Монгол орны ойн нөөц ядмаг байна

2017-03-21 Байгаль орчин

Өдрийн сурвалжлага

Өнөөдөр “Олон улсын ойн өдөр” билээ. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор баталж, дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байхыг тунхагласан.

Энэ жилийн хувьд манай улс “Ой ба энерги” сэдвийн дор чуулж, салбарын мэргэжилтнүүд өнөөгийн тулгамдаж буй асуудал болон үр дүнгийн талаар ярилцлаа. Хуралд төрийн байгууллага, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, гадаадын төслийн мэргэжилтнүүд буюу 240 орчим төлөөлөл оролцов. Энэхүү хурлын бас нэгэн онцлог нь их, дээд сургуулиудын ойн инженер, эл чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор “Оройн нахиа” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийг шалгаруулсан явдал юм. Түүнчлэн монгол орны ойн салбарт шинээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар үзэсгэлэн гаргав.

Өнөөдөр дэлхийн хэмжээнд бэлтгэгдэж буй нийт модны 50 орчим хувь буюу жилд ойролцоогоор 1,86 тэрбум шоометр модыг түлшинд хэрэглэж байгаа юм. Харин 2,4 тэрбум хүн түлшний модыг халаалт, хоол хүнсээ болгоход ямар нэгэн хэмжээгээр хэрэглэж байна.

Манай улсын тухайд, нийт бэлтгэгдэж буй модны 80 орчим хувь буюу жилд дунджаар 574,2 мянган шоометр модыг түлшинд хэрэглэдэг гэсэн тооцоог холбогдох албаныхан тодруулж буй юм.

Энэ жилийн хувьд, Засгийн газраас ногоон хөгжлийн үзэл баримтлалыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, экосистемийн тулгуур зүйл болсон ойн нөөцийн бодлогыг шинээр авч үзэж байна. Учир нь өнгөрөгч оны Үндэсний ойн тооллогын баримтанд тулгуурлан ойн төлөв байдлыг үнэлэхэд “муу” дүнтэй гарсан билээ. Өөрөөр хэлбэл, Монгол орны болц гүйцсэн, өсөлт буурсан, нөөцөөр ядмаг, бага ашиглагдсан байгаа нь тогтоогдсон. Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, сайн өсөлттэй, бүтээмж өндөртэй ой модыг бий болгох шаардлага тулгарч байна. Энэ утгаараа УИХ-аас “Төрөөс ойн баримтлах бодлого”-ыг баталж, Засгийн газар хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Энэ үеэр ойн өдрийн хүрээнд зохиогдсон “Уур амьсгалын өөрчлөлт ба амьдралын хэв маяг” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрын шагналт Эрдмийн-Өргөө цогцолбор сургуулийн 10-б ангийн сурагч А.Анужинтай цөөн хором хөөрөлдсөн юм  

А.Анужин: Би цас идмээр байна

-Эссэ бичлэгтээ ямар асуудлыг хөндөн бичсэн бэ?

-Миний бичлэг “Би цас идмээр байна” гэсэн сэдэвтэй. Бидний аав, ээжийг хүүхэд байхад манай орны агаар ямар сайхан цэнгэг байв. Гэтэл өнөөдөр бидний амьдарч байгаа байгаль дэлхий хэрхэн өөрчлөгдсөн вэ гэдгийг л эссэндээ хөндөж бичсэн. Аав, ээж маань хүүхэд байхдаа өвөл цас идэж, гадаа цасан дээр гулгаж тоглодог байсан. Гэтэл бидний хүүхэд насанд ийм боломж бий бил үү. Хотоос гарч л цагаан цас гэдгийг харах боломжтой болоод байна шүү дээ. Ялангуяа, гэр хороололд өвөл амьсгалах үнэхээр хэцүү болчихоод байна.

-Агаарын бохирдол чиний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Манай дүү жижигхэн л дээ. Өвөл цэцэрлэгт явахгүй гэртээ байдаг. Гэтэл өвөлжин шахуу л ханиад хүрч, өвддөг. Гэтэл аавыг хүүхэд байхад өвчлөл үнэхээр бага байсан. Тэр үеийн хүүхдүүд өвөл гэлтгүй голдуу гадаа тоглож, чөлөөтэй орж гардаг байсан. Гэтэл бидний үед гэртээ байгаа мөртлөө л өвчин тусаад байна. Энэ л агаарын бохирдол ямар хэмжээнд байгааг нотлоод байна шүү дээ.

-Чиний бодлоор энэ айхтар байдлаас гарах ямар гарц байна гэж харж байна вэ?

