Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нараар ахлуулсан ажлын хэсэг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд ажиллалаа.
Төвийн бүсийн эрчим хүчний системийн нүүрсний хангамжийг бүрдүүлж байгаа дээрх уурхайнуудын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, санхүүгийн хүндрэл, урт болон богино хугацаат өр төлбөр, үүсээд байгаа бэрхшээлтэй танилцсан. Мөн найдвартай ажиллахад шаардагдаж буй техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын асуудлыг судалж нэгдсэн санал дүгнэлтийг Монгол Улсын Засгийн Газарт оруулан шийдвэрлэхээр боллоо.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар
Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнуудад ажиллалаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Багануур, Шивээ-Овоогийн уурхайд ажиллаж, “Багануур”ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын төвийн бүсийн цахилгаан, дулааны эрчим хүчний гол түүхий эдийг тасралтгүй нийлүүлдэг тус хоёр уурхай хоёулаа лицензийн маргаан болон техник технологийн шинэчлэлийн зэрэг олон тулгамдсан асуудалтай байгаагаа дээрх компанийн удирдлагууд салбарын сайд нарт дуулгав.
Техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэв
“Шивээ-Овоо”ХК өнөөдрийн байдлаар нийт 582 ажилтантай, жилд хоёр сая тонн нүүрс олборлож Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан, дулааны 70 гаруй хувийг үйлдвэрлэж буй “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 51 хувийг нийлүүлж байна.
Гэвч компанийн тоног төхөөрөмжийн 41.3 хувь нь ашиглалтын хугацаа дуусч актлагдах болсон тул хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулах боломжгүй, хэзээ мөдгүй зогсож болзошгүй болсон талаар гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин ярьж байв. Мөн сэлбэг материалын ханган нийлүүлэлт санхүүгийн хүндрэлээс шалтгаалан удааширсан зэрэг нь оны эхнээс төлөвлөсөн тээвэртэй хөрс хуулалтын ажил 1027.06 мянган м3-ээр тасалдахад нөлөөлсөн аж.
Түүнчлэн “Шивээ-Овоо” ХК нь Шивээ-Овоогийн нүүрсний ордод MV-000901 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Бусад талбайг “Эрдэнэс Монгол” ТӨХК болон “Шинэ Шивээ” ХХК эзэмшдэг. Тиймээс тус компани “Эрдэнэс Монгол”-оос 250 га газар түрээсээр авч ашиглан, өр үүсгэн явж байна.
Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: “Шивээ-Овоогийн уурхайг социализмын үед 2.7 тэрбум тонн таамаг нөөцтэй гэж тогтоосон байдаг. Улсын мэдэлд 4200 га байгаа. Үлдсэн 35 мянга га талбай нь хувийн хэвшлийн мэдэлд байна. Ер нь төр цаашдаа өмчдөө эзэн байх, Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн эрчим хүчний аюулгүй байдалд анхаарах учиртай. 2018 ондоо багтаж хөрөнгө оруулалт хийж, техник технологийг нь шинэчлэн, аюулгүй ажиллагааг хангахад УУХҮЯ онцгой анхаарч ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна” гэв.
Өдгөө 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй байгаа “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагууд уурхайд ажилласан хоёр сайдад хандаж техник тоног төхөөрөмж, машин механизмийг шинэчлэхэд зориулж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, нүүрсний үнийг жил бүр үе шаттайгаар бодит өртөгтэй уялдуулан нэмэгдүүлэх эсвэл нүүрсний татаас олгуулах зэрэг асуудлыг тавьж байсан юм.
Мөн энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ: “Өмнө нь түлш, эрчим хүч хоёр нэг салбар байсан. Харин өдгөө тус компани нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд очоод уул уурхайдаа ч, эрчим хүчний салбартаа ч харьяалагдахгүй болсон нь уурхайг олон хүндрэлд оруулж байна. Тиймээс бүтцийг нь зөв байлгах саналыг УУХҮ-ийн сайдтай хамтран Засгийн газарт оруулахаар төлөвлөж байна” гэв.
Стратегийн ач холбогдол бүхий ордод төрөөс анхаарал хандуулахыг хүслээ
УУХҮ-ийн сайд болон Эрчим хүчний сайд нар Шивээ-Овоогийн уурхайгаас шууд Багануурын уурхайг зорив. Тус уурхайн тухайд энэ жил 40 дэх жилийнхээ ойтой золгож буй юм байна. Энэ хугацаанд 399.8 сая шоо метр хөрс хуулж, 111 сая тонн нүүрс олборлон борлуулжээ. Анх 1978 онд жилд 300 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай байгуулагдаж байсан Багануурын уурхай өдгөө хүчин чадлаа дөрвөн сая тонн-д хүргэсэн аж. Монгол Улсын нүүрсний хэрэглээний 50 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дангаараа хангаж байгаа талаар “Багануур” ХК-ийн удирдлагууд дуулгав.
