Г.Дамдиннямын худал ярианы үр дүнг монголчууд хүртэж байна

58 минутын өмнө slider

Улс орноороо шатахуунгүй болох шахаад хэд хонолоо. Гэтэл энэ бүхнийг толгойгоороо хариуцах ёстой сайд Г.Дамдинням нь Ерөнхийлөгчийг дагачихсан гадаадад инээд алдаад явж байх юм. Энэ хүнд ер нь улс орны хамгийн чухал салбарыг удирдах чадвар ч, сэтгэл ч байхгүй бололтой. Нэг хэсэг ард түмнээ баахан загнаж даапаалсан. Та нар л банкаа дүүргээд байгаа учраас зохиомол хомсдол үүсээд байна. Оросоос шатахуун тасралтгүй орж ирж байгаа. Шатахууны нөөц хангалттай бий, санаа зоволтгүй гээд юу эсийг ярьсан гэх вэ. Харамсалтай нь түүний ярьсан энэ бүхэн худлаа байж. Хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд монголчууд Г.Дамдинням сайдын худлаа ярьсны горыг амсаж байна. Хөдөөд малчид нь малынхаа араас явж чадахгүй. Орон нутгийн замд гарсан хүмүүс таг зогсож, осгож үхэх эрсдэлтэй нүүр тулж байна. Тэр ч бүү хэл улсынхаа нийслэлд өнөөдөр хэдэн цагаар дараалалд зогсож, яг хамраараа тасдуулсан, бензинийх нь шар гэрэл асчихсан уур бухимдалтай хүмүүс л бий боллоо. Дээрээс нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд маань өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы хуралдаан дээр өмнө худлаа ярьдаг байснаа өөрийнхөө үгээр нотолсон. Тэрбээр “… сая ингээд АИ-92-ын хомсдол бий болж байх үед аль шатахуун түгээх станцад хэдий хэмжээний нөөц байгааг бид мэдэхгүй…” хэмээн хэлсэн. Тэгэхээр ард түмнээ загнаж, зандарч байх үед нь л манай улс шатахууны хомсдолд орчихсон байжээ.

Одоо ингээд нэгэнт бодит байдал бий болчихлоо. Шатахууны хомсдолд улсаараа орсон нь маргашгүй үнэн. Дизель түлш бүр нүдний гэм болсон. Ийм цаг үед уг нь салбарынх нь сайд хаа байсан Италид хүн дагаж навсганах биш, хоёр хөрштэйгөө өдөр шөнөгүй холбогдож, бүр болохгүй бол өөрийн биеэр очоод өлмийд нь сөгдөж мөргөөд ч хамаагүй наймаа худалдаа хийж байх үүрэгтэй хүн. Бид өнөөдөртөө хойд хөршөөсөө л түлш, шатахуунаа авч байна. Тэгвэл өмнөд хөрш гэж далай шиг баян орон байхад тэндээс шатахуун аваач дээ. Үнэ өртөг нь их байвал тэрүүгээр нь л зарна биз. Байж л байвал тэгээд хэр чинээгээрээ хэрэгцээгээрээ л авах байлгүй дээ. Байхгүй байх чинь л хамгийн гутамшигтай байна. Ер нь ингээд “Худалч хүний нээрээ олон” гэдэг шиг сайдынх нь бэлэн амлаж хүн хуурч байгаагаас болж энэ Засгийн газарт итгэх итгэл гэрлийн хурдаар буурч байна. Бензиний хоосон сав шиг худлаа хонгиносон сайдуудтай байхаар тэгэхээс ч яахав. Саяхнаас бас ЗГХЭГ-ын даргатайгаа албан тушаал булаацалдаж, үгээр толхилцоод эхэлсэн гэдэг хов яваад байсан. Хэвлэл сошиалд яваад байгаа шиг засаг нь заадал бүрээрээ салчихаад байгаа л биш юм бол ийн худал ярьж ард түмнээ шилний цаанаас чихэр долоолгох гэж гүйдэг сагсалзуур сайдуудаасаа эртхэн салсан нь өлзийтэй байх аа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.