-Мэдээж байлгүй яах вэ. Хамгийн наад зах нь хүүхэд бид нар гудамж талбайд хог хаягдал, шүлсээ хаяхгүй байх хэрэгтэй. Мөн гэр хорооллынхон муу усаа хашаанаасаа гаргаж асгахгүй байх нь чухал. Үүнээс л хөрсний бохирдол үүсээд байна шүү дээ. Мөн төр засгаас хойч үе болсон хүүхэд бидэнд хандаж, энэ талын хүмүүжил олгох нь туйлын чухал юм. Тэгж байж л хүүхэд бүхэн бага балчираасаа эх дэлхийгээ хайрлаж, зөв хүн болж төлөвших юм болов уу.

Мөн тус хурлын үеэр БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

Ц.Чулуунбаатар:  Ойн санг эзэмшүүлж, хамгаалуулах нь хамгийн зөв шийдэл

-Энэ жил олон улсын анхаарлын төвд түлээний мод бэлтгэлийг онцолсон байна. Манай улсын хувьд түлшний зориулалтаар хичнээн шоо метр мод хэрэглэж байна вэ?

-Сүүлийн гурван жил мод бэлтгэх дээд хязгаарыг нэг сая шоо метр гэж тогтоосон байдаг. Үүний 500  гаруй мянган шоо метр нь түлээний чиглэлээр бэлтгэгддэг. Тиймээс энэ өдөр түлшинд энэ их хэмжээний мод хэрэглэхийн оронд яаж үнэтэй бүтээгдэхүүн болгож болох вэ, цаашдаа ойн баялгаас олох орлогоос орон нутгийн иргэдийг хэрхэн дэмжиж, ажлын байраар хангах вэ гэсэн  асуудлуудыг тойрч ярьж байна.

Өнгөрсөн онд хийсэн Ойн тооллогын дүнд Монгол орны ой нь болц гүйцсэн, өсөлт буурсан, нөөцөөр ядмаг, бага ашиглагдсан гэж үзсэн. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, сайн өсөлттэй, бүтээмж өндөртэй ой модыг бий болгох нь хамгаас чухалд тооцогдож байна. Үүний тулд ойн тогтвортой менежментийг бий болгон хэрэгжүүлэх шаардлагатай.

-Тогтвортой менежментийн бодлогын хүрээнд ямар бэлтгэл ажил хийгдсэн бэ?

-УИХ-аас 2015 онд батлагдсан ойн талаар төрөөс баримтлах үндэсний бодлогын  онцлог нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойн тогтвортой менежментийг сууриа болгосон явдал юм .  Энэ хүрээнд 1281 ойн нөхөрлөл, 42  ойн анги, 800 гаруй ойн мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа.  Ойн анги, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага гэсэн менежментийн гурвалсан бүтэц бий болсноор  ойг хамгаалах, нөхөн сэргээх тогтвортой менежменттэй болж байна. Тухайлбал, ойн мэргэжлийн байгууллага орон нутагтаа үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмж, техниктэй байхад нь туслалцаа үзүүлж чадваржуулж байгаа. байгаа. Мөн жилийн төлөвлөгөөнд ойн цэвэрлэгээ, ойн бүтээмжийг сайжруулах, түлээний модыг зүй зохистой болгох ажил тусгагдсан.

-Ойн талаар төрөөс баримтлах үндэсний бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлагдсан уу

-Төрөөс баримтлах ойн бодлогын зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө ирэх сард бэлэн болно.

-Ойг хамгаалж, нөхөн сэргээх ажлыг дээр дурьдсан ойн анги, нөхөрлөлд ямар хэлбэрээр хариуцуулах юм бэ?

-Ихэнх улсад ойгоо  хувийн, төрийн гэж өмчилдөг. Харин манай улсад  ой бол зөвхөн  төрийн өмч байдаг. Тиймээс төрийн өмчинд  байгаа ойг мэргэжлийн баг, иргэдэд эзэмшүүлэн  хариуцуулж хамгаалах шинэ тогтолцоог гаргаж ирж байна. Ойн бүс нутагт амьдарч байгаа малчид, иргэд  сайн дурын үндсэн дээр нэгдэн тодорхой хэмжээний ойг өөрийн эзэмшилд аваад нөхөн сэргээх, хамгаалах хариуцлага хүлээнэ. Бас  ашиг хүртэх боломж бүрдэж байгаа юм. Мөн Ойн мэргэжлийн байгууллагуудад 4-5 чиглэлээр эрх олгодог. Тэд бас тодорхой хэмжээний ой эзэмшиж ойн бүтээмж, чанарыг сайжруулах, ашиглах эрхтэй болно. Энэ нь ойн санг хамгаалах хамгийн зөв шийдвэр.

“Олон улсын ойн өдөр”-ийн хүрээнд сурагчдын

дунд гар зургийн уралдаан зохион байгууллаа.

    

 

 

 

 

 

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.