Нар тоссон тал Сүхбаатар нутаг

2023-06-22 Амрах агшин

Аяны богц

 

Алдарт Шилийн богд, төрийн тахилгат Алтан овоо, Талын агуй, Ганга, Дуут нуур, Дагшин, Оргихын булаг зэрэг онгон тансаг байгальтай танилцаж, мянга мянгаар цугларах хунгийн чуулга, суурь сууриар бэлчээрлэх зээрийн сүрэг, шандаст хурдан хүлэг морьд, удам дамжсан уран дархчуудын дарьганга мөнгөн урлалыг үзэж сонирхоогүй монгол хүн ховор биз ээ. Их жанжны өлгий, эх орны зүүн өмнөд хязгаар нар тоссон тал нутаг Сүхбаатар аймгийн Шилийн богд уулын орой дээр өглөөний ургахын улаан нарнаар гарсан эр хүний хийморь сэргэдэг гэсэн уламжлал одоо болтол хэвээр хадгалагдсаар байна. Тийм ч учраас Сүхбаатар руу аялах цуваа жилийн ямар ч улиралд тасардаггүй хэмээдэг.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс 12 км-т орших салхины нүүдлээс үүссэн, хурмал элсэнд хаагдаж тогтсон нуур болон энэ орчмын нутгийн уулын хээр, говийн бүсийн шилжилтийн заагт орших эксистем, цэнгэг уст үзэсгэлэнт нуурыг хамгаалах зорилгоор 32860 га талбайг Ганга нуурын дурсгалт газрын ангилалаар хамгаалалтад авсан билээ. Ганга нуурын дурсгалт газрыг Дарьганга сумын нутаг дахь Алтан овоо, Наран сумын нутаг дахь Молцог элс орчмын газар нутгаар өргөтгөн УИХ-ын 2004 оны 22 дугаар тогтоолоор нийтдээ 62860 га талбай бүхий Дарьгангын байгалийн цогцолборт газрын ангилалаар өргөжүүлжээ. Ганга нуурын талбай бага боловч цэнгэг устайн дээр өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлдэг. Цоголборт газрын нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь хуримтлалын гаралтай элсэн тарамцаг бөөрөг элс юм. Энэхүү элсэн тарамцаг нь Молцог элс, Овоон элс, Холбоогийн баруун элс хэмээх гурван хэсгээс тогтоно. Цогцолбор газрын нутагт дэвсгэрт 50 гаруй зүйлийн амьтан нийтлэг байдлаар тархаснаас тоодог, тогоруу, ногтруу, шар шувуу, алаг шаазгай, тас, бүргэд зэрэг шувуу элбэг. Мөн Ганга нуур, Дуут нуур, Улаан нуур зэрэгт намар гангар хун хэдэн мянгаараа хуран чуулдаг онцлогтой.

Алтан овоо

Дарьгангын тэгш өндөрлөг тал нутаг дахь нэгэн алдартай уул бол Дарь уул буюу Алтан овоо юм. Дарьганга сумын төвийн дэргэд орших Алтан овоо бараа сүрээр намхан боловч алдар цуугаар өндөр, эртний сүлд тахилгатай уул юм. Алтан овоо тайж тахих ёс XIII зуунаас эхэлсэн гэж үздэг ба овооны онгон сүлд нь цагаан морь унасан хөлөг баатарын дүр бүхий бурхан сахиус юм. Алтан овооны орой дээр алтан ганжир бүхий мөргөлийн цагаан суваргатай бөгөөд овооны их тахилгыг дөрвөн жилд нэг удаа хийж, жил бүрийн хавар намар нутгийнхан тахидаг. Их тахилгын үеэр эрийн гурван наадам хийдэг. Алтан овооны дэргэд МЭӨ X-XIII зууны үед бүтээсэн эртний хүн чулуун хөрөг бий. Түүнийг нутгийнхан хаан, хатан, хүү хөрөг гэж нэрлэдэг. Мөн Алтан овооны эгц урд тал руу гарсан замыг Торой Бандийн зам хэмээн нэрлэдэг.

Бичигтийн шахаа

Энэ газар нь одоогийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 40 гаруй км зайд бий. Зүүн талаасаа огт мэдэгдэхгүй цэлийсэн тал үргэлжилж байгаад гэнэт доош цөмрөх мэт эгц буусан замаар зуугаад метрийн өндөртэй, 90 градусын эгц налуутай, нэг км хиртэй үргэлжилсэн хадан хясаа байдаг. Буу зэвсэг ховор байсан эрт үед хүмүүс энэ сонирхолтой хясааг ашиглан зээр гөрөөсийг сууриар нь шахан оруулан агнадаг байжээ. Ийм учраас шахаа нэрийг олсон хэмээх домогтой. Бичигтийн гэж тодотгон нэрлэсний хувьд уг хадан хясааны эгц энгэрүүдээр их хэмжээний бичиг дурсгал үлдсэнээс “Амьтныг ингэж үүрээр нь сүйтгэж болохгүй” гэсэн харууслын бичээс байсан гэсэн домог байдаг.

Хөргийн хөндий

Бичигтийн шахаанаас баруун доогуур хоёр км зайтай, урдаас хойш чиглэсэн их хөндийг Хөргийн хөндий гэдэг. Энд долоон хүн чулуу байдаг ба хүн чулуунуудын домог Бичигтийн шахаатай холбоотой. Тухайлбал, эрт үед энэ нутагт эмэгтэйчүүдийг дур сэтгэлгүй эрчүүдэд богтлон өгөх ёс ноёрхож байжээ. Дээрх хөшөөнүүд тэр үед богтолгоонд өртсөн зарим эмэгтэйчүүдийн эмгэнэлтэй явдалд зориулагдсан юм гэсэн домог байдаг. Учир нь шийдэмгий зоригтой эмэгтэйчүүд энэ хясаан дээр ирж нисэж үхдэг байжээ. Дарьганга нутагт Монголын эртний түүх, соёлд холбогдох хүн дүрст 51 чулуун хөрөг бүртгэгдсэн байна. Эдгээр чулуун хөрөг нь Дарьгангын хээр хөдөө тархан оршино. Судалгаагаар эдгээр хүн чулуун дурсгалууд нь XIII зууны үеийн Монголын хаад хатадын нас барсны дараах дурсгал, тахилгын зан үйлд зориулсан хөшөө болох нь тогтоогдсон.

Талын агуй

Бичигтийн шахаанаас зүүн урагш 20 км зайд манай улсын томоохон агуйнуудын нэг болох Талын агуй байдаг. Уг агуй нь 193 метр урт бөгөөд долоон том тасалгаатай, тасалгаа бүр нь толь шиг гялалзсан мөсөн шал, пааландсан мэт хүрмэн чулуун ханатай. Агуйд ганц хүн мөлхөж орох бөгөөд цааш явах тусам томорч босоогоороо явах боломжтой болдог.

Шилийн богд уул

Эртний уул тогтох хөдөлгөөний үед энэ нутгийн газрын цардсанд зүүн хойноосоо баруун урагш чиглэн тогтсон 5-6 эгнээ их ан цаваас үүссэн байна. Тэрхүү ан цаваар галт уулс оргилон дэлбэрч байгаад далайн түвшнээс дээш 1150-1700 метр өндөр бүхий Дарьгангын тойрог үүсчээ. Их талын эгнээ болон тогтсон энэхүү олон галт уулыг эгнүүлэн өрсөн шатар гэж үзвэл байгалийн уран сийлбэрт шатрын ноён нь эртний домогт Шилийн богд уул болох юм. Нутаг усандаа хамгийн ноёлог нь болох энэ уул /1778 метр/ хүнд бэрх цагийн үед хаад ноёдын дарлалыг эсэргүүцэн тэмцэж явсан сайн эрсийн хорогдон бүгэх орон байр болсноороо эртнээс зартай. Энэ уулын орой дээр ургахын улаан нарнаар гарсан эр хүний хийморь сэргэдэг гэсэн уламжлал одоо болтол хэвээр хадгалагдсан байна.

Түүхийн дурсгал, археологийн олдвор

Сүхбаатар аймаг нь түүх соёлын дурсгал ихтэй. Тухайлбал, Монгол нутагт эрт үеэс хүн амьдарч байсан бүх үеийг илтгэх хүрлийн үеийн булш, хүрэл зэвсэг, 20 гаруй мянган жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн үеийн үйлдвэрийн суурь, XIII зууны түүхтэй холбогдох хүн чулуун дурсгал хэдэн арваараа бий. Хөрөг хөшөө чулуу Дарьганга, Наран сумын нутагт гэхэд л Дарь овоо, Хөргийн хөндий, Хөшөө цайдам, Хонхор шүүт, Хунт ухаа зэрэг газарт 20 гаруй байдаг.  Мөн Онгон сумын Тавантолгойн Дунд овоотын энгэр хэмээх газар 2004 онд хийсэн малтлагаар Хүннү булш олноор олджээ. Тухайлбал, морьтой эмэгтэй хүн урд өмнө тоногдоогүйгээр олдсон байна. Эмэгтэйн баруун зүүн гараас олдсон алтан багжүүдийн дотор талд нууц байдалтайгаар дүрсэлсэн цагаан шонхор шувууны зураг байсан нь Чингис хааны алтан ургийн холбогдолтой гэдгийг илэрхийлж байв.

Мөнгөн урлал

Дарьгангын мөнгөн урлалын уламжлал Монгол даяар зартай. Дарьганга нутгийн алдарт дархчуудын шүр, сувьд, эрдэнийн чулуугаар чимэглэн урлан бүтээсэн алт мөнгө, үнэт эдлэлийн хэлбэр, хийц, намба төрх, бат бөх өвөрмөц онцлог нь дэлхийд ч гайхагдахаар хосгүй сайхан билээ. Дарьгангын дархчууд мөнгөөр эмээл, хазаар, хударга, хэт хутга, аяганаас гадна сам, дарлага, бөгж, бугуйвч, шүдэнз, савангийн гэр, тамхины хайрцгийг маш уран хийцтэйгээр шүр, тана, сувд шигтгэн урладаг байжээ.
Дарьганга дархчуудын олон үе дамжин баяжуулсан нарийн ур хийц, туурвин бүтээх уламжлалт арга барил бусдаас содон өөр байдаг. Тэдний урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганаас хээ угалзны дан болоод давхар сүлжээ, хаж, самнаа, хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвээхийг ухаж сийлбэрлэн гаргасныг тодхон харж болно. Тухайн мөнгөн эдлэлийг чимэглэж буй хээ угалзны зохиомжийг маш нарийн арга ухаанаар урлан гүйцэтгэдэг ур ухааны цогцолбор чадамжаар Дарьганга хийц бусад газрын мөнгөн урлалаас тод ялгарч байдаг.

Г.Батзориг

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.