Д.ШҮРХҮҮ: БОДИТ АЖЛУУДАА ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

2017-10-17 Ярилцлага

Монгол Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Д.Шүрхүүтэй ярилцлаа.

– Та сая болж өнгөрсөн Экспогийн үеэр Хятад-Монгол-Оросын “Эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтын форумын гол илтгэгчдийн нэг байлаа. Энэ форумын ач холбогдол, үр дүнг хэрхэн дүгнэж байна, Монголын талын ашиг сонирхол юу байна?

– Хятад-Монгол-Орос гурван улсын “Эдийн засгийн коридор” хөтөлбөр байгуулагдаад хоёр дахь жилдээ явж байна. Эдийн засгийн коридорын үр дүнг Монгол Улсын хувьд юун түрүүнд дэд бүтэц, далайд гарах гарц, ялангуяа уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ гурав дахь орон болон дэлхийд гаргах гарц гэж үзэж, энэ тал дээр илүү их анхаарч байна.БНХАУ болон ОХУ-ын хувьд дэд бүтцээс гадна эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн бусад олон чиглэлийн асуудалд анхаарч байна. Монголын талаас түлхүү анхаарч байгаа зүйл бол юун түрүүнд дэд бүтэц. Тийм учраас бодит үр дүнд хүрэх, бэлэн байгаа төслүүдээ, тухайлбал, Алтанбулаг-Замын-Үдийн чиглэлийн транзит шугамынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Үүнээс гадна хоёр, гурван чиглэл байна.

Алтанбулаг-Замын-Үдийн чиглэлийн транзит шугамынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Уул уурхайн том ордуудаасаа гадагшаа, далайд чиглэсэн дэд бүтэц барих, баруун болон зүүн босоо тэнхлэгүүдээ барих, аж үйлдвэр болон эрчим хүч, бусад салбаруудаа хэвтээ холбох хэрэгтэй байна. Огт орхигдоогүй боловч хоцорч яваа нэг зүйл бол гурван улсын гэрээ хэлцэл, зөөлөн дэд бүтэц, үйлчилгээ, ложистикийн асуудал байна. Зам барьчихвал, төмөр зам, хоолой барьчихвал бүх юм болчихгүй л дээ. Тэр чинь хилээр нэвтэрнэ, үнэ тариф, үр ашиг гэж байна, үйлчилгээний улсууд нь хаана байна? Гэх мэтчилэн олон талын судалгаа дутуу байна. Цаашдаа бид коридорыг яавал үр ашигтай болгох вэ, Монгол Улсад ямар үр ашигтай вэ, ер нь дэлхийд өрсөлдөх хэмжээний үйлчилгээг бий болгохын тулд үнэ тариф нь ямар, хууль эрх зүйн зохицуулалт нь ямар байх вэ гэх мэтчилэн улс хоорондын зохицуулалтын энэ ажлуудыг яаралтай хийх хэрэгтэй. 2018 онд авто замын транзит тээвэр эхлэх гэж байна. Энэ бас сайн жишээ, үлгэр болж өгнө. Тийм учраас бодит ажлуудаа эхлүүлж, үүнийг дагасан судалгаа шинжилгээ, үнэлгээ дүгнэлтийг хийх ёстой.

-Коридор дээр хөрш орнууд маань ямар сонирхол илэрхийлж байгаа вэ?

-Тухайн улс орнууд тухай тухайн чиглэлдээ өөр өөрийн хүсэл сонирхолтой байна. Тухайлбал, Хятад улс энэ коридорыг “Нэг бүс нэг зам” бодлогынхоо хүрээнд таван чиглэлээр ижил тэнцүү явуулах сонирхолтой байна. ОХУ бол Европын эдийн засгийн холбоо, Алс Дорнодтой холбох, дээр нь Монгол Улс дахь уламжлалт гео стратегийн бодлогоо алдахгүй байх сонирхолтой байх жишээтэй. Ийм учраас яг нарийвчилсан нөхцөл шаардлагуудыг Засгийн газрын түвшинд болон гурван талт уулзалтууд дээрээ тавьж байгаа байх. Эхний жишээнүүдээс харахад авто зам уу, транзит тээвэр, эсвэл төмөр зам уу гэдэг нь тодорч эхэлж байна. Нөхцөл шаардлагууд аажмаар хувьсан өөрчлөгдөж байж гурван талын тохиролцоонд хүрч байна л даа.

-Тухайлбал?

Хятадын хувьд нарийн царигийг аль болохоор Монголын гүн рүү оруулах, зардлаа бууруулах сонирхолтой байхад Оросын тал Алс Дорнодын боомтууд руугаа түлхүү татах сонирхолтой байна.

-Эдийн засгийн коридорыг зөвхөн баруун бүсээр явуулна гэж авто замаа тохирч байсан бол гурван тал хэлэлцсэний үр дүнд Азийн авто замын сүлжээгээр оруулах жишээтэй.Туршилтын тээвэр хийсний үр дүнд хаанаас бензин авах, хаана бараа бүтээгдэхүүнээ солилцох, ямар журмаар авто тээврийг явуулах, үнэ тариф ямар байх гэх мэтчилэн зүйлүүд тодорч эхэлж байна. Дараачийн яаралтай хийх ёстой ажил нь төмөр замын хэлэлцээрийг эхлүүлэх ёстой, яг энэ авто замын загвараараа. Энэ үед Хятад, Оросын сонирхол гарч ирж байна. Жишээлбэл, Хятадын хувьд нарийн царигийг аль болохоор Монголын гүн рүү оруулах, зардлаа бууруулах сонирхолтой байхад Оросын тал Алс Дорнодын боомтууд руугаа түлхүү татах сонирхолтой байна. Монголын хувьд энэ чиглэлүүдээс хамгийн хурдан үр дүнгээ өгөх, нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалуудаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ үнэ хүргэх чиглэлийг түлхүү анхаарч таарна. Мэдээж ашиг сонирхлоо дагаж хөрөнгө оруулалт орж ирнэ, харилцан тохиролцоо, буулт хийнэ. Энэ бүх юмаа тооцсоны үндсэн дээр хөрш хоёр оронтойгоо эхний ээлжинд коридор, транзит тээврээ тохироод цаашдын алхам нь далайн орнууд рүү хүрэх шүү дээ. Ийм л дэс дараатай алхам хийх хэрэгтэй байна л даа.

– Танд баярлалаа.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.