-Үүрэг гүйцэтгэгчдийн сүүлчийн томилгоог шүүх түдгэлзүүлж, Төрийн албаны зөвлөл буруутгалаа-
Төрийн албаны зөвлөлөөс ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбатад хуулийн хэрэгжилтийг хангах тухай албан бичиг илгээсэн байна.
Уг албан бичигт “…Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.1, 35.4-т заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/1357 тоот албан бичиг захиалгыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтыг 2016 оны наймдугаар сарын 25-ны өдөр зарлаж, 2016 оны есдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан.
Уг нээлттэй сонгон шалгаруулалтын дүнгээр иргэн С.Батбаатар, Ж.Болормаа, Б.Баярсайхан, Ж.Даваадулам нарыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэж, хамгийн өндөр оноо авсан иргэн Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 113 дугаар тогтоолоор нэр дэвшүүлсэн болно.
Төрийн албаны зөвлөлийн уг тогтоолыг үндэслэж иргэн Б.Баярсайханыг Засгийн газрын 2016 оны 115 дугаар тогтоолоор БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон.
Засгийн газрын 2017 оны 217 дугаар тогтоолоор Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд Б.Баярсайхан уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Баярсайханы гаргасан нэхэмжлэлийг хянан үзээд тус шүүхийн шүүгчийн 2017 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 128/Ш332017/5193 дугаар захирамжаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Б Баярсайханы нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэрэгт Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 217 дугаар тогтоолын биелэлтийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ.
…Тэгэхээр төр түмэн нүдтэй хойно энэхүү хууль бус томилгоог хуульд хэрхэн нийцүүлэх ёстойг болгоож буй биз ээ. Ямартай ч БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормааг чөлөөлж таарах юм байна. Цаашлаад хууль журмаа сахиж, шударга ёсыг тогтоохоор ажиллах шинэ Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн эхний шийдвэрүүдийн нэг нь энэ байх бололтой.
Дашрамд дуулгахад, Төрийн албаны зөвлөлөөс эл асуудалд “Иргэн Ж.Болормааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон Засгийн газрын энэхүү шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35’1, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 34, 40 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн байна. Иймд Ж.Болормааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 291 дүгээр тогтоолыг хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авна уу” гэжээ.
О.МӨРӨН
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.