… Жим Маккелви гэх залуу угаалтуурын цорго, сэлбэг хэрэгслийн наймаа хийдэг байж. Гэтэл нэг удаа 2000 долларын борлуулалт хийх гэтэл зээлийн картаар төлбөр хүлээн авах боломжгүйгээсээ болоод наймаагаа алдсан байна. Үүнийг нь харсан Жэк Дорси төлбөрийг илүү энгийнээр хийх арга сүвэгчлэн Скуэрийг үүсгэсэн түүхтэй. Тэрээр Твиттерийг үүсгэн байгуулснаасаа ердөө гуравхан жилийн дараагаар дахин нэг шинэ бизнес санаа олсон нь энэ юм…
Финтек салбарын шилдгүүдийн нэг, төлбөр тооцооны үнэгүй апп, Америкийн Сан Францискод төвтэй санхүүгийн үйлчилгээний старт-ап.
Энэ бол Скуэр /Square/
Скуэр бол 2017 оны 7 дугаар сарын байдлаар 10 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа старт-ап юм. Хувьцаагаа гаргаж, бизнесээ ийм үнэ цэнэд хүргэхийн тулд 8 жилийг зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл 2009 онд байгуулагдсан амжилттай яваа залуу компани гэж тооцогддог. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч, худалдаачдад төлбөр тооцооны үйл ажиллагаагаа явуулах үйлчилгээ үзүүлэгч, мобайл төлбөр тооцооны бизнес эрхлэгч гэж тодорхойлогддог юм. Мэдээж хэрэг төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч хуучны компаниудтай өрсөлдөөн өрнүүлж, шинэ үйлчилгээ бий болгож чадсан учир зах зээлд өөрийн гэсэн байр суурийг олоод байгаа юм.
Тухайлбал төлбөрийг шилжүүлэхдээ заавал тусгай систем ашиглалгүй хувь хүмүүс хоорондоо хийх боломж. Яг одоо байгаа газраасаа яг одоо төлбөр хийх үйлчилгээ буюу ПОС. Англиар бол Пойнт оф Сэйл хэмээн нэрлэж заншжээ. Энэ мэтчилэн маш олон тооны бүтээгдэхүүнийг Скуэр зах зээлд нэвтрүүлсэн юм.
Скуэр компанийн үндсэн бүтээгдэхүүнүүдийн нэг Скуэр Рэжистер нь хамгийн анх Америкт ашиглагдаж эхэлсэн бол өдгөө Канад, Япон, Австрали, Их Британи гэсэн хэд хэдэн оронд хэрэглэгддэг болсон байна. Энэхүү аппликэйшн iOS болон Android үйлдлийн системтэй ухаалаг гар утас, таблет компьютерийн аль алинд нь ашиглагддаг. Анх бий болохдоо л хэрэглээг хялбаршуулах зорилгоор бүтээгдсэн учир гарт ойр, ашиглахад дөхөм, хурдан шуурхай, амар хялбар гэдэг үгс Скуэрийг тодорхойлдог юм.
Жим Маккелви гэх залуу угаалтуурын цорго, сэлбэг хэрэгслийн наймаа хийдэг байж. Гэтэл нэг удаа 2000 долларын борлуулалт хийх гэтэл зээлийн картаар төлбөр хүлээн авах боломжгүйгээсээ болоод наймаагаа алдсан байна. Үүнийг нь харсан Жэк Дорси төлбөрийг илүү энгийнээр хийх арга сүвэгчлэн Скуэрийг үүсгэсэн түүхтэй. Тэрээр Твиттерийг үүсгэн байгуулснаасаа ердөө гуравхан жилийн дараагаар дахин нэг шинэ бизнес санаа олсон нь энэ юм. “Скуэр” гэсэн нэрний тухайд төлбөр хийдэг карт уншигчийн хэлбэр нь квадрат дөрвөлжин байсан учир түүнийг нь илэрхийлсэн үгээр нэрлэжээ.