Багануурын уурхайн хувьд гүний усны шүүрэлтийн асуудал, хөрс хуулалтын хоцрогдол, нүүрсний хэрэглээ өсөн нэмэгдэж буйтай холбогдон хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг компанийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун хэлсэн юм. Мөн 1990-ээд онд буюу эрчим хүчний салбар хүнд байдалд орсон үед Дэлхийн банкнаас салбарын хэмжээнд авсан зээлийн 40 орчим тэрбум төгрөгийн үлдэгдлийн асуудлыг төрөөс шийдвэрлэж өгвөл “Багануур” ХК цаашид 30-40 жил тасралтгүй хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтойг тэрбээр ярив.
Тус компани жилд 8-10 сая тонн нүүрс олборлож борлуулах хүчин чадалтайгаар шинэчилсэн ТЭЗҮ-ийг боловсруулаад байна. Хэрвээ хөрөнгө оруулалт нь шийдэгдвэл 700 гаруй сая тонн нүүрсийг 70 гаруй жилд олборлож борлуулах боломжтой гэлээ.
Багануурын уурхайд маргаантай байгаа лицензийн асуудал 2006 оноос үүдэлтэй. Уг лицензийн талбайд тус ордын нөөцийн 53 хувь буюу 430 сая тонн нүүрсний нөөц байгаа аж. Стратегийн ач холбогдол бүхий тус ордод төрөөс анхаарал хандуулахыг уурхайн удирдлагын зүгээс хүслээ
Д.Сумъяабазар: Төр өмчөө мэддэг байх ёстой
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас Багануур, Шивээ-Овоогийн уурхайд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар тодруулсан юм.
-Хоёр компанид тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?
– Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудал бол Багануур, Шивээ-Овоогийн уурхайн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймээс энэ хоёр уурхайн техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, аюулгүй ажиллагааны асуудлыг Засгийн газар анхааралдаа авч шийдвэрлэх ёстой. Энэ асуудалд бид алгуурлаж болохгүй.
Хоёр уурхайтай холбоотой бас нэгэн хүндрэл нь лицензийн маргаантай холбоотой асуудал байгаа. Шивээ-Овоогийн уурхайд л гэхэд 2.1 тэрбум тоннын таамаг нөөцтэй талбай бол төрийн мэдэлд байх ёстой. Багануурын уурхайд ч гэсэн 2006 оноос энэ маргааны эх үүсвэр тавигдсан байдаг. Хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг Монгол Улсын засаг захиргааны төв болсон Улаанбаатар хотыг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж буй энэ чухал асуудлыг төр мэдэлдээ авч чадахгүй хувийн хэвшилд алдчихаад, шүүхээр маргаан дэгдээгээд явж байгаад үнэхээр харамсч байна.
Төр өөрөө хайгуулаа хийж, нөөцөө тогтоочихоод ашиглахаар бэлдэж байсан талбайг нь эрх мэдлээр дулдуйдан гарын үсэг зурж авчихаад дараа нь шударга юм ярьж болохгүй. Энэ мэт асуудалтай УУХҮЯ хатуу тэмцэж, зөв шийдвэр гаргуулах талаар үе шаттайгаар ажиллана гэж бодож байна.
-Компаниудын өр, авлагын асуудлыг шийдвэрлэх боломжийн тухайд?
-Дулааны цахилгаан станцуудад нийлүүлсэн нүүрсний өр авлагын асуудлууд харьцангуй цэгцэрч байгаа. Өмнө нь олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд /Дэлхийн банк болон Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр/ авсан зээлийн эргэн төлөлтийн асуудалд нэгдсэн нэг бодлогын шийдвэр гаргах цаг нь болсон. Мөн цахилгаан, дулааны эрчим хүч болон түүний гол эх үүсвэрийг бэлтгэн нийлүүлж байгаа нүүрсний уурхайнуудын цаашдын уялдаа холбоог хангаж ажиллах үүднээс өнөөдөр Эрчим хүчний сайдтайгаа хамтран ажиллаж байна.
-Компаниудын хувьцааг гадны хөрөнгийн бирж дээр гаргах талаар та ярьж байсан. Энэ талаараа тодруулаач?
-Цаашдаа бид Хөрөнгийн зах зээлийг түлхүү хөгжүүлж, урт хугацааны санхүүгийн хэрэгсэл бий болгож, түүгээрээ дамжуулан хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй. Ингэснээр төсөвт дарамт учруулахгүй, арилжааны банкны өндөр хүүтэй зээлийг авахгүй, санхүүгийн дарамтанд орохгүй урт хугацааны санхүүгийн боломж бий болгох ёстой гэсэн бодлого барьж байгаа.
“Эрдэнэс Монгол” ХХК-д “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Мон Атом” ХК зэрэг 16 стратегийн орд газар багтаж байгаа. Төр өмчөө мэддэг, бүртгэдэг байх ёстой. Энэ утгаараа “Эрдэнэс Монгол” компанийг Баялгийн сан болгон өргөжүүлж, үйл ажиллагааг нь олон улсын стандартад нийцсэн байдлаар явуулна гэсэн байр суурьтай байна.
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.