Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, АН-ын дарга С.Эрдэнэ, Б.Хурц мэтийн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьд ёс юм шиг нэр нь дагалддаг хэдэн нөхөр “нойргүйдэх” зовлонд унаж буй нь гарцаагүй. Учир мэдэх нэгний яриагаар эл этгээдүүд хийсэн ажил явдлаа хамгаалах гэж ил далд их л ажиллаж байх шиг байна.
Уг нь АН-ынхан чуулганы танхимд их том суудаг байлаа. МАН засаглаж байх жилүүддээ Эрдэнэтийн 51 хувийг “Стандарт” банкны барьцаанд тавьж, мөнгө хувааж цохисон үйл ажиллагааг сөргүүлж тавиад додигор л байлаа. Гэвч АН-ын харьяалалтай нөхдийн нөлөө энэхүү бусармаг ажиллагаанд хавчуулаастай. Тэр ч бүү хэл хууль хяналтын байгууллагын “хар дансанд” буюу дараагийн удаад шалгагдах нөхдийн тоонд байгаа гэх бор шувуу ордноор жиргэнэ.
Одоохондоо АН-ын нөхдийг азнаж байгаа нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед томилогдсон Шүүх, Прокурор, АТГ-ын дарга нарын дөнгөнд азнаж байх шиг. Өөрөөр хэлбэл, МАНАН-гийн сүлжээ энэхүү олигархи бүлэглэлээ хамгаалах шинж төрх тод илрэх аж.
Одоогоор 51 хувьд холбогдож байгаа эрхмүүд Цэцийн Д.Сугар, Жастын Ш.Батхүү, С.Баяр, Т.Очирхүү, Ч.Ганзориг гээд МАН-ын толгойд сууж байсан хүмүүсийн нэр хөврөх аж. Угтаа аль аль нь хууль зөрчиж хийгдсэн ЛУЙВАР юм. Гэвч тэд бие биенийхээ эсрэг аргацаах, гацаах хэрэгсэл төдийхнөөр цаг хожиж сунжруулж байна. Үнэн чанартаа АТГ, Прокурор, Шүүх нь шударга үнэн зөвөөр ажиллавал МАНАН-ын олигархиудыг бүгдийг нь шоронд хийж, улсад учруулсан хохирлыг нь барагдуулж болохоор мэт харагдана. Гэвч олон жил төрийн эрхийг барисаар ирсэн хоёр намынхан “наанаа нандин, цаанаа чамин хэлхээтэй” явсаар ирсэн болохоор энэхүү хэргийн үнэн мөн чанар нь олон түмэнд илчлэгдэх нь үнэхээр ужиг болчихлоо.
Эцэст нь хэлэхэд, улс орныг хэдэн үеэр нь тэжээсэн “саалийн үнээ”-гээ хаа, гуяаар нь салгаад “үүц” зэхсэн олигархиудын учиг хаа хүрч цэглэгдэхийг хэн ч таашгүй…
О.Гэрэл
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.