33-ын бүлгээс томилогдох сайд нарын нэр өөрчлөгдөхгүй

2017-10-11 Нийтлэл

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдохдоо “Өвлийн цагт сандал, ширээ зөөхгүй” гээд л том дуугарсан шүлс нь хатаж амжаагүй шахам байхад л санаснаар биш дээ хорвоо л болчихлоо. Гэхдээ ч хүйтэн нойтон улирал гэж бодсон уу, яасан хүний өөрийн хэдэн нөхөддөө нэг нэг сайхан “давхар дээл” зэхэж. Харин дээлнийхээ оронд цалин хөлс өгөхгүй ажиллуулах лүндэн буулгасан юмсанж. Тэгсэн ч горилогсод шинэ бүрэлдэх танхимд хүчээ өгье, улс орныхоо төлөө зүтгэе гээд л чичрээд байх юм. Ай хөөрхий, өгөө авааны авшиг энэ хүнийг дэндүү муухай харагдуулаад эхэллээ шүү.

Уг нь У.Хүрэлсүхийг энэ суудалд томилогдоход ард түмэн харьцангуй таатай хүлээж авсан. Түүнийг ардын хүү гэж итгэсэн. Гэвч тэр “60 тэрбумын багийнхан”-тай Засгийн газрын зарим гишүүнийхээ суудлыг наймаалцаад эхэлсэн нь олон нийтэд эргэлзээ төрүүлж эхэллээ. Сошилд түүнийг муугаар хэлэх болов.

Юутай ч 32-ын бүлгийн боссын илгээсэн ажиллах хүчнээс энэ хүнд таалагдах нь ердөө л хоёр байна гэх шив. Өчигдөр Төрийн ордонд шөнө дөл болтол хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн оруулж ирсэн багийн танилцуулгыг сонсчээ, “ах” намынхан. Түүний зүгээс 15 сайдын нэрийг бүлэгт танилцуулж, дөрвөн сайдыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, сайдаар томилохгүй гэдгээ хэлсэн байна. Тодруулбал, Шадар сайдад нэрийг нь дэвшүүлсэн Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайдад нэрийг нь дэвшүүлсэн Н.Цэрэнбат, Байгаль, орчин, ногоон хөгжлийн сайдад нэрийг нь дэвшүүлсэн О.Содбилэг, Барилга, хот байгуулалтын сайдад нэрийг нь дэвшүүлсэн Х.Баделхан нараас Ерөнхий сайд татгалзжээ.

Тэгэхээр Михайлд бодсон юм бий гэж. Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн 33-ын бүлгээс томилох сайд нарын нэрс өөрчлөгдөхгүй гэж байсан ч Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг томилохоор болжээ. Бусад сайд нарын хувьд нэрс нь өөрчлөгдөхгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Юутай ч аман тохироогоор бүрдээд буй танхимынханы нэрсийг тодруулж байна.

  1. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
  2. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
  3. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
  4. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
  5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  6. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
  7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
  9. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

 Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй 32-ын бүлгээс санал болгосон сайд нарын нэрс ингэж өөрчлөгдөх товтой байгаа талаар Төрийн болон Тусгаар тогтнолын ордонд ярьж байна:

  1. Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан-Ё.Баатарбилэг
  2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг-Н.Цэрэнбат
  3. Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбат- Н.Энхболд
  4. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
  5. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан
  6. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

О.МӨРӨН

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.