Г.Дөлгөөн: Банкууд хуулийн зохицуулалтаар хувьцаат компани хэлбэрт шилжинэ

2021-01-29 Эдийн засаг

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ удаа хуульд голлох ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Банкны тухай хуульд 2018 онд 45 хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бол одоо 15 хувьд нь нэмэлт, өөрчлөлтийг хийхээр хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Үүнд дараах үндсэн дөрвөн зарчмыг баримтлан өөрчлөхөөр төсөлд тусгасан байгаа.

Нэгдүгээрт, банкийг нээлттэй болгох. Банкны системийн хэмжээнд нийт 12 банк үйл ажиллагаа явуулж байна. Үүний таван банк нь банкны системд нөлөө бүхий банк байна. Тус банкууд хуулийн зохицуулалтаар 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх үүрэгтэй болно. Харин бусад банкуудад нээлттэй эсхүл хаалттай хувьцаат компани байх сонголт хийх эрхийг нээлттэй үлдээнэ. Өөрөөр хэлбэл, хувьцаат компани хэлбэрт шилжих юм.

Хоёрдугаарт, хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулна. Энэ нь банкны шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажил бөгөөд нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Тус зохицуулалтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хуулийн шаардлагын дагуу гүйцэтгэсэн байх ёстой. Энэ нь хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулна.

Харин Төрийн өмчийн оролцоотой банкийг хувьчлах тухай асуудал бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулагддаг бөгөөд энэ үйл ажиллагаа нь Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарах харилцаа байдаг. Тиймээс үүнтэй холбоотой асуудлыг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Засгийн газраас хуульд заасан хугацаанд бүх банкны адил хувьцаат компанийн хэлбэрт шилжих болон бусад арга хэмжээг хуульд заасны дагуу шийдвэрлэх талаар тусгасан байгаа.

Банкууд IPO гаргаснаар банкны үйл ажиллагаа ил тод нээлттэй болж, хяналтын тогтолцоо илүү боловсронгуй болох, банкны засаглал сайжрах, санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэх зэрэг банк, санхүүгийн салбарын экосистемийн тогтвортой хөгжлийг дэмжих боломж бүрдэх юм.

Гуравт, банк татан буугдсан үед төлбөр барагдуулах дарааллыг ойлгомжтой болгох, хуримтлалтай иргэн, өрхийн хууль ёсны эрхийг хамгаалахад чиглэсэн байдлаар оновчтой байлгах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Нийтлэг дагаж мөрддөг зарчмын хувьд төлбөр барагдуулах дарааллын тэргүүн хэсэгт тухайн банкны эрх хүлээн авагчийн зардал гарахаар туссан байдаг. Одоо хүчин мөрдөгдөж байгаа Банкны тухай хуулиар төлбөр барагдуулах дараалалд иргэн, аж ахуйн нэгжийг тусад нь зохицуулах нь маргаан дагуулсан асуудлууд үүсгэх тохиолдолд байдаг хэдий ч, хуримтлалтай иргэн, өрхийн хууль ёсны эрхийг хамгаалах үзэл баримтлалын хүрээнд иргэд тэргүүн ээлжинд хадгаламж болон харилцах дансанд байгаа өөрийн мөнгөн хөрөнгийг хуулийн этгээдийн өмнө буюу тэдгээрээс тэргүүн ээлжинд авах зохицуулалтыг тусгаж өгсөн. Дараа нь хуулийн этгээд, түүний дараа Засгийн газар, УИХ-ын харьяа байгууллагууд гэх зэргээр төрийн байгууллагууд байхаар төлбөр барагдуулах дарааллыг нарийвчлан тусгалаа.

Дөрөвдүгээрт, банкны систем дэх нөлөө бүхий банкны тодорхойлолтыг нарийвчилан боловсронгуй болгон хуульчилахаар тусгаж өгсөн. Системд нөлөө бүхий банкуудтай холбоотой асуудлыг Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд тусгайлан хуульчилсан байдаг. Одоогийн байдлаар нийт системийн таваас дээш хувийг эзэлж байгаа бол системийн нөлөө бүхий банк гэж тооцогддог. Харин энэ зохицуулалтаар ганцхан зах зээлд эзлэх хувиар бус банкны хөрөнгө, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал, мөн харилцагчдын тоо бусад хүчин зүйлсийг баримтлан энэ тодорхойлолтыг боловсронгуй болгож байна. Мөн ОУВС-ийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаанд банкны системд томоохон үнэлгээ, дүгнэлт хийсэн. Энэ үнэлгээ, дүгнэлтийн хүрээнд хийгдэж байгаа чухал ажлуудын нэг юм.

-Банкуудыг нээлттэй болгоход хөрөнгийн зах зээл бэлэн үү гэдэг асуудал яригдаж байна. Энэ талаар?

-Улсын Их Хурлаас Дэд ажлын хэсгийг банк, санхүүгийн салбарын үндсэн зохицуулагч байгууллага болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл мөн Монголын банкны холбоо зэрэг энэ салбарын олон талын оролцогчдын төлөөллийг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байгаа. Хөрөнгийн зах зээл нийт санхүүгийн системийн 10 хүрэхгүй хувийг л эзэлж байгаа. Банк нээлттэй компани болж, санхүүгийн зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, шинэ бүтээгдэхүүн гаргаснаар санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэж, энэ зах зээлийн хөгжилд маш том хувь нэмэр оруулна гэж харж байгаа. Харилцагч нар зөвхөн банкинд мөнгөө хадгалуулах бус хөрөнгийн биржээр дамжуулан тухайн аж ахуйн нэгжийн хувьцааг авснаар өөрийн санхүүг төлөвлөх, санхүүгийн салбарын мэдлэг мэдээлэл нэмэгдэх, ногдол ашиг болон бусад үр шимийг хүртэх бүрэн боломжтой болно. Тэгэхээр банкнаас хэт их хамааралтай санхүүгийн зах зээлийг задалж, хөрөнгийн биржийг хөгжүүлэхэд энэ хууль тодорхой ач холбогдолтой. Хөрөнгийн бирж дээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд үүнийг нэлээд таатай хүлээн авч байгаа.

Гэхдээ бид бүхэн үндсэн зарчим, суурь зохицуулалтуудаа хэвээр хадгалж шинэчлэлтэй холбоотой эхний суурь алхмаа хийнзохицуулагч байгууллагууд болох Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо болгоомжтой хандах нь зүйтэй. Нөхцөл байдлаас хамаараад тодорхой үнийн дүнтэй арилжааны хувьд хяналтын уян хатан бодлого, тогтолцоог хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ ФАТФ-аас тавигдаж байгаа шаардлага, шалгуурыг тогтмол ханган хэрэгжүүлж, үр дүнтэй тогтолцоог хэвийн үргэлжлүүлэх учиртай. Бид ФАТФ-ын саарал жагсаалт болон Европын холбооны хар жагсаалтаас гараад удаагүй байгаа хэдий ч удахгүй дахиад харилцан үнэлгээ хийгдэж, үнэлгээний баг ирэх учир аливаа мөнгөний урсгалд бид байнгын хяналт тавьж ажиллах болно.

Эх сурвалж: Монголбанк

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.