Мөн англиар төлбөр төлөх гэсэн утгатай “скуэр ап” гэсэн үгийн “скуэр” гэсэн үндэс нь ч нийлж таарсан байна.
Дээр дурьдсанчлан Скуэрийн залуус ам бүл мянгуулаа болж өргөжих хүртлээ маш олон тооны бүтээгдэхүүнийг гаргасан. Ингэхдээ бизнесийн үндсэн гурван чиглэлээр ажлаа эрхэлдэг. Төлбөрийн болон ПОС үйлчилгээ, хоёрт нь санхүүгийн үйлчилгээ, дараагийнх нь маркетингийн үйлчилгээ. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэхдээ хардвэйр болон софтвэйр аль алиных нь шийдлийг хэрэглэгчиддээ санал болгодог. Өөрөөр хэлбэл төлбөр шилжүүлэх программ хангамжийг нь ч хөгжүүлнэ, мөн түүнийг гүйцэтгэх техникийн шийдлийг нь ч гаргадаг гэсэн үг. Соронзон карт уншигчийг хэрэглэгчиддээ үнэгүй олгодог. Скуэр Стэнд нэртэй карт уншигчийг 99 доллараар нийлүүлдэг. Харин Скуэр Рийдэрийг 29 доллараар үнэлдэг юм. Жижигхэн цагаан дөрвөлжинг ухаалаг утастайгаа холбоод дэлгүүрийн худалдагч таны картыг уншуулдаг болсныг андахгүй биз ээ.
Компанийн орлогын гол сувгууд нь шимтгэл, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрөөс бүрдэнэ.
Тухайлбал кредит карт буюу зээлийн картаар хийсэн гүйлгээ бүрт 2.75 хувийн шимтгэл оногдуулдаг. Сарын үйлчилгээний хөлс, суурь хураамж гэсэн төлбөрүүд харин байдаггүй. Гүйлгээнээс авч байгаа шимтгэл нь төлбөр тооцооны хуучны компаниудтай харьцуулахад бага гэдгийг Скуэрийнхэн өөрсдөө ам бардам хэлдэг юм. Захиалга өгсний үндсэн дээр хүргэдэг бусад бүтээгдэхүүнээсээ Скуэр мөн орлого олдог. Тухайлбал байгууллага, аж ахуй нэгжүүдэд цалингийн цэс боловсруулах ажлыг нь нугалж өгдөг Скуэр Пэйроллыг хэрэглэе гэвэл сарын 20 доллар төлөх жишээтэй.
Старбакс, Хөүл Фүүдс маркет гэсэн томчууд үйлчлүүлэгчээсээ төлбөр авах процессыг Скуэрт даатгасан байдаг гээд бодохоор энэ компани өнөө үеийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг нь харагдаж байгаа юм. Компани 2015 онд Нью-Йоркт “IPO” хийж байсан. Хувьцаа гаргаж анхдагч зах зээл дээр арилжаалж эхэлсэн нь Скуэрийн хувьд яван чангарах байдлаар нөлөөлж байгаа гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл “IPO” гаргах яг тэр үед үнэлгээ нь өмнө нь байснаасаа хоёр дахин буурч 3 тэрбум доллар болсон байдаг. Харин түүнээс хойш алдагдлынх нь хэмжээ багассаар “IPO” гаргаснаас 6 сарын дараа гэхэд орлогынх нь 44 хувьтай тэнцэж байсан алдагдал 16 хувь болж буурсан байна. Шинэ старт-апын хувьд эрсдэл хүлээн цөөнгүй улиралд алдагдалтай тайлан танилцуулсан ч гэлээ Скуэрийн санаа өнөөдөр ч үнэлэгдсэн хэвээр байгаа юм. Жижиг бизнес эрхлэгчдийн төлбөр тооцооны асуудлыг шийдэх гарцыг хайн гарч ирсэн старт-ап компанийн талаар хүргэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30410
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.