Э.ОЮУНТЭГШ: ОХУ-тай ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ хэлэлцээр байгуулах алхам эхэллээ

2017-10-18 Ярилцлага

 

Жил бүрийн арваннэгдүгээр сард “Орос-Монголын найрамдлын сар” тохиолдог. Энэ үеэр парламентын бүлгийн хурал, бизнес форум, үзэсгэлэн гээд олон төрлийн арга хэмжээ зохиогддог. Энэхүү аяны хүрээнд хийгдэж буй ажил болон Монгол-Оросын харилцааны зарим сэдвээр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгштэй ярилцлаа.

-Энэ оны найрамдлын сарын аян нээлтээ хийлээ, олон төрлийн үйл ажиллагаа зохиогдож байна. Бизнес эрхлэгчдэд холбогдох талаас ямар ажлууд хийгдэж буй талаар тодруулна уу?

-Орос Монголын найрамдал, хамтын ажиллагааны сарын хүрээнд Орос Монголын бизнес чуулганыг зохион байгууллаа. Москвагаас Их хурлын гишүүд, холбооны зөвлөлийн гишүүд, эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Калашников тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Орос Монголын парламентын бүлгийн хурал, Орос Монголын бизнес уулзалт, “Орост үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа. Түүнчлэн соёл урлагийн хамтарсан арга хэмжээ, уран гимнастикийн тэмцээн зэрэг соёлын арга хэмжээ боллоо. Бизнес уулзалтад ОХУ-аас 50 гаруй бизнесийн төлөөлөл оролцож худалдаа эдийн засгийн түншлэл, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал ярилцлаа. Миний бие бүс нутгийн худалдаа чөлөөт бүс, Алтанбулаг чөлөөт бүс, Оросын онцгой бүсийн талаар салбар хуралдаан зохион байгуулсан.

-Алтанбулагийн чөлөөт бүс гэж олон жил яригдсан ч төдий л ахиуц багатай байгаагийн шалтгаан юу вэ?

-Оростой хил залгаа Алтанбулгийн чөлөөт бүсэд Оросын талаас хийгдсэн зүйл байхгүй. Тиймээс Оросын тал хөрөнгө гаргаад 500га талбайг авч тохижуулан, дэд бүтцийг шийдвэрлэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаас ярилаа. ОХУ-ын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар 15 хүний бүрэлдэхүүнтэй манай улсад байнга ажиллахаар болсон. Хамтын ажиллагааны эхлэл болгож Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсүүдийн захирагчийн ажлын албаныхан, Оросын талаас чөлөөт бүсэд газар авч байгаа “Бизнес контакт” компани, “Орост үйлдвэрлэв” үзэсгэлэнг зохион байгуулсан Сибирийн эдийн засгийн хамтын ажиллагааны ассоциаци уулзалт зохион байгууллаа.Гурван чөлөөт бүсийн үйл ажиллагааг хэрхэн уялдуулах вэ, Орос Хятадын эдийн засгийн коридорын төсөл хэрэгжих гэж байна. Усан цахилгаан станц, эрчим хүч, төмөр зам хэрхэх вэ төслүүд яригдаж байгаа, үүнд хувийн хэвшлээ хэрхэн татан оролцуулах, чөлөөт бүсээр хэрхэн дамжуулах талаар ярилцлаа. Тухайлбал Замын-Үүдийг Алтанбулагийн чөлөөт бүстэй уялдуулъя, Сибирийн бүс нутгийнхан Манжуур руу явдаг. Жилдээ давхардсан тоогоор сая хүн явдаг, тэр урсгалын ядаж 10 хувийг авъя. Хятадаас бараа авах гэсэн л урсгал явагдаж байна. Алтанбулгийн чөлөөт бүс нээгдээд 100 мянган хүн нь манай хоёр чөлөөт бүсээр дамжаад эхлэхэд тэр хэрээр бүсүүд хөгжинө. Оросын жижиг компаниуд дангаараа орж ирэхээс хаширладаг юм байна. Оросын бүс нутгийн 100 га талбай өгье, Алтанбулгийн чөлөөт бүсийн захиргаа, Оросын Засгийн газар, бүс нутаг нь зохион байгуулаад эхлэвэл Оросын компаниуд орж ирнэ. Оросын Засгийн газар, Эдийн засгийн яамаараа дамжуулан хөрөнгө оруулалт оруулаад, Хиагт дээр энэ жилдээ багтаагаад орж гарах коридороо өргөтгөн нэг шугам нэмж байгаа. Ингэвэл Хиагтаар орж гарах хөдөлгөөний ачаалал буурна. Урсгал хүнд суртал багасна гэх зэргээр давуу талаар ярилцлаа.

– Манай хоёр орны гадаад худалдааны эргэлт ямар байна вэ, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна гэж сонслоо?

-Өнөөдрийн байдлаар ОХУ-тай эхний 9 сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 850 сая ам.доллар, энэ нь манай гадаад худалдааны эргэлтийн 11 хувь, ОХУ аас импорт 95 хувь байдаг. Харин экспорт 5 хувь байдаг. ОХУ руу манайх голдуу мах экспортлодог. Маш олон зөвшөөрөл лиценз, тарифын бус зардал, 40-46 хувийн гаалийн болон онцгой татвартай.ОХУ-ыг татвараа буулгаач гэхээр бид дангаар шийдэх боломжгүй, гаалийн холбоогоор шийднэ гэдэг. Орос, Беларусь, Казакстан нийлж гаалийн холбоог байгуулсан. ОХУ руу гарахад нөгөө хоёр руу гарсан гэсэн үг. Гаалийн холбоо өргөтгөөд Киргизстан, Армян зэрэг улсууд ороод Евразийн эдийн засгийн холбоо гэсэн Москвад төвтэй байгууллага болсон. Тиймээс ОХУ-тай биш энэ таван оронтой зөвшилцөж ярилцана гэсэн үг. 2016 оноос хойш дөрөв дэх удаагаа хурал хийлээ. Энэ удаагийн хурал өргөн бүрэлдэхүүнтэй болж байна. Москвагаас Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков, Евразийн эдийн засгийн комиссын эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов нар хүрэлцэн ирсэн. Гадаад худалдааны асуудал, тээвэр дэд бүтэц, худалдааны бичиг баримтуудыг зохицуулах ажлууд хийгдэх юм. Энэ ажлууд хийгдэхийн өмнө Евразийн эдийн засгийн комисстой манай МХЕГ, СХЗГ хамтын ажиллагааны гэрээ зурлаа. Мөн тээвэр дэд бүтэц эрхэлсэн сайдтай манай ЗТХЯ гэрээ зурсан.

-Холбогдох гэрээнүүдэд гарын үсэг зурагдсан юм байна. Дараагийн шатны ажил юу вэ?

-Дараагийн шатны ажил гэвэл ЕЭЗК-ын бүх орны төлөөлөл орсон зөвлөлдөх хороогоор Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах эсэхээ шийдэх юм. Евроазийн эдийн засгийн комисс 12 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах бэлтгэл ажил эхлэнэ. Өнөөдрийн байдлаар Евразийн эдийн засгийн холбоотой 22 улс чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Одоогоор ганцхан Вьетнамтай байгуулсан, гурван жил бэлтгэл хангасан юм байна. Манай улсын хувьд арай дөхөм байх болов уу. Манай улсын стандартууд ЗХУ-ын стандартуудаас боловсруулагдсан учир тэр л дээ. Хамгийн гол нь мал эмнэлэг, хорио цээрийн албаны бичиг баримтуудаа тэр орны стандартад нийцүүлсэн байх ёстой. Тэгвэл тарифын болон тарифын бус бэрхшээлүүд багасаж, таван орон руу бараа экспортлох боломжтой, гадаад худалдааны балансын зөрүү багасна. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь чухал байна, алхам алхмаар хийгдэж байна.

– Ярилцсанд баярлалаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.