“Эрдэнэт” үйлдвэр болон “Стандарт” банк хоёрын хоорондын асуудал уу, эсвэл…

2018-02-1 Уул уурхай

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Жаст” компанийн захирал Ш.Батхүү барьцаалан “Стандарт” банкнаас зээл авсан хэргийг Олон улсын арбитрын шүүх хэлэлцээд “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх, хоногт 75 сая төгрөгтэй тэнцэх хүү төлөх шийдвэр гаргасан талаар мэдээлэл цацагдаад байгаа юм.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ш.Батхүү “Стандарт банкнаас зээл авахад “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан гэдэг 2013, 2014 оны үед эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэр хэрэг нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа.

Олон улсын арбитраас “Эрдэнэт”-ийг битүүмжлэх шийдвэр гаргасан гэдэг худлаа.  Байдал амаргүй байгаа юм билээ. Давж заалдах ажиллагаа нь хийгдсэн юм билээ. Тэгээд олигтой юм болоогүй. Нийт дүнгээрээ 51 сая ам.долларын үндсэн зээл. Үлдсэн нь алданги,  торгууль, хүү гэсэн юм бий. “Эрдэнэт” үйлдвэр  “Стандарт” банкныхантай ярих бололцоотой. Нууц юм байхгүй. Ардчилсан намынхан л улстөржүүлээд яриад байгаа асуудал. Өмнөх эрх баригчдын үед ч яригдаж л байсан.  Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед танилцуулах юм хийгдээд, ажлын хэсэг байгуулаад манай яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалсан юм билээ. Маргаан бол “Эрдэнэт” үйлдвэр, “Стандарт” банк хоёрын хоорондын асуудал” гэсэн байна.

Харин “Эрдэнэт” үйлдвэрт хэрхэн нөлөөх талаар тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн “Үйлдвэрийн үйл ажиллагаанд аливаа нэг сөрөг үр дагавар дагуулахгүй” гэдэг тайлбар хийлээ.

Болж өнгөрсөн үйл ядвлыг эргэн сануулахад, “Жаст”-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларыг зээлэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ХК-иар баталгаа гаргуулсан явдал одоогоос гурван жилийн өмнө дуулиан дэгдээж байв. Тухайн үеийн ТӨХ-ны дарга, өнөөгийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар болон одоогийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав, “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нар “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Жаст” группийн зээлийн барьцаанд тавьж буйг батламжлан гарын үсэг зурсан байдаг. “Жаст”-ын Ш.Батхүүгийн зүгээс тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугар, “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нарын гарын үсгийг дуурайлган зурсан гэх тайлбар өгсөн ч шүүхийн шатанд гарын үсгийн хэлбэр жинхэнэ болох нь нотлогдсон билээ. Улмаар “Жаст” групп Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан өрөө төлөх эдийн засгийн чадамжгүй болсноор зээлийн баталгаанд тавигдсан “Эрдэнэт” үйлдвэр тус өрийг төлөх эрсдэл хүлээж буй юм.
Ямартай ч одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг холбогдох албаныхан хэлж байна. Гэхдээ өчигдөр Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг нууцлалтай хэлэлцсэн гэх мэдээлэл шаргал ордноор хөвөрч байгаа юм. Тэгэхээр эл асуудал нь албаны хүмүүсийн тодотгож байгаачлан “Эрдэнэт” үйлдвэр болон “Стандарт” банк хоёрын хооронд үүссэн асуудал уу, эсвэл…

